Малчин эмэгтэйчүүдийн 45,2 хувь нь хүчирхийллийн талаарх мэдлэгээ дунд гэж үнэлжээ
ХЭҮК-оос танилцуулсан судалгаагаар малчин эмэгтэйчүүдийн 47,4 хувь нь бэлгийн болон нөхөн үржихүйн талаарх мэдээлэл дунд гэж хариулжээ. Түүнчлэн бэлгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртдөг ч тодорхой хувь нь цагдаад ханддаггүй, хандах шаардлагагүй гэж боддогоо хэлжээ. Судалгаанд нийт 630 гаруй эмэгтэй малчин оролцсоны 24,3 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэж хариулсан байна.
Судалгааны үеэр ХЭҮК-д нөхөртөө зодуулан хараа 70 хувийн алдагдалтай болсон малчин эмэгтэй ханджээ. Униар хатгаж, нүдийг нь гэмтээсэн. Нөхрөөсөө айгаад мориноос унаж гэмтээсэн гэж эмчид хэлсэн байна. Эмэгтэйг аймгийнх нь ГБХЗХГ-т шилжүүлжээ. Гэвч харамсалтай нь тус аймагт түр хамгаалах байр байхгүйн улмаас хамтарсан баг эрсдэлийн зэргийн үнэлгээ хийж байхад дахин зодуулсан байна. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч Дорнод аймагт 9 үүнээс 2 нь л малчин. Зарим аймгийн хувьд огт бүртгэгдээгүй, бүртгэгдсэн ч 1-2 л малчин байна. Тэдний 40,5 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдлэгээ дунд гэж үнэлсэн. Мөн судалгаанд оролцсон эмэгтэй малчдын 24,3 хувь нь хүчирхийлэлд өртдөг. үүний 34,2 хувь нь бие махбодын, 46,4 хувь нь сэтгэл санааны, 9,7 хувь нь эдийн засгийн, 9,7 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна.
Малчин эмэгтэйчүүдийн 9,7 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг
ХЭҮК-ийн референт Г.Золзаяа “Нэг малчин эмэгтэй бидэнд хандан “Би танай судалгаанд оролцохоор ирлээ. Гэтэл намайг сая наашаа явна гэхэд нөхөр дургүйцэн хойноос юм шидэн уурлаад үлдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Би машинтай болохоор асуудал гарахад машинаа унаад зугтдаг. Гэтэл машингүй хүний тухайд араас нь нөхөр нь юм аваад шидэхэд цохиулах эрсдэл бий” гэх мэтчилэн уйлаад ярьсан. Энэ мэт энгийн хэр нь өдөр тутамд нь хүчирхийлэл тохиолдож байгаа эмэгтэйчүүдтэй олон таарсан. Тэднээс яагаад эдгээр асуудлаа цагдаад хандаж хэлдэггүй талаар тодруулахад “манай гэр бүлийн хүн юм чинь, хүүхдүүдээ бодоод цагдаад мэдэгддэггүй” гэх тайлбарыг дийлэнх нь өгч байсан”
ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн А.Мөнхсувд “Хөдөө орон нутагт малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаагаа өөрөө сайн мэддэггүй. Хүчирхийлэлд өртсөн ч энэ талаар хууль хяналтын байгууллага, цагдаад мэдээлдэггүй тохиолдлууд байна. Үүнд хүүхдийн хүчирхийллийг харсан даруйдаа хүн бүр заавал мэдээлэх ёстой үүрэгтэй гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийг бүх төрлийн төрийн алба хаагчид, төрийн үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа ТББ-ын албан хаагчид заавал мэдээлнэ гэж заасан байгаа” гэв.
Малчин эмэгтэйчүүдийн 9,7 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг
225 малчин эмэгтэйн 80 хувь нь цагдаагийн байгууллагад хүчирхийллийн талаар дуудлага өгсөн эсэхийг лавлахад мэдэхгүй,14,6 хувь нь үгүй, 5,3 хувь нь л тийм гэж хариулжээ. Хэн нэгэнд хандаагүй шалтгааныг тодруулахад гэр бүлийн нэр төрөө бодсон 39,2 хувь, өрөвдөж, засрах байх гэж найдсан 20,8 хувь, дахин зодож, дарамтлах вий гэхээс айсан 10,8 хувь, хэн нэгэнд хэлэх боломжгүй байсан 10,8 гэж хариулжээ.
Судалгаанд 6 аймгийн 18 сумын 630 гаруй эмэгтэйг хамруулсан. Жишээлбэл Хөвсгөл аймагт энэ жил ганц гэрээрээ амьдардаг хоёр эмэгтэй нас барсан. Нэг нь малдаа авч өгч байгаад нас барсан, нөгөөх нь гэртээ нас барсан байдалтайгаар олдсон. Дандаа ганц бие эмэгтэй малчид. Хүүхдүүд нь сумын төв рүү орчихсон байх үед ийм үйл явдал болсон…гэж судалгаанд оролцсон иргэн ярьсан байна. Энэ мэтчилэн малчин эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа, амиа алдаж байгаа тохиолдлууд байна.
Ганц бие малчин эмэгтэй гэртээ нас барсныг 3 хоногийн дараа мэдсэн тохиолдол гарчээ
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Хэлбэл итгэхээргүй ч жишээ бий. Ганц бие малчин эмэгтэй гэртээ нас бараад гурав хоносон байхад илрүүлж байх жишээтэй. Маш олон зөрчил гарч ирсэн. Эдгээр асуудлуудыг ирэх онд бид 19 дүгээр илтгэлдээ дахин яам, тамгын газруудаас холбогдох судалгаануудыг нэгтгээд гаргаж тавина. УИХ үүнд нэлээд бодлогын шинж чанартай шийдвэр гаргах байх гэж бодож байна” гэлээ.
Малчдын 165,8 мянган буюу 57,4 хувь нь эрэгтэй, 122,8 мянга буюу 42,6 хувь нь эмэгтэй. Малчдын дунд хүйсийн хувьд эрэгтэйчүүд давамгайлж байна. Малчин эмэгтэйчүүдийн 62,3 хувь нь ноос, ноолуур, арьс, шир, сүү, цагаан идээ, мал зарах, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалт, 8,8 хувь нь нэмэлт орлогогүй гэжээ. 55,4 хувь нь сарын 320 мянган төгрөгөөс бага орлоготой, 36,8 хувь нь 320-600 мянган төгрөгийн орлоготой байна.
www.Eagle.mn
2 Comments
Xuuxdee xumuujuulexgui bgad asuudal bn. Xetsuu amidraltai ulsad tegeed yun xuuxed bdag bxoo.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт олон зүйл хамаарна. Бие махбод болон сэтгэл санаа, цаашлаад эд зүйлсийг нь гэмтээх хүртэл хүчирхийллийн хэлбэр юм.
Биеийн хүч илүү байлаа гээд хүч муу нэгнээ зодож нүднэ гэдэг нь тэр хүний сэтгэхүйд том асуудал байна гэсэн үг шүү дээ.
Мөн зарим тохиолдолд эмэгтэй хүн үглэж яншиж, хорон үгс чулуудах нь тэсвэрийг барах нь байдаг. Эсрэгээрээ дуугүй тайван юм шиг зарим эрэгтэй хүмүүс хорон үг чулуудаж эхнэрээ алсуур мэрж, чимээгүй алах нь байдаг.
Биеийн хүчээр нэгийг дийлнэ, оюуны хүчээр олныг дийлнэ гэж үнэн үг байдаг.
Одоо ухамсаргүй мулгуу хүмүүс өөрчлөгдөнө гэж байдаггүй учир хуулиа чангатгаж хатуу шийтгэлтэй болох хэрэгтэй.
Албадан хөдөлмөр хийлгэж, яс маханд нь шингээх хэрэгтэй.
Нөгөө талаар эрэгтэйчүүд мөн хүчирхийлэлд өртөх нь байдаг. Жендерийн тэгш байдлыг хангаж ажиллах хэрэгтэй.
Төр сул байна. Хууль сул байна.
Нийгэмд байгаа ухамсар муутай мулгуу хүмүүсийг чанга хууль дүрмээр дарж явахаас өөр аргагүй юм.
Төр засаг ажлаа хийх хэрэгтэй байна. Хүчтэй байх ёстой. 240 мянган алба хаагч орон тооны бөглөөс болохоо болих хэрэгтэй.