Үглэлт ба залхалт

…Хоолоо бэлтгэж байсан эхнэрийнхээ дэргэд нь ирсэн нөхөр нь хийж буй ажил руу нь анхаарч хандсанаа “Чи наад махаа нимгэхэн өшиглөөч”, “Ногоогоо яасан бүдүүн хэрчсэн юм бэ?”, “Давс чинь ихдэх юм биш үү?” гэхчилэн үгэлж гарчээ.

Тэр үглэлтэд нь залхсан эхнэр нь “Чи чинь ямар ядаргаатай хүн бэ? Чамтай чамгүй би хоолоо хийж дөнгөөд л байна” хэмээн уцаарласан гэдэг. Хариуд нь нөхөр нь “Намайг машин барьж явахад ингэж үглээд байвал надад ямар санагдах вэ?” гэж мохоосон аж.

Бид хэн нэгэнтэй бусдаас илүү дотно болоод ирэхээрээ өөрөө ч анзааралгүй ингэж үгэлж эхэлдэг. Түүнд хайртай дотно, бас түүнийг эрхлүүлэх хандлага нь, нөгөө хүнээ “чадахгүй байж магадгүй” гэсэн эргэлзсэн бодол дээр “би л түүнд хамгийн үнэнч туслагч нь мөн” гэж өөрийгөө “дөвийлгэсэн” санаа нэмэгдэн ингэж хандахад хүргэдэг байж болох. Өмнө нь түүнийг машин барьж явахад нь итгэл төгс хайрласан харцаар хардаг байсан нь, түүнийг хоолоо хийхэд нь огтхон ч саад бололгүйгээр инээмсэглэн ажиж байсан бүхэн нь нэг л мэдэх дор ингэж өөрчлөгдөж байгааг олон хүн анзаардаггүй.

Зүгээр л түүнийг өөртөө “өмчилсөн” сэтгэхүй нь, түүнд “сул дорой” мэтээр хандаж, бусдын өмнө нь ч тэгж харагдуулж буйг бид анзаардаггүй.

Бүх юм маш энгийнээр эхэлдэг. Ээж аав нар нь хүүхэддээ, эхнэр нь нөхөртөө, итгэж дотно сэтгэлээ хуваалцдаг сайн найздаа ямар нэгэн асуудлаар тайлбарлан учирлана. Зовнисон сэтгэл нь “тэр нэг л хайхрамжгүй байх шиг байна” гэдэг эргэлзээнд хүлэгдэхээр дахиад л давтан учирлана. Хайрласан сэтгэл нь “тэр ерөөсөө ч ойлгохгүй байна” гэсэн гомдолд тээглэхээр уцаарлан бухимдаж дахин, дахин давтаж тайлбарлана. Анх учирласан тайлбрыг нь толгойдоо “эргэлдүүлж” амжаагүй байхад нь дахиад л учирлан тайлбарлах нь жаахан “инээдтэй” санагдах авч, дараагийн удаад “зөрүүдэлж”, адагтаа бол “ядаргаатай юм бэ?” хэмээн төвөгшөөхөд хүргэдэг.

Тэгээд л маргалдаж “Чи миний сайхан сэтгэлийг ерөөсөө ч ойлгохгүй юм” гэсэн гомдол нь нулимстай нь хамтад урсаж, урсах хэрээрээ өөрийн “үнэ цэнээ” түүний өмнө алдаж байгаагаа ойлгож мэдрэх сөхөөгүй болно. Түүнд үгэлж учирлах хэмнэл нь ойртож, хэмжээ нь ихсэх тусмаа нөгөө хүнээ залхаан, “алт шиг сайхан сургааль” байвч чихээ даран өнгөрөөж, эсвэл огт тоохгүй байх шалтгаан болно. Хүн залхах хэмжээгээр, үгэлж буй хүний үнэ цэнэ унаж байдаг юм даа. Их үглэлтийн төгсгөл нь бас л энгийн. Тэд бие биедээ итгэж, бие биенээ үнэлж, бие биенээ хайрлаж чадахаа больдог юм.

Ялаа шиг жижиг асуудлыг заан шиг том болгон харж, учирлал тайлбарыг тань ухаарч амжаагүй байхад нь яаран сандран тэвдэж, “үнэн зөв” гэж итгэсэн өөрийн санаагаа бусдад хүчээр тулган шаардах араншин болгон эзэндээ “зовлон” болж хувирна. Ингэж хураасан зовлон ихсэх тусам сэтгэлгээний багтаамж нь жижгэрч, алсыг харах хараа нь бүдгэрч, уур уцаар нь ихэсч өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ч тарчилган, өөрөөсөө холдуулж эхэлдэг. Өөргүйгээр нь юу ч бүтэхгүй мэт санагдаж, зөвхөн өөрийгөө л “ухаантан” мэт бодох бодол бусадтай маргалдан муудалцах үе түмэн шалтгийг бий болгодог. “За яахав дээ?” хэмээн өрөвдөн уучилж бодох бусдын бодол санаа, түүнд аймшигт “доромжлол” мэт санагдан бусдыг үзэн ядаж, амьдрал утгагүй мэт санагдах тэнэглэл рүү хөтлөх аж. Ийм үедээ хамгийн гол зүйлийг, тэр хүн нь түүний үглэлтээс ч өмнө хэвийн амьдарч байсныг, одоо ч хэвийн амьдарч, цаашид ч хэвийн амьдарч чадна гэдгийг санахгүй. Энэ дэлхий тэнхлэгээ хэвийн эргэлдэж, эргэн тойрны тань олон хүмүүс өөрөөс тань хамааралгүйгээр өөр өөрийнхөөрөө амьдарч байгааг ч ойлгохгүй. Хор шар, уур уцаар, гомдол цөхрөлдөө бусдыг залхаан, өөрийгөө тарчилган зовоож буйгаа ч ухаарахгүй. Алив зүйл хэмжээнээсээ хэтрэхээрээ л зовлон болдог буюу.

Уужуу тайван бас хүлээцтэй байна гэдэг чинь “тэнэг” гэсэн тодотгол биш шүү дээ.

Г.Галбадрах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.