Монголчууд бид “Хосоор амьдрах хорвоо” гэж дуундаа хүртэл дуулдаг ард түмэн. Айл гэр болж, хүний дайтай амьдрахын тулд хосууд гэрлэлтээ аль болох урт удаан хугацаанд хадгалахыг хичээж, аз жаргалтай, харилцан хүндэтгэлтэй, бие биедээ үнэнч байхыг эрхэмлэдэг билээ. Харамсалтай цаг хугацааны эрхээр хүний сэтгэл өөрчлөгддөг нь амьдралын бичигдээгүй хууль гэлтэй. Сэтгэлзүйчид гэр бүлийн гишүүдийн таарамжгүй харилцааны үндэс нь дараах шинжээр илэрдэг гэж үзжээ.
Нөхөр тань дараах үгсийг ойр, ойрхон хэлээд байвал гэр бүлийн харилцаанд сэв сууж буйн шинж аж. Хэрвээ таны нөхөр дараах үгсийг байнга хэлээд байвал анхаарах хэрэгтэйг сануулъя.
Уйтгартай байна
Хүний сэтгэхүйд ямар нэгэн зүйлийг хэт олон удаа хийгээд эхэлвэл, амархан уйддаг төрөлхийн чанар байдаг байна. Энэ үед харилцаандаа өөрчлөлт авчрах шинэ зүйлсийг хамтдаа хийж, хайртынхаа сэтгэлийг хөдөлгөж, догдлуулах нь чухал юм. Хэрэв нэгнийхээ уйтгарлаж буй сэтгэлийг өөрчлөхгүй бол, сэтгэл нь тэр чигтээ хөрөхийг ч үгүйсгэхгүй.
Чи намайг ойлгохгүй байна
Хэрэв нөхөр тань энэ үгийг ойр ойрхон хэлэх болсон бол, та хоёрт үл ойлголцлоо дарахад тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байна гэж ойлгож болох юм. Амьдралд олон асуудлууд гарч ирдэг билээ. Тэр бүрт өөр өөрийнхөөрөө зөрүүдлэж, нэгнийхээ дээр гарах гэж хичээхийн оронд харилцан буулт хийж өгөх хэрэгтэй ажээ. Энэ нь гэрлэлтийг улам бүр бэхжүүлэх болно.
Чи хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна
Тэр энэ үгийг хэлэх болсонд түүнийг бүү буруутга. Харин таны ямар зан чанар хайртай залууг тань ингэж хэлэхэд хүргэж байгааг сайтар бодоорой. Ийм үед хамтдаа юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаа талаар ярилцахад гэмгүй. Нөгөөтэйгүүр тэр таныг байгаагаар тань хайрлаж чадаж байгаа эсэхийг бодолхийлэх нь чухал юм.
Чи яагаад түүн шиг биш юм бэ?
Хэн нэгэнтэй хайртай хүнээ харьцуулж эхлэх үеэс хосуудын харилцаа аюулд ордог бөгөөд энэ нь тухайн хүний үнэ цэнийг үгүй хийж буй хэрэг ажээ. Хэрэв таны нөхөр сүүлийн үед таныг ээж, эгч, найз болон бусдын эхнэртэй харьцуулах болсон бол, та яарч шийдвэр гаргалгүй, нөхцөл байдлыг ойлгох гэж хичээгээрэй. Учир нь тэр таны алдаа дутагдлыг засах гэж хичээж байж ч болно шүү дээ. Аль эсвэл таниас зайгаа барихыг хүсч байгаатай ч холбоотой байж мэдэх юм.
Би чамайг хайрлах ёсгүй байсан юм
Цаг хугацааны эрхээр хүний сэтгэл санаа өөрчлөгддөг болохыг дээр дурдсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд нэгэнт сэтгэл нь хөрсөн хүн, дээрх үгийг юу ч бодож саналгүй хэлдэг байна. Энэ үед хайрттайгаа илэн далангуй ярилцаж, болж буй нөхцөл байдлыг хамтдаа шийдвэрлэх гээд үзээрэй. Таны нөхөр, хайртай залуу тань дээрх үгсийг хэлэх болсон бол, ихэнх тохиолдолд түүний сэтгэл нь хөрч, харилцаандаа цэг тавихыг хүсч буйтай холбоотой байдаг ажээ. Энэ үед амьдралаа авч үлдэхийн тулд яарч шийдвэр гаргалгүй, нөхөртэйгээ сайтар ярилцаж, ойлголцох хэрэгтэйг сэтгэлзүйчид зөвлөж байна.