Найман настай охиноо мал хариулуулахаар явуулаад араас нь очиж хүчирхийлдэг байжээ

Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл өнөөдрийн нийгэмд аюулын харанга дэлдээд байна. Гэтэл бид өдөр болгон шахуу БАГА НАСНЫ ХҮҮХЭД ААВДАА, ӨВӨӨДӨӨ, АХДАА хүчиндүүлжээ гэх аймшигт мэдээг сонссоор өнөөдөр бүр цочирдохоо ч байж.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард 8 настай охин төрсөн эцэгтээ удаа дараа хүчиндүүлсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал, 8 настай охиноо мал хариулуухаар явуулаад, төрсөн эцэг нь араас нь очиж малын бэлчээрт хүчирхийлдэг байсныг дүү нь мэдэж, ээждээ хэлснээр жигшүүрт хэрэг ил болсон байна. Мөн 2019 он гарснаас хойш 16 настай охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн, 13 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлэхийг завдсан, 14 настай охиныг эгчийнх нь найз залуу хүчирхийлсэн, 6 настай охиныг аав, ээжийнх нь найз хүчиндэхийг завдсан гэх мэт аймшигт хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ мэтчилэн Адгууснаас ч дор авирласан гэмт хэрэгтнүүдийн хараанд орж, хүчирхийлэлд өртсөн охидын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь энэ асуудалд нийтээрээ анхаарлаа хандуулах цаг болсныг илтгэж байна.

Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн П.Болормаагаас тодрууллаа.

-ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХОЁР САРЫН БАЙДЛААР 69 ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛЖЭЭ-

-Сүүлийн үед бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртлөө гэх мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Танай байгууллагад он гарснаас хойш хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Энэ оны эхний хоёр сарын байдлаар 6-17 насны нийт 69 хүүхэд эрүүгийн хуулийн 12.1-д заасан хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон гэж бүртгэгдэн шалгагдаж байна. Үүний дотор жирэмсэн болсон тохиолдол ч бүртгэгдсэн байгаа.

-Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаад юу хамгийн ихээр нөлөөлж байна вэ?

-Бага насны хүүхдийг хүчиндэх шалтгаан нөхцөл нь гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулсан зэрэгтэй холбоотой. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг.

-Ураг төрлийн хүчин дийлэнх хувийг нь эзэлж байгаа гэсэн. Ихэвчлэн ямар хамааралтай хүмүүс нь ийм төрлийн хэрэг үйлдээд байна вэ?

-Бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа хэргүүдийн дийлэнх хувийг ураг төрлийн хүчин буюу төрсөн эцэг, хойд эцэг, төрсөн ах, нагац ах нь гэх мэт ойр дотнын хүмүүс нь хүчирхийлсэн тохиолдол эзэлдэг.

-Ийм төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд ямар ял шийтгэл оноодог юм бол?

-Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй. Шинэ Эрүүгийн хуулинд хүчиндэх гэмт хэргийг зүйлчлэхдээ бэлгийн шинжтэй үйлдлийг хүч хэрэглэж үйлдсэн, завдсан, ямар нэг байдлаар энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш бүлэглэн үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үзэж байгаа аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “Бага насны хүүхэд буюу 14-өөс доош насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Харин 14-18 насны хүүхдийг хүчирхийлсэн бол 2-8 жилийн ял шийтгэлтэй байдаг.

-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлд ямар, ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээж, хүүхэд хамгаалал, хүүхдийн чиглэлээр янз бүрийн ажил арга хэмжээг зохион байгуулдаг хэдий ч эцэг, эх асран хамгаалагчид хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй, үр хүүхдэдээ тавих хараа хяналт, хайр халамжаа сулруулснаас үүдэж энэ төрлийн гэмт хэрэг өсч байна.

“ОН ГАРСНААС ХОЙШ хоёрхон сарын байдлаар 69 ХҮҮХЭД хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон”. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Үүний цаана хаалттай хаалганы цаана хэчнээн бяцхан зүрх ийм шаналал амсан уйлж суугааг бид таашгүй.

Хамгийн эмгэнэлтэй нь хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүд болсон процессыг мартаж чадахгүй насан туршдаа харуусал тээж, сэтгэлийн шаналалтай амьдардаг байна.

-БАГА НАСАНДАА БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН 80-90 ХУВЬ НЬ ИРЭЭДҮЙД БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БОЛЖ ХУВИРДАГ-

Энэ талаар бид ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийн талаар мэдээлэл өгөөч. Тэдгээр хүүхдүүдтэй хэрхэн яаж, ажиллах ёстой байдаг юм бэ?

-Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэлзүйн хувьд ч хүчирхийлэлд өртсөн байдаг. Сэтгэлзүйн хүчирхийлэлтэй холбоотойгоор зарим тохиолдолд тухайн хүүхэд сэтгэцийн эмгэгүүдтэй болчихсон байдаг. Энэ тухайн хүүхдийн нас, амьдралын орчин, хувийн зан чанараас хамаараад янз бүрийн байдлаар илэрдэг. Тухайлбал, хойд эцэгтээ хүчиндүүлсэн долоон настай хүүхэд эмнэлэгт хэвтэж байхдаа хаалга хүчтэй савж дугарахад л өөрийн мэдэлгүй орон доогуур шургаад орчихдог рефлекстэй болчихсон байсан. Гэтэл Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжээчийн дүгнэлт сэтгэцийн хувьд ямар ч асуудалгүй эрүүл, хөгжлийн хоцрогдолтой хүүхэд гэж гарсан. Тухайн хүүхэд уг нь дунд сургуулийн хоёрдугаар ангид сурч байх ёстой байсан ч сургууль, цэцэрлэгт огт сураагүй байсан учраас бид хөгжлийг нь нөхөж олгож болно гэж бодсон. Тэгээд хагас жилийн хугацаанд зөвхөн тэр хүүхдэд хичээл заадаг багш гаргаж өгөөд үйлчилгээ үзүүлэхэд үдээс өмнө 10 хүртэлх тоо заагаад үдээс хойш асуухад мартчихдаг байсан. Ганцхан энэ хүүхэд биш бусад хүүхдүүд ч гэсэн ийм байдалтай болдог. Тэгэхээр бүхий л төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдэд сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээг маш удаан хугацаанд үзүүлэх хэрэгтэй болчихож байгаа юм. Дэлхий нийтийн жишгээр дор хаяж 3-24 сарын хугацаанд үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл манайд ийм төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нөхөн сэргээх, урт хугацааны дагнасан, мэргэжлийн байгууллагын үйлчилгээ гэдэг зүйл урьд өмнө нь огт байгаагүй. Буруутай этгээдэд ял оногдуулж, хохирогч хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж ил харагдаж байгаа шарх сорвийг нь эмчлүүлээд л кэйсийг нь хаачихдаг. Үүний цаана байгаа хамгийн чухал асуудал болох насан туршдаа тээж явах сэтгэл зүйн эмгэг гэдэг зүйлийг огт засдаггүй. Үүнээс үүдэлтэйгээр тэдгээр хүүхдүүдийн 80-90 хувь нь ирээдүйд биеэ үнэлэгчид болж хувирдаг гэсэн албан бус судалгааг төрийн бус байгууллагууд гаргасан байдаг юм байна лээ. Энэ нь зохих хэмжээний үндэслэлтэй. Яагаад гэвэл тэр эмгэгийг нь засаагүйтэй холбоотойгоор энэ харилцаагаа энгийн хэвийн мэт ойлгодог сэтгэлзүйн эмгэгтэй болчихдог. Тиймээс эдгээр хүүхдүүдэд урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг.

-БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН НУУЦЫГ БҮХ НАСААР НЬ ЧАНДЛАН ХАДГАЛАХ НЬ МАШ ЧУХАЛ-

-Зарим хүүхдүүд айгаад эсвэл ичээд хүчирхийлэлд өртсөн гэдгээ нуух тохиолдол олон байдаг байх. Тэгэхээр тэдгээр хүүхдүүд бие махбодийн хувьд хохироод зогсохгүй, ирээдүйд ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй болох өндөр эрсдэлтэй гэсэн үг үү?

-Тийм. Тэгэхээр ямар ч тохиолдолд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг илрүүлэх, мэдээлэх асуудал бүх хүний хувьд нэг номерын асуудал. Жишээлбэл, эмч бага насны хүүхдэд үзлэг хийж байхдаа хүчирхийлэлд өртсөн байж магадгүй гэсэн шинж тэмдэг илэрвэл шууд цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагад нь заавал мэдээлэх үүрэгтэй. Харин сургуулийн нийгмийн ажилтан тухайн хүүхдийг ажиглаж, ямар нэгэн эрсдэл байгаа үгүйг нь үнэлж, ажиглаж байх ёстой. Иргэн бүр үүргээ ухамсарлаж хөршийн хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хэрэв хажуу айлд чинь хүүхэд уйлах, тарчлах чимээ удаа дараа сонсогдох юм бол цагдаагийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Хамгийн гол ямар ч тохиолдолд тухайн хүүхдийн нууцыг хадгалах гэдэг асуудал маш чухал. Санамсаргүй байдлаар тэр хүүхэд, тэр сурагч хүчирхийлэлд өртсөн гээд хэлчихэд л тухайн хүүхдийг амьдралыг орвонгоор нь өөрчилдөг. Үүн дээр нэг кэйс ярихад, Бага байхдаа хүнд хүчиндүүлсэн бүсгүй хүн зэргэлдээ сумынхаа залуутай суугаад үр хүүхэдтэй болчихсон сайхан амьдарч байхад нь бүсгүйг таньдаг залуу нөхөрт нь санамсаргүй байдлаар багад нь тохиолдсон явдлыг нь ярьчихдаг. Гэтэл нөхөр нь түүнээс хойш эхнэрээ доромжилдог гадуурхдаг, зоддог, хүчирхийлдэг болсон байгаа юм. Үүнээс үүдээд тухайн эмэгтэй нэг өдөр ээжийгээ дуудаад өлгийдөж бэлдсэн хүүхдээ өвөр дээр нь тавиад зөрж гараад амиа хорлосон тохиолдол байдаг. Энэ нь нэг талаас дээр хэлсэн сэтгэл заслын үйлчилгээг авч чадаагүйтэй холбоотой, нөгөө талаас нууцыг нь насан туршид нь хадгалах гэдэг асуудлыг хийж чадаагүй, задруулсантай холбоотой. Тиймээс нууцыг чандлан хадгалах гэдэг нь маш чухал асуудал.

-Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр танай байгууллага ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа вэ?

-Бүхий л төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхдээ өөрийнх нь эрхийг нас сэтгэхүйн онцлогт нь таарсан байдлаар өөрт ойлгуулах нь хамгийн чухал. Ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд болох болохгүйн тухай зааж, ойлгуулах хэрэгтэй. Жишээлбэл, үүнийг хүүхэлдэйн кино хэлбэрээр таниулах, ойлгуулах, мэдүүлэх аргачлал байдаг. Үүнийг бусад улс орнууд түгээмэл ашигладаг. Боловсролын системдээ ч тусгаж өгсөн байдаг. Үүний үр дүнд, тухайн улс орны хүүхдүүдээс “Хэн нэгэн танихгүй хүн чихэр өгье, хөтлөөд явъя гэхэд дагаж явж болох уу, болохгүй юу, хэн нэгэн этгээд биед чинь хамаагүй хүрч болох уу болохгүй юу” гэж асуухад заал даяараа БОЛОХГҮЙ ЭЭ гэж орилдог. Гэтэл манай улсын хүүхдүүдэд болох, болохгүйн тухай болон хүрэхүйн тухай мэдрэмжтэй холбоотой ойлголт огт байхгүй. Үүнийг боловсролын системдээ тусгаж өгөөгүй, эцэг эхчүүд нь ч ярьж ойлгуулдаггүй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн мэдлэг, мэдээллүүд бүгд хаалттай байдаг. Энэ нь бага насны хүүхдүүд гэмт хэргийн золиос болох үндэс суурь болдог. Тиймээс бид энэ жил хүүхдийн урлан бүтээх төв, хүүхдийн ордны явуулдаг дугуйлангаар дамжуулаад нийслэлийн зургаан дүүрэгт хороон дээр нь иргэний танхимд нь хүүхдэд зориулсан дугуйлан хичээллүүлэх гэж байгаа. Энэ дугуйландаа эхний ээлжид хамгийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа, эцэг эхийн хараа хяналт сул, дугуйланд явах хүсэлтэй ч төлбөрийг нь төлөх боломжгүй хүүхдүүдийг хамруулж авьяасыг нь хөгжүүлээд, хажуугаар нь өөрийнх нь эрхийг өөрт ойлгуулах ажлыг хийхийг зорьж байгаа. Үүнийг бид нийтдээ 3750 хүүхдэд хүргэнэ. Хэрэв энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл үүнийг үндэсний хэмжээний болгож хөгжүүлнэ. Энэ бол 2019 онд манай байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа нэг ажил. Энэ мэт өөр олон ажлыг урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг болсон энэ цөвүүн цагт бага насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй, орой үдэш ганцааранг нь гадуур явуулахгүй байх нь гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоох хамгийн зөв арга юм шүү гэж хэлмээр байна.

5 Comments

  1. agtlah heregtei says:

    tumsugiig ni suga tataj, zasaj taigan bolgood shorond ni yavuulj bih heregtei. tend narsnii ax nart huchinduueed uiliin uree edleh baix.

  2. hub says:

    Амьтан хүртэл төлөө гишгэлж, хураадаггүй байхад хүн болж төрөөд ийм бузар юм хийдэг. Бариад шоронд нь хийхээр нөгөө хэд нь ёстой баллаж өндөг юм бишүү. Хэзээ нэг цагт үйл лайгаа эдлэх нь гарцаагүй. Хамгийн муу үр нь тэр хүчирхийлэлд автсан хүүхэд л өөрөө хүчирхийлэгч болж өндийдөг нь хамгаас хэцүү нүцгэн үнэн

  3. Зочин says:

    Чөтгөр шулам ч цочмоор хүн дүрстэнгүүд их болохнээ. Ядахдаа танай сайт тэрэнтэйгээ унтсан энэнтэйгээ унтсан гэсэн бузарын юмнуудын юмыг битгий тавьж бай

  4. Иргэн says:

    3.31нд болох жагсаалд бүгд очъё оо. Хүчин хийж байгаа хүмүүс болохгүй гэж бүгд мэдэж байгаа. Гол нь тэд нар хариуцлагаас айхгүй байна. Хийсэн хэрэг чинь илрээд шоронд явна шүү гэдэг ойлголт өгье! Төрөөс энэ тал дээр илүү анхаарал хандуулдаг болохыг шаардъя.

  5. Тархи нь төмсөгөндөө орсон новшууд вэ. Одооны хүмүүс ажил нь бага зав ихтэй болчоод зарим нэг нь ийм бузар үйл сэтгэж хийж байдаг байхөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.