Залуухан аав гэр бүлээ хангалттай сайн тэжээж чадахгүй, гэр бүлийнхэнтэйгээ илүү дотно байх цаг хугацаа хомс, эхнэртээ тусалж чадахгүй дээ сэтгэл санаа нь тайван бус байх нь бий. Энэ байдлаасаа болоод цухалдах, аль эсвэл дуу муутай болох шинж тэмдэг ажиглагддаг.
ЭНЭ БАЙДЛААС ГАРАХАД НЬ ЯАЖ ТУСЛАХ ВЭ?
Нэгнийхээ дутагдалтай тал дээр нь болон ямар нэгэн зүйл болж бүтэхгүй байхад нь дөрөөлж шархыг нь хөндөх хэрэггүй. Харин хайртынхаа тайван бус байдлыг нь мэдсэн бол түүнийг сэтгэл санаагаар нь дэмжиж, өөрийг нь ямар ухаантай, боловсролтой, сайн хань болохыг нь хэлээрэй. Эрэгтэй хүн бие нь том ч сэтгэлийн тэнхээ нь өчүүхэн байдаг. Энэ нь сэтгэл санаагаар амархан унах тал дээр ажиглагддаг. Иймд хайртдаа үргэлж анхаарал, халамж тавьж, хүүхэд шигээ хандах хэрэгтэй болдог нь нууц биш юм.
Хосууд бие биенээ хамаатан садан, найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа хэн нэгэнтэй нь харьцуулдаг тал бий. Тухайлбал “Танай найз чинь эхнэртээ халамжтай, хүнээс дутахгүй амьдарч байна. Гэтэл чи өөрийгөө хар. Ямар ч хэрэг алга. Ийм амьдралаар амьдарна гэж ёстой бодсонгүй…..” гэх мэт. Энэ нь зөрөлдөөн, зэмлэл, гомдлыг авч ирдэг.
ИЙМ БАЙДЛЫГ ҮҮСГЭХГҮЙН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?
Харилцан бие биенээ зэмлэх нь тийм ч сайн зүйл биш. Ингэж суухынхаа оронд гэр бүлийн халуун дулаан яриа өрнүүлж, юу нь болохгүй байгаа болон, одоо яг яамаар байгаагаа хэлэлцэж шийдвэрлэдэг байх. Бусдын амьдралаар амьдрах гэж зүтгэх нь нэг талдаа өрөөсгөл ойлголт юм.
Одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдарч сурах хэрэгтэй. Хэт их зүйлийг амьдралаас хүсэх нь эргээд хяслан болдог гэдгийг бүү мартаарай. Өөрсдийнхөөрөө, өөрийн гэсэн хэв маягтай амьдрах шиг сайхан зүйл үгүй. Иймд асуудалд ухаалгаар хандах хэрэгтэй юм шүү.