40 ЭХНЭРТЭЙ ЦИОНА ХАНА: МИНИЙ СЕКС ХИЙХ ХУВААРИЙГ ХАМГИЙН АХМАД ЭХНЭРҮҮД МААНЬ ГАРГАДАГ

Манай гаригийн хамгийн олон эхнэр, хүүхэдтэй Энэтхэгийн иргэн Циона Хана одоогоор 40 эхнэр, 94 хүүхэд, 47 ач, зээтэй. Одоогоор гэсний учир нь тэр үхэх хүртлээ эхнэр авсаар байх болно гэжээ. Эхнэр хүүхдийнхээ нэрийг заримдаа андуурдаг ч бага охиноо Hnamhlunengi гэдгийг сайн мэдэж байгаа гэсэн.

Тэрбээр чухам яагаад ийм олон эхнэр авах болсон, өнөр бүл тэргүүлэхэд ямар асуудлууд тулгардаг талаар нь Германы өдөр тутмын “Sьddeutsche Zeitung” сонин ярилцлага авсан байна. Ингээд түүний онцгой содон хувийн амьдралтай танилц.

-Ноён Циона, 40 эхнэртэй байна гэдэг зарим хүний хувьд төсөөлшгүй зүйл. Яаж ийм зүйл болов оо?

-Би 17 настайдаа анхны эхнэр Затианжитай танилцсан. Анхны эхнэрийнхээ эцэгтэй нэг дор мужааны ажил хийдэг байсан. Би эхнэрээ анх харангуутаа л дурласан. Түүнд захидал бичин хайр сэтгэлээ илэрхийлсэн бөгөөд эхнэр маань захидлыг минь уншиж дуусаад толгой дохин инээмсэглэсэн. Хэдхэн өдрийн дараа бид хуримаа хийсэн дээ.

-Түүнээс хойш та 39 удаа гэрлэсэн.

-Тиймээ, би дахин дурласан. Нэг өдөр таван эхнэр авч, хуримаа хийсэн тохиолдол ч бий. Энэ бол жинхэнэ баяр байсан. Гэхдээ би дурласан болгонтойгоо гэрлэсэн юм биш. Заримдаа нинжин сэтгэлийн үүднээс гэрлэх шаардлагатай болдог. Намайг зорин ирж, эхнэрээ болгон аваач гэж зарим нь гуйсан.

-Энэтхэгт олон эхнэр авахыг зөвшөөрдөггүй юм биш үү?

-Зарим эхнэр маань нэн ядуу амьдралтайн улмаас идэх хоол, өмсөх хувцасны гачигдалд орж намайг зорин ирсэн. Би баян хүн биш ч гэлээ тэднийг халамжлан, тэжээх хангалттай хөрөнгөтэй. Олон эхнэр авахыг зөвхөн энэтхэгчүүдэд х о р и г л о д о г . Харин лалын шашинтнуудад нэг болон түүнээс дээш эхнэр авахыг зөвшөөрдөг. Миний удирддаг “Циона Ка Па” христийн бүлэглэл ч олон эхнэр авахыг зөвшөөрдөг. Эцэг маань манай сүмийг үндэслэгчдийн нэг. Тэр долоон удаа гэрлэсэн. Тийм болохоор би хууль бус зүйл хийгээгүй. Харин ч тусламж хэрэгтэй өнчин, ядууст санаа тавьж байгаа хэрэг.

-Тиймээс л Та бүгдэд зөвшөөрдөг байх нь?

-Би боломжтой бүхнээрээ эмэгтэйчүүдэд тусалж байх болно. Энэ бол миний үүрэг гэж ойлгож болно. Би тэднийг бүх талаар аз жаргалтай байлгаж чаддаг гэж боддог.

-Төр засгийн удирдлагууд Таны ийм амьдралд ямар нэг асуудал үүсгэдэг үү?

-Эрх мэдэлтнүүд бидний шашинг хүндэтгэн дотоод хэрэгт оролцдоггүй. Харин тэд заримдаа нийгмийн ажилтнуудыг манайх уруу илгээж, аюулгүй сексийн талаар хичээл заалгадаг.

-Танаас асуух гээд байсан сэдэв маань байна л даа.

-Сексийн тухайд уу. Би секс хийхийн тулд олон эхнэр аваагүй гэдгийг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж боддог. Миний ахмад эхнэрүүд надаас бүр хол өрөөнд байрладаг, бага эхнэрүүд надтай зэргэлдээ өрөөнд, бусад эхнэр дунд хавьд амьдардаг. Би бэлгийн харилцааг хүссэн үедээ ахмад эхнэртээ өдрийн цагаар мэдэгддэг. Тэрбээр залуухан эхнэрүүдээс ийм харилцаанд орох хүсэлтэй хэсгийг нь асууж бүртгэдэг. Тэд надаас хэзээ ч цааргалдаггүй. Үгүй гэсэн тохиолдолд мэдээж би тэдний шийдвэрийг хүндэтгэнэ. Гэхдээ би ганцаархнаа шөнийг өнгөрүүлнэ гэж бараг байхгүй дээ.

-Та 94 хүүхдээ ялгадаг уу?

-Мэдээжийн хэрэг. Би бүгдэд нь нэр өгсөн шүү дээ.

-Үнэн гэж үү. Тэгвэл таны 47 дахь хүүхдийг хэн гэдэг вэ?

-Тийм нарийн дарааллаар нь нэг бүрчлэн санахгүй л дээ. Харин царайг нь хараад нэрийг нь мэднэ.

-Танд 40 эхнэр, 94 хүүхдээс гадна 47 ач, зээ байна. Таны санаа тавих хүрээ өргөссөөр л..

-Манай нэг оройн хоолонд 30 тахиа, 65 кг төмс, 110 кг цагаан будаа шаардагддаг. Эхнэрүүд маань тав таваараа ээлжлэн хоол хийдэг. Охид мэдээж ээждээ тусална. Манай гэр бүл ерөнхийдөө хагас цэрэгжилтийн байдалтай гэж болно. Миний үг, үүрэг даалгаврыг тэд ягштал биелүүлдэг. Хооллоход хүртэл нарийн журамтай. Эхний ээлжинд хамгийн багууд, дараа нь ах, эгч нар, сүүлд нь би эхнэрүүдтэйгээ хооллоно.

-Бүх ажлыг Та хуваарилах уу?

-Үгүй л дээ. Ахмад эхнэрүүд маань өглөө бүр гэрийн ажлыг хуваарилан бусдадаа даалгадаг. Бүгд хуваарийн дагуу гэрээ цэвэрлэх, сав суулга угаах, хоол хийх зэргээ гүйцэтгэнэ.

-Олон хүний ариун цэвэр, ахуйн асуудлыг нэг дор шийдвэрлэх ч бас асуудал байх даа?

-Манай гэр 10 ариун цэврийн өрөөтэй. Бусдыгаа хүндэтгэх үүрэг тэдэнд бий тул элдэв асуудал үүсдэггүй.

-Гэхдээ л гэр бүл бүхэнд тулгамддаг элдэв зөрчилдөөн гардаг л биз дээ?

-Харин ч үгүй шүү. Эхнэрүүд маань яг л төрсөн эгч дүүс шиг дотно харилцаатай тул хэрүүл маргаанаар асуудлыг шийдвэрлэдэггүй. Тэдний таагүй харилцаа миний зүрхийг шархлуулдаг гэдгийг тэд мэддэг болохоор намайг амар амгалан байлгах бүх боломжийг бүрдүүлдэг.

-Танай гэр бүл хоол, хувцасны асар их хэрэглээтэй нь лав. Энэ бүгдийг Та хэрхэн зохицуулдаг вэ?

-Би тавилгын хэд хэдэн дэлгүүртэй. Мөн манай гэр бүл гадил жимсний тариалан эрхэлдэг. Түүнээс гадна би тосгоныхоо захирагч, шашны байгууллагын тэргүүн учраас багагүй зүйлийг зохицуулж чадна. Миний том хүүхдүүд ажил хийж, гэр бүлийнхээ төсөвт нэмэр болдог.

-Та одоо 67 настай. Таны хувьд ийм олон эхнэр хангалттай биз дээ?

-Асуудлын гол нь надад хангалттай эсэх биш. Харин бурханд хангалттай юу үгүй юу гэдэг л байна. Бурхны аугаа хүчний өмнө би хүчин мөхөс. Би хоёр жилийн өмнө сүүлийн эхнэрээ 26 настай байхад нь авсан. Гэвч маргааш шинэ эхнэр хаалга тогшин над дээр ирвэл надад татгалзах эрх байхгүй. Магадгүй би үхэн үхтэлээ гэрлэх байх. Циона Хана нь христийн шашны “Циона Ка Па” буюу эцэг гэсэн утгатай бүлэглэлийн тэргүүн. Уг шашны бүлэглэлийг 1942 онд Ханагийн эцэг, авга ах нар нь байгуулжээ. Бүлэглэлийн гишүүд Энэтхэгийн Мизорам мужийн Baktawng тосгонд гадаад ертөнцөөс тусгаарлагдан амьдардаг аж. Тэд Христийг буцаж ирэх нь гарцаагүй гэж үздэг бөгөөд бүлэглэлийн тэргүүн бурхантай холбоотой байж, бурханд хандан ярилцдаг байна.

1 Comment

  1. Dfasdff says:

    Oilgogdoj l bn.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.