Ихэнх судалгаа, шинжилгээ 20-иод насыг хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой нас гэж тодорхойлдог. Учир нь түүнээс хойш хүүхэд төрүүлэхэд илүү хүндрэлтэй болдог гэж үздэгтэй холбоотой. Харин сүүлийн үед хүмүүс илүү хөгжиж боловсрон, бэлэн болсныхоо дараа хүүхэдтэй болохыг эрхэмлэдэг болсон билээ. Тэгвэл энэ төрлийн хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Гучин наснаас хойш хүүхэд төрүүлвэл таны хүүхэд илүү ухаалаг болох магадлал нэмэгддэг аж.
1. Гучин наснаас хойш төрүүлсэн хүүхэд илүү ухаалаг байдаг
Эмч болон судлаачид оройтож хүүхэд төрүүлэхийн эрсдлийн тухай л ярихаас биш, давуу талыг нь огт дурьддаггүй билээ. Тэгвэл Их Британийн нэгэн судалгаагаар оройтож хүүхэд төрүүлэхийн давуу талыг судалсан байна. Тодруулбал, 18,000 хүүхдийг хамруулсан “Мянганы Кохорт судалгаа”-гаар ээжийнх нь төрүүлсэн нас, хүүхдийн хөгжилтэй холбоотой болохыг тогтоожээ. Уг судалгаагаар 30-39 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн ээжүүдийг оролцуулж, хүүхдүүд нь 20-29 насандаа төрсөн ээжүүдийн хүүхдээс илүү ухаалаг болох нь харагдсан байна.
Залуу ээжүүдээс төрсөн 5 настай хүүхдүүдийг, ээж нь 30 гаруй насандаа төрүүлсэн 5 настай хүүхдүүдтэй харьцуулан танин мэдэхүйн тест бөглүүлэхэд, оройтож төрсөн ээжийн хүүхдүүд илүү өндөр оноо авчээ. Энэ судалгаа нь мөн Шведийн 16 настай сурагчдын дунд явуулсан сурлагын дундаж онооны судалгааны үр дүнтэй нийцсэн байна. Энэ судалгаагаар ээжийнхээ 35-39 насанд төрсөн хүүхдүүд хамгийн өндөр оноотой тэргүүлж байсан бол ээжийнхээ 30-34 насанд төрсөн хүүхдүүд оноогоороо хоёрдугаарт орж байжээ.
2. Оройтож төрсөн ээжүүд залуу ээжүүдээс илүү хариуцлагатай
Яагаад ээжийн төрсөн нас нь хүүхдийн оюун ухаанд нөлөөлдөг юм бол? гэсэн асуулт та бүхэнд төрсөн байх. Тэгвэл Лондонгийн Эдийн засгийн сургуулийн судлаачдын нэг Алис Гоисис “Гучаад насандаа анх төрсөн эмэгтэйчүүд илүү боловсорсон, өндөр орлоготой, гэр бүлийн тогтвортой харилцаатай, амьдралын эрүүл хэв маягтай тул төрөхийн өмнө сайтар төлөвлөж, биеэ тордсон, жирэмсний хяналтад тогтмол орсон байдаг зэрэг шалтгаанаас үүдэлтэй” гэж үзсэн байна.
3. Хэтэрхий оройтож төрөх нь ашиг тусгүй байх магадлалтай юу?
Харамсалтай нь, 40-с хойш насанд жирэмсэлж, хүүхэд төрүүлэх нь ямар нэг давуу талгүй болохыг энэ чиглэлийн судалгаагаар тогтоожээ. Гэсэн хэдий ч энэ судалгаанд 40 болон түүнээс дээш насны ердөө 50 орчим эхчүүд оролцсон тул хангалттай үр дүн гараагүй байж болох юм.
Харин Шведийн судалгаагаар ээжийнхээ 40-44 насанд төрсөн 16 насны хүүхдүүд, 20-иод насны ээжээс төрсөн хүүхдүүдээс илүү ухаалаг болох нь тогтоогдсон байна. Харин ээжийнхээ 45 ба түүнээс дээш насанд төрсөн хүүхдүүд 25-29 насны ээжтэй хүүхдүүдээс муу үр дүн үзүүлсэн байна. Тиймээс хэтэрхий оройтох нь давуу тал бий болгохгүй байх эрсдэлтэй аж.
4. 1958-1970 оны үед эсэргээрээ байсан
1958, 1970 онд явуулсан судалгааны мэдээллээр эсрэг үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл ээжүүд нь 35-39 насандаа төрүүлсэн 10-11 насны хүүхдүүд, 25-29 насны ээжүүдээс төрсөн хүүхдүүдээс илүү муу үр дүн үзүүлсэн байна.
Гэсэн хэдий ч, энэ үр дүн нь 2000-2002 онуудад бүрэн өөрчлөгдөж, 30-аад насандаа төрүүлсэн хүүхдүүд илүү ухаалаг байх болжээ. Судлаач Алис Гоисисийн хэлснээр энэ нь олон жилийн туршид эмэгтэй хүний шинж чанар өөрчлөгдсөнтэй холбоотой юм байна.