Америкийн эрэгтэй гоо сайхны блоггер Давид Ие “ихэнх томоохон гоо сайхны брэндүүд зөвхөн эрчүүдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэн орж байгаа. Үүний нэг жишээ бол өнгөрсөн есдүгээр сард Францын “Chanel” брэнд зөвхөн эрчүүдэд зориулсан гоо сайхны багц бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргасан явдал юм” гэжээ. “Chanel” брэндийн эрчүүдэд зориулсан гоо сайхны багц бүтээгдэхүүнд найман төрлийн гэрэл сүүдэр, хоёр талтай хөмсөгний харандаа болон багс, мөн уруул өнгөлөгч багтаж байгаа аж. Уг бүтээгдэхүүнийг Европ залуучуудын арьсны онцлогт зориулан гаргажээ.
Харин дэлхийн зах зээл дээрх эрэгтэйчүүдэд зориулсан арьс арчилгааны салбарыг өнөөдөр Өмнөд Солонгос эзэгнэж байна. Солонгос эрчүүдийг урд өмнө нь барууныханд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглуулдаггүй байсан. Гэтэл сүүлийн арав гаруй жилийн дотор солонгос залуус арьс арчилгааны салбарт дэлхийн хамгийн том эрэгтэй нүүр царай болж чаджээ. Тодруулбал, 2011-2017 оны хооронд энэ зах зээлийн 44 хувийг Солонгос моделиуд эзлэх болжээ.
Нэмж хэлэхэд, Өмнөд Солонгост нийт эрэгтэйчүүдийн дөрөвний гурав нь долоо хоногтоо дор хаяж нэг удаа үсээ засуулж, нүүрэндээ гоо сайхны үйлчилгээ хийлгэдэг гэдгийг “GlobalData”-ын судалгаанд дурджээ. Энэ нь “Generation Z” буюу 21-р зууны хоёрдугаар арван жилд насанд хүрсэн үеийнхэн буюу хүүхэд байхаасаа интернеттэй ойр өссөн хүмүүсийн дунд илүү өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийн 58 хувь нь өдөрт дор хаяж нэг удаа үсээ засуулж, царай төрхөндөө нэлээд урт хугацааг зарцуулдаг байна.
Энэхүү үзэгдлийг Австралийн их сургуулийн Солонгосын Институтийн захирал Роүлд Малианке “K-POP”-ын нөлөөтэй холбон тайлбарлаж байна. Тэрээр “Би маш олон Австрали залуус Солонгосын олны танил одуудыг дуурайх болсныг хараад үнэхээр цочирдсон. Хамгийн сүүлд Өмнөд Солонгост очихдоо маш олон залуус үсээ төрөл өнгөөр будаж, нүдэндээ давхраа хийлгэн, нүүрээ хөнгөхөн будаад этгээд хувцаслан явж байгааг олж харсан” гэжээ.
Мөн ийм маягийн чиг хандлага нь Солонгосын хөдөлмөрийн зах зээлийн ширүүн өрсөлдөөнөөс улбаалан гарч ирсэн байх магадлалтай гэж Солонгосын феменизм болон поп соёлын талаар дагнан бичдэг зохиолч Жэймс Түрнболл Пусан хотод хийсэн лекцийнхээ үеэр ярьсан байна. Энэ “давчуу өрсөлдөөний талбар”-т 20-30 насныхан үргэлж өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажиллаж байдаг. Тэд давхар мэргэжил эзэмших, гадаад хэл сурах, төрөл бүрийн сургалтад хамрагдах нь тэдний хөдөлмөрийн зах зээл дээрх үнэлэмжийг нэмэгдүүлнэ гэж хардаг. Дээрээс нь Солонгосын компаниуд ажилд авах анкетдаа тухайн ажил горилогчийн зургийг заавал шаарддаг ба ижил төвшний үнэлэмжтэй хүмүүсийн хоорондын өрсөлдөөнд “илүү царайлаг” ажил горилогчид тухайн ажилд орох магадлал бусдаасаа өндөр байдаг гэжээ. Өнөөдөр Өмнөд Солонгост стандарт эрэгтэй хүний харагдах байдал нь энэ хэв маягтай холбогдсон байна. Эрчүүд нүүрээ үл ялиг будах нь энэ улсад аль хэдийн хэвийн үзэгдэл болсон ч цэрэг, цагдаа, төрийн ажил эрхэлдэг эрчүүд нүүрээ будах нь хориотой байдаг байна.
Эх сурвалж: CNN
SOURCE: itoim.mn
1 Comment
Манайхны өсвөр насны хэдэн далдагнасан юмнууд дуурайх вий дээ. Түрүүчээс нүүрээ пудрдээд трико шиг өмд өмсчихсөн ямар ч эр хүний шинжгүй юмнуудыг харахаас дургүй хүрэх юм.