ДОХ-той тэмцэх дэлхийн энэ өдрийг жил бүрийн 12-р сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргаж байжээ. 2019 онд энэ өдрийг ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулж байна.
Олон улсад ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэдэг юм. Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас баржээ.
ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогджээ. Монгол улсын хувьд ХДХВ, ДОХ-той нэг хүний нэг жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5-аас 4 сая төгрөг зарцуулдаг, тухайлбал ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх РВЭЭ болон бусад эмийн зардалд жилд 2.5-аас 3 сая төгрөг зарцуулж байгаа аж.
НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс танилцуулсан “Иргэдэд эрхийг нь өгье” хэмээх шинэ тайланд ХДХВ, ДОХ-ын асуудлаар аливаа шийдвэр гаргах, эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах, шинэ тохиолдлын тоог эрс бууруулах, вирусийн эсрэг эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгэм, олон нийтийн сүлжээ, түүнчлэн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцолжээ. Тус тайланд дэлхийн хэмжээнд 2018 онд шинээр бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тохиолдлын талаас илүү хувь нь эрсдэлт бүлгийн хүн ам байсан, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 37.9 сая хүнээс 24.5 сая /65 хувь/ хүнийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан талаар тус тус дурджээ.