КЕСАР ХАГАЛГААНЫ ТАЛААР МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ 8 ЗҮЙЛ

Кесар хагалгааны төрөлт сүүлийн 15 жилийн хугацаанд 60%-иар өссөн гэсэн тоо баримт бий. АНУ-д гэхэд нийт төрөлтийн 32,8% нь кесар хагалгааны төрөлт байдаг.

Бид BeFitMom-ийн үүсгэн байгуулагч, жирэмсний өмнөх болон дараа үеийн фитнесийн мэргэжилтэн Хелен Бирн болон Монтефиор Эрүүл Мэндийн Төвийн жирэмслэлт, төрөлтийн мэргэжилтэн доктор Кесия Гэйтэр нарын кесар хагалгааны талаарх зөвлөгөөг хүргэж байна.

1. МЭДЭЭЖ ХЭРЭГ ӨВДӨНӨ

Гэйтэр эмч: “Ямар ч байлаа гэсэн кесар хагалгаа хийлгэсэн эхчүүд нь тодорхой хугацаанд өвдөлт мэдэрнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа хагалгааны дараах 3 хоногт өвдөлт маш их байдаг. Хажуу тийш харж хэвтэх, ханиалгах, гүнзгий амьсгаа авах, гараа сунгаж юм авах зэрэг хамгийн энгийн хөдөлгөөн хийхэд ч хэцүү байдаг. Шарх бүрэн эдгэрэхэд дор хаяж 6 долоо хоног шаардлагатай.”

2. ЗОГСОХОД МАШ ХҮНДРЭЛТЭЙ БАЙХ БОЛНО

Хелен Бирн: “Хагалгааны дараа босож зогсоход маш хэцүү байдаг гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Цусны эргэлтийг сайжруулах, цус бүлэгнэхээс сэргийлэх зорилгоор сувилагч нар таныг хүчээр босгох болно. Кесар хагалгаа бол хэвлийн хөндийн том мэс заслуудын нэг учраас тухайн үед нуруугаа тэнийлгэх нь хүртэл боломжгүй зүйл мэт санагддаг.”

3. ХӨХӨӨР ХООЛЛОХОО ХОЙШЛУУЛАХ ШААРДЛАГА ГАРЧ БОЛНО

Хелен Бирн: “Өвдөлтийн түвшингээс хамаарч хагалгааны дараах өдрүүдэд өндөр тунтай өвчин намдаагч эм уух шаардлагатай болдог. Тиймээс өвчин намдаагч хэрэглэж байх хугацаандаа хүүхдээ хөхөөр хооллохоос зайлсхийх хэрэгтэй. Хөхүүлж эхлэхдээ оёдлыг хүүхдийн жин, санамсаргүй хөдөлгөөнөөс хамгаалахын тулд хажуу тийш харах, дэргэдээ дэр тавьж өндөрлөх, эсвэл хүүхдээ гар дээрээ авахын өмнө оёдлынхоо дээгүүр дэр тавих хэрэгтэй.”

4. ЖИРЭМСНИЙ ХУГАЦААНД ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Хелен Бирн: “Жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувь нь л 30 минут алхах зэрэг өдөрт шаардлагатай дасгал хөдөлгөөнөө хийдэг. Төрөхийн өмнөх биеийн байдал хэдий чинээ сайн байна, төдий чинээ хагалгааны дараах эдгэрэлт хурдан байдаг. Кесар хагалгаагаар төрсний дараа 6 долоо хоногийн хугацаанд эрчимтэй дасгал хөдөлгөөн, хүнд зүйл өргөхийг хориглодог. Гэхдээ алхах нь маш чухал. Алхах нь цусны эргэлтэд чухал нөлөөтэй бөгөөд биеэс хорт бодисыг зайлуулах, тунгалгийн гүйлтийг сайжруулахын тулд заавал хөдлөх шаардлагатай байдаг.”

5. ГЭДЭС ДҮҮРСНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ӨВДӨЛТ

Гэйтэр эмч: “Хэвлийн хөндийн мэс ажилбар, хүчтэй өвчин намдаагчаас зэргээс үүдэлтэйгээр хоол боловсруулах тогтолцоо удааширдаг. Гэдэс дүүрснээс үүдэлтэй өвдөлт үнэндээ тоглоом биш – кесарев хагалгааны дараа хоол боловсруулах үйл ажиллагаа хэвийн байдалдаа эргэж орохоор ажиллаж эхэлдэг. Энэ үед ходоод гэдэс хийгээр дүүрч, хагалгааны оёдол дээр даралт үзүүлж маш зовиуртай байдал үүсгэдэг. Тиймээс гэдэсний хий бууруулах эм хэрэглэхийг зөвлөж байна.”

6. ИДЭВХТЭЙ АМРАЛТ ХИЙХ

Хелен Бирн: “Хагалгааны дараа “Идэвхтэй амралт” гэдэг зүйлийг хийж байх хэрэгтэй. Гудсан дээр дээшээ харж хэвтээд, хөлөө фитнесийн бөмбөг эсвэл буйдан дээр 90 хэм нугалж тавиад, хоёр гараа алдална. Энэ байрлал нь шархны эдгэрэлтэд тустай бөгөөд биед үзүүлэх механик стрессийг бууруулдаг давуу талтай. Мөн аарцаг болон нурууны булчинг суллаж, зөөлөн сунгаж өгдөг. Хүүхдээ унтаж байхад нь өдөрт 10-15 энэ байрлалд амрах хэрэгтэй.”

7. КЕГЕЛИЙН ДАСГАЛАА МАРТАЖ БОЛОХГҮЙ

Хелен Бирн: “Ихэнх ээжүүд кесар хагалгаагаар төрсөн бол кегелийн дасгал хийх шаардлагагүй гэсэн буруу ойлголттой байдаг. Төрөлт ойртоход хүүхэд доошилдог учраас аарцгийн доод хананы булчин сунасан байдаг. Тиймээс кегелийн дасгалаа тогтмол хийж байх нь чухал.”

8. НААЛДАНГИ ҮҮСЭХЭЭС БОЛГООМЖИЛ

Хелен Бирн: “Ихэнх хүмүүс мэс заслын дараа шархалсан хэсэгт наалдац үүсэж болзошгүй гэдгийг мэддэггүй. Хэвлийн мэс засал хийлгэсэн хүмүүсийн 93% -д нь наалдац үүссэн байдаг. Наалдац нь аарцаг, давсаг, хэвлийн хэсгээр үүсдэг болох бөгөөд гэдэсний түгжрэл, ойр ойрхон шээс хүрэх зэрэгт нөлөөлнө. Хэрвээ наалдац үүссэн бол тухайн хатуурсан хэсэгт зөөлөн массаж хийж, сорвижсон эдийг зөөлрүүлэх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, физик эмчилгээ хийлгэж болно.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.