PUBG гэр бүл салалтын шалтгаан болтлоо газар авах нь

МАНАЙ УЛСЫН 10-17 НАСНЫ ХҮҮХДҮҮД ДОНТОХ НЬ ИХ БАЙНА

Өмнөд Солонгосын Blue Hole компанийн бүтээл PlayerUnknown’s Battlegrounds буюу PUBG хэмээх тоглоом 2017 оны арванхоёрдугаар сард олны хүртээл болсноос хойш дэлхий нийтийг байлдан дагуулсаар байна. Нэгэн арал дээр 100 хүн газардаж, амьд үлдэхийн төлөө өөр хоорондоо өрсөлддөг энэхүү тоглоомыг өдгөө дэлхий даяар 400 гаруй сая хүн тоглодог болжээ. 2018 онд л гэхэд энэ тоглоомноос орсон орлого 1.03 тэрбум ам.долларт хүрсэн тухай тус тоглоомыг хөгжүүлэгч PUBG Corp мэдээлсэн юм.

Жилийн өмнөхтэй харьцуулахад тоглоомын орлого 19 хувиар нэмэгдсэн, зөвхөн БНХАУ-д гэхэд гар утсанд татагдсан тоо нь 225 саяд хүрсэн гээд уг тоглоомын талаарх сүрдмээр тоо баримт олон.

2018 онд л гэхэд энэ тоглоомноос орсон орлого 1.03 тэрбум ам.долларт хүрсэн тухай тус тоглоомыг хөгжүүлэгч PUBG Corp мэдээлсэн юм.

Гэвч PUBG тоглоом аварга дээд амжилт тогтоон хүрээгээ тэлэхийн хэрээр түүнийг дагасан сөрөг зүйлс илрэн гарч, олон нийтэд шүүмжлүүлэх нь улам ихсэв. PUBG-ийн эсрэг шийдвэртэй алхам хийсэн анхны улс нь Энэтхэг болж, хэд хэдэн хотод уг тоглоомыг хориглосон талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. “Тоглоомын хожмын үр дагавар аюулт уршигтай.

Олон хүүхдийн оюуны тэнцвэр хэдийн алдагдаж гүйцлээ” хэмээн Navbharat Times сонин бичсэн байв. Тус сонин PUBG тоглоомыг хар тамхины аюултай зүйрлэсэн юм.

Түүнчлэн Хятадад 13-аас доош насны хүүхэд PUBG тоглохыг хориглодог бол Германд 16-гаас дээш насныхан л тоглохыг зөвшөөрдөг гэх зэргээр улс орнууд PUBG тоглоомтой холбоотой янз бүрийн хязгаарлалт хийгээд эхэлжээ.

“Энэ тоглоом сурагчдын сэтгэцэд өөрчлөлт оруулж, тэдний унтах мөчлөгийг өөрчлөхөөс гадна стрессийн түвшинг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон” хэмээн Энэтхэг дэх англи хэлний сургалттай сургуулиудын холбооны хийсэн судалгааны тайланд дурджээ.

Манай Монголд ч гэсэн PUBG хүрээгээ хэдийн тэлсэн. Таны гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дунд энэ тоглоомыг тоглодоггүй хүн бараг үгүй байх. Тэгвэл энэ тоглоом бидэнд бараан талаа харуулаад эхэлчихсэн үү, бид энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай юу гэдгийг сонирхож үзлээ.

PUBG ГЭР БҮЛИЙН ДОТНО ХАРИЛЦААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ НЬ ТОГТООГДСОН

Компьютер тоглоомд донтох гэсэн ойлголт бидний хувьд шинэ зүйл биш л дээ. Өмнө нь ч байсан. Эцэг, эхчүүд тоглоомд донтсон хүүхдэдээ санаа зовж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асуудал дэвшүүлэн бичиж байлаа. Гэхдээ сүүлийн үед PUBG-д донтох хүүхэд, залуусын тоо эрс нэмэгдэж, анхаарлын гадна үлдээж боломгүй ноцтой асуудал болжээ.

2018 онд цахим тоглоомд донтсон гэх шалтгаанаар 94 хүүхэд үзүүлсний 57 нь зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас аргагүй хэмжээнд хүртлээ донтож, хэвтэн эмчлүүлсэн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Эдгээр хүүхэд бүгд PUBG тоглодог хэмээн хариулжээ.

“Компьютер тоглоомын хамаарлыг XXI зууны өвчин гэж нэрлээд байгаа. Манай улсын тухайд 10-17 насны хүүхдүүд донтох нь их байна. Тэдний 98-99 хувь нь хөвгүүд байдаг” хэмээн СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч Ц.Орхонсэлэнгэ хэлсэн юм.

Ер нь компьютер тоглоомд өсвөр насныхан илүүтэй донтдог бол PUBG нас биед хүрсэн том залуус хүртэл автах болсноороо илүү уршигтай. Саяхан нэгэн бүсгүй өөрийн facebook-тээ нөхөр нь байнга PUBG тоглодгоос болж салж сарнихдаа тулаад байгаа талаар бичжээ. Түүнтэй ижил зовлон амсаж буй бүсгүй маш олон болохыг тэнд бичсэн сэтгэгдлүүдээс харж болно.

Хүүхдүүд компьютер тоглоомд донтохын хэрээр уур уцаартай, хичээлдээ дургүй болох, эцэстээ худал хэлж, хулгай хийх эрсдэл ч үүсдэг болохыг мэргэжлийн эмч нар сануулж хэлсээр байна.

Энэ тоглоомд бусдыг донтуулах ямар нэг “ид шид” нуугдаж байна уу. Энэ талаар PUBG тоглодог зарим хүнээс сонирхож асуухад “Өөр орны янз бүрийн хүмүүстэй нэг баг болж тоглох нь илүү сонирхолтой санагддаг. Ганцаараа явж тоглодог бусад соло тоглоомноос ялгарах давуу тал нь энэ байх” хэмээн 25 настай Б ярив. Харин 28 настай Г “Нэг ч гэсэн хүн алах гээд улайрчихдаг юм. Би өмнө нь их донтож тоглодог байлаа. Харин сүүлдээ удаан суугаад тоглох утгагүй санагддаг болсон. Ер нь олон цагаар байнга тоглох нь дон гэдгийг хожим ухаарсан” хэмээн ярилаа.

“Компьютер тоглоомд донтохоор наад зах нь хүзүү, нуруу өвдөх, шамбарамтай болох, жин нэмэгдэх, буурах, мэдрэлийн ядаргаанд орох, гэр бүлийн харилцаа муудах, цаашлаад худлаа ярих зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг” хэмээн Ц.Орхонсэлэнгэ эмч ярьсан юм.

Ямартай ч дэлхий дахинд зартай тоглоомын сүүдэртэй тал Монголд ч тусаад эхэлжээ. Энэтхэг улс шиг шууд хаая, хориглоё гэж хүчээр муйхарлан шийдэх гэсэнгүй. Угаас дэлхий нийтээрээ зөвхөн PUBG гэлтгүй цахим тоглоомд хошуурах болсон. Харин таны хүүхэд цахим тоглоомд хэт их донтоод байна уу гэдгийг ажиглаж, хэрэглээнд нь хяналт тавих шаардлагатайг СЭМҮТ-ийг зорих хүүхдийн тоо өссөөр байгааг баримт баталж байна. Хүүхдүүд компьютер тоглоомд донтохын хэрээр уур уцаартай, хичээлдээ дургүй болох, эцэстээ худал хэлж, хулгай хийх эрсдэл ч үүсдэг болохыг мэргэжлийн эмч нар сануулж хэлсээр байна.

Харин нас биед хүрсэн, аав болж, үүрэг хариуцлага хүлээсэн томчууд тоглоомд донтож, гэр бүлээсээ салах хэмжээнд хүрч байгаа бол “Арчаагүй донтогч” гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Өсвөр насны хөвгүүдийг бодвол өөрийгөө хянаж, зөв шийдвэр гаргах чадвартай л болсон баймаар. Харин ганц тоглоомоос болж эхнэр, хүүхдээ хаях хэмжээнд хүрч байгаа бол амьдралаа авч явах эр хүн гэж хэлэхэд ч хэцүү юм.

Б.Энхжин
SOURCE: gogo.mn

1 Comment

  1. Зочин says:

    Балай тоглоомноос болж амьдралаа сүйтгэж байгаа бол тархигүй байгаагийн шинж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.