Жаргалтай хосуудын хийдэг 10 үйлдэл

Бидэнд заримдаа “энэ хүнтэй хамт байхаар шийдсэн маань зөв болов уу, буруу болов уу” гэж эргэлзэх үе гардаг. Хэчнээн бодоод ч бид үүний хариултыг олж чаддаггүй шүү дээ. Тэгвэл жаргалтай болоод нэг нэгэндээ заяагдсан хосуудын хийдэг үйлдлүүдийг танд сонирхуулъя. Харин эдгээрээс дор хаяж 3-ийг нь та хайрттайгаа хийдэг бол, та хоёртой тохирч байвал, та зөв хүнээ сонгосон гэсэн үг.

Ижил сонирхолтой

Мэдээж хүн бүрийн сонирхол, хобби өөр өөр. Гэхдээ өөртэйгээ ижилхэн сонирхолтой хүнтэй амьдралаа холбосон бол та өөрийгөө азтайд тооцоорой. Хобби нь хосуудыг улам бүр холбож, хэзээ ч нэгнээсээ явж чадахгүйгээр нэг хүн мэт цутгаж өгдөг. Хамтдаа сууж кино үзэх дуртай, юу мэдэрснээ хуваалцаж ярилцах, адилхан спортод сонирхолтой, үүнийхээ тухай мэтгэлцэж, амьдралаа улам бүр сонирхолтой болгодог, нэг төрлийн хөгжим, дуучинд дуртай, тэр дуугаа хамтдаа сонсож, үүлэн дээгүүр хөвнө.

Нэг нэгнийхээ орон зайг хүндэлдэг

Жаргалтай, тогтвортой харилцаатай хосуудын нууц бол нэг нэгнийхээ хувийн орон зайг хүндэтгэдэг байдал юм. Чи миний эхнэр, нөхөр л бол заавал бүхнээ ярьж хуваалцаж, үргэлж хамт байх хэрэгтэй гэхчлэн хэт хүчлэх нь харилцааг сүйрүүлж ч мэднэ. Тиймээс тэдэнд бага ч атугай амьсгалах зайг нь гаргаж өгч, өөртөө ч бас анхаарах, дуртай зүйлээ хийх боломжийг нь олгож байгаарай. Үүнтэй нэгэн адил та ч бас түүнээс ийм зүйлийг авах хэрэгтэй.

Хамтдаа аяладаг

Аялал гэхээр заавал гадаад улс орон руу үнэтэй зардал гаргаж аялах биш юм. Цаг агаар сайхан өдөр хамтдаа ууланд гарч, голын эрэг дээр мах шарж идээд л, заримдаа парк орж тоглох гэхчлэн хамтдаа цагийг дурсамж дүүрэн болоод зугаатай өнгөрүүлдэг хосууд хамгийн жаргалтай байдаг.

Асуудлаа тэр дор нь шийдвэрлэдэг

Хосуудын амьдралд хэрэлдэж маргалдах нь бишгүй л нэг тохиолдоно. Харин энэ бүрийг тэр дор нь шийдвэрлэх нь хамгийн чухал. Асуудал даамжирвал, улам бүр томорч, хосууд салахад ч хүрч мэднэ. Жаргалтай хосуудын баримталдаг алтан дүрэм бол муудалцсан хэвээрээ орондоо орохгүй. Унтахаасаа өмнө заавал учраа олж, ярилцахыг чухалчилдаг байна.

Хоолоо хамт иддэг

Хамт амьдраад удсан хосууд хоолны ширээний ард хамт суухаа ч больсон байдаг. Мөн хамт хоол идлээ ч, нэг нь утсаа ухаж, нөгөөх нь зурагт ширтсээр хоолоо дуусгадаг. Энэ байдал харилцааг хөндийрүүлж, нэгнээсээ залхахад хүргэдэг. Тиймээс харилцаагаа авч үлдэхийн тулд, хоол идэж байхдаа эхнэр, нөхрөөсөө өдөр нь ямархуу өнгөрснийг асууж, ойрын төлөвлөгөөгөө ярилцаж, илүү амьд харилцааг бий болгох хэрэгтэй.

Нэгнийхээ мөрөөдлийг дэмждэг

Хоёр хүн нэгдэн нийлж, амьдралыг хамт туулах шалтгаан нь ердөө л нэг нэгнийгээ хайрлаж, дэмжих байдаг. Нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг сонсож, хамтдаа бүтээхээр хичээдэг хосуудын харилцаа хэзээ ч бутрахгүй хана хэрэм мэт болсон байдаг.

Итгэл дээр бүх зүйл тогтдог

Нэг нэгэндээ итгэдэггүй хосуудын харилцаа хэр удаан үргэлжилнэ гэж? Хайр итгэлцэл дээр тогтдог. Намайг хуурах вий хэмээн үргэлж айж эмээж, шаналж явахын оронд хайртдаа бүрэн дүүрэн итгэж байх хэрэгтэй. Энэ нь хайр дурлалыг улам бат бөх болгоно.

Хамтдаа төлөвшиж, хүн болно

Амьдралд сурч дуусашгүй. Хайртайгаа хамтдаа амьдралд суралцаж, илүү дээр хүн болж байгаагаа мэдэрч байна уу? Аав ээж болж, эмээ өвөө болж, илүү ихийг мэдэж, өдөр бүр шинэ зүйлс сурч авсаар амьдрал үргэлжилдэг. Харин таны хажууд тэр хүн тань байгаа бол та өөрийгөө зөв сонголт хийсэн, зөв замаараа л явж байна гэж бодоорой.

Гэрийн ажлаа хувааж хийдэг

Эмэгтэй хүн л гэрийн ажлаа хийх ёстой гэх хоцрогдсон яриа бага багаар алга болж байгаа нь сайшаалтай. Үнэн хэрэгтээ эхнэртээ хайртай хүн бол, ачаанаас нь хөнгөлж, гэрийн ажлаас нь хийлцэж, бүхнийг хуваалцана. Хамтдаа бүхнийг тэнцүү үүрч, хорвоог туулна гэж нэгэндээ амласан учраас хэн нэгэндээ илүү ачаа өгч, хөлсөө урсган зовохыг нь хараад суух гэж үү?

Гэнэтийн бэлэг барьдаг

Үе үе гэнэтийн бэлэг барьж, хайртай гэдгээ мэдрүүлж байх хэрэгтэй. Энэ нь хосуудыг жаргалтай байлгах нэгэн жор юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.