Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нуршгүй харилцааг бий болгох билээ. Хосуудын гэрлэлт, хамтын амьдралд 7 үе шат байдаг бөгөөд тус бүрт нь хосууд юу юуг туулдаг болохыг ойлгож авах нь аз жаргалтай амьдралын нэгэн нууц юм.
1. Тэмүүлэл
Романтик болзоо, бал сар гэх мэт хосууд бие биедээ хамгийн их татагдах процесс явагддаг энэ үе нь богинохон, 2 жил гаруй үргэлжлэх бөгөөд дараа нь хэдий өөрсдөөс нь шалтгаалах зүйл ч гэлээ ихэнх хосууд анхных шигээ байхаа больж хөндийрч эхэлдэг. Харин энэ үед тэмүүллийн үе шат нь чухал ач холбогдолтой бөгөөд байгаль эхийн нарийн зохион байгуулсан тархины сайн сайхныг мэдрэх эдүүд эрчимтэй ажиллаж эхэлдэг.
Энэ нь хосууд бусад бүх асуудлыг хойш тавьж өөрсдийн харилцаандаа анхаарах үе шат юм. Оройтож гэрлэх эсвэл дахин гэрлэх үед ч бас энэхүү үе шат явагддаг. Гэрлэлтийн энэ үе шатанд хосууд бие биедээ ухаангүй дурлаж хамтдаа хөгжилтэй байхаас гадна цаашид харилцаагаа үргэлжлүүлэн авч явах бат суурь болсон итгэлцэл, хүндлэл зэргийг цогцлоож байдаг.
2. Ухаарал
Ухаарлын үе шатанд тэмүүллийн үе дуусч хосууд бие биедээ өөр өөр талуудаа харуулж эхэлдэг. Яг энэхүү үе шатанд л жишээ нь, таны нөхөр суултуурын таглааг хаадаггүй эсвэл аяга тавгаа хураадаггүй гэдгийг анзаарч эхэлдэг. Урам хугаралт, зөрчилдөөн бол зайлшгүй туулах ёстой энэхүү үе шат ирсний дохио бөгөөд хосууд харилцаагаа нэг алхам урагшлуулж нэг нэгнээ байгаагаар нь хүлээн авч сурах хэрэгтэй.
Гол зорилго болон сорилт нь юу вэ? Нэгнийхээ төлөө өөрчлөгдөх, хүлээн авах, хүндлэл зэрэгт суурилсан урт хугацааны харилцааг бий болгох. Яг юуг хүсч хүлээдэг тухайгаа бие биедээ илэн далангүй хэлж хоорондоо ярилцаж, сонсдог байх хэрэгтэй. Энэ нь цаашдаа урт хугацааны турш бие биесээ дэмжиж ойлголцох суурь байх болно.
3. Зөрчилдөөн
Найзуудтайгаа зугаацдаг байсан үеэ санана, хуучны тоглоомуудаа үгүйлж эхэлнэ. Нэг нь аяллаар явахыг хүсч байхад нөгөө нь спортын тэмцээн үзэхийг хүснэ. Хэн хэн нь өөрийн карьерийг өсгөхийг хүснэ. Эхний үе шатуудыг амжилттай давж аз жаргалтай амьдралын суурийг тавьж чадсан, харилцан хүндлэлтэйгээр амьдарч буй хосууд хүртэл цаг хугацааны эрхээр хувийн эрх ашиг нь хоорондоо зөрчиллдөх үе ирдэг. Ийм үе ирэхэд гэрлэлтийнхээ төлөө тэмцэхэд бэлэн байгаарай.
Зөрчилдөөний үе шат нь тийм ч амаргүй үе байх болно. Хосууд хоёул өөрсдийн зөв гэж бодож байгаа, тиймээс нөгөө талын буруу. Энэ нь нэгэн зэрэг ёс суртахуунтай байхын зэрэгцээ бас нөгөө талаа бурууг нь хүлээлгэх эсвэл өөрийн буруутайг хүлээн зөвшөөрөх ёстой болно гэсэн үг. Гэрлэлт ийм байдаг гэж үү?
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гэрлэлтийн зөрчилдөөний үе шат нь зайлсхийх боломжгүй бөгөөд одоо маргалдах урлагт суралцах нь чухал болоод байна. Асуудлын гол нь хосууд маргааны үед шийдлийг хайж, ярилцдаггүй, зөвхөн маргадаг. Учир нь үзэл бодлын зөрүүтэй байдал уур уцаартай нийлснээр, үл итгэлцэл, хэт үрэлгэн болох, эсвэл гэнэтхэн ажлаас нь өөр хот руу шилжүүлэх гэхэд зөвшөөрөх гэх мэтээр үйл хөдлөлд нөлөөлж тань сөргөөр нөлөөлж эхэлнэ.
4. Хамтын ажиллагаа
Гэрлэлтийн дараа цаг хугацаа урсан өнгөрөх тусам илүү их асуудлууд ундарч байдаг. Тушаал дэвшиж, илүү том байр авч, хүүхдүүдтэй болно. Хамтын ажиллагааны үе шатанд, гэрлэлт илүү бизнесийн чанартай болдог. Бүх хайр, сэтгэл хөдлөл зэргийг хойш тавихад төлөх ёстой зээлүүд, зохицуулах ёстой хөрөнгө оруулалтууд, эрүүл мэнддээ анхаарах, бас хамгийн чухал нь хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх зэрэг бодит асуудлууд гарч ирдэг.
5. Эргэн нэгдэх
Хэрэв хүүхдүүдтэй бол хамтын ажиллагааны үе шат 10-20 жил үргэлжлээд дуусдаг. Эцэг эх байх үүрэг хариуцлага багасаж, хувийн карьер болон санхүүгийн байдал тогтворжиж, зээлээ төлж дуусна. Үүний дараа яах вэ? Аз жаргалтай хосуудын хувьд, энэ үе шат бол эцэг эх, хамтрагчдын хувиар бус жинхэнэ найзууд, хайртай хосуудын хувиар бие биедээ дахин дурлах үе болдог. Энэ үе шатанд хүрвэл аз жаргал, ойлголцол, амар тайванд хүрч чадна.
Хэдий сайхан сонсогдож байгаа ч амаргүй байх болно. Жишээ нь, хүсэл тэмүүллийн очийг унтраахгүй байх хэрэгтэй; урам хугаралт болон хөндийрсөн харилцааг зохицуулах; харилцан хүлээх үүрэг, хүлээлтийг зохицуулах гэх мэт.
6. Тэсрэлт
Ажлаа алдах, эрүүл мэндийн асуудлууд, шинэ газар луу нүүх, санхүүгийн асуудлууд, эцэг эхийн нас барах болон өвчин тусах зэргээр амьдралд асуудлууд байнга ар араасаа ундарсаар байдаг. Тэсрэлтийн үед та эсвэл хамтрагч тань аль аль нь хоорондын харилцаанд тань сар, жилээр эсвэл магадгүй үлдсэн амьдралын туршид нөлөөлж мэдэх томоохон асуудлуудтай тулгарч байдаг. Бусад үе шатууд дарааллын дагуу болдог бол тэсрэлтийн үе хэзээ ч тохиолдож болно (Ихэвчлэн 40-50 насанд тохиолддог).
Урьдаас таамаглаагүй шинэ үүрэг, хязгаар, айдастайгаа хувийн асуудлуудтайгаа нүүр тулах үед гэрлэлт таны тайтгарлын эх үүсвэр болно. Тэсрэлтийн үед хосуудын гол зорилго нь: амьдралд гарч буй аливаа сорилт өөрчлөлтүүдтэй зоригтой нүүр тулж байх, үүний зэрэгцээ эрүүл, аз жаргалтай хэвээр байх. Энэхүү үе шат нь гэрлэлтийн дараах өдөр тутмын амьдралын энгийн аз жаргалыг мэдэрч, айдас болон уур уцаар бухимдлаа хойш тавих бололцоо олгодог.
7. Аз жаргалтай төгсгөл
Маш олон судалгаанаас үзэхэд хэдэн арван жил хамтдаа амьдарч буй хосуудын амьдрал аз жаргалаар бялхаж байдаг нь нотлогдсон . Учир нь энэ үед хүүхдүүд тусдаа гарчихсан, мөн хосууд бие биенээ маш сайн мэддэг. Мэддэг гэдэг нь зөвхөн бие биенийхээ зан ааш, хүсэл сонирхол, дадал зуршлыг мэдэхээс ч илүү гүн гүнзгий утга учиртай болсон байдаг.
Хэдий үрчлээ сууж өтөл настай болсон ч дотор орших хүүхэд зангаа гээхгүй байх нь аз жаргалтай байх арга мөн. Бие биенээ хүүхэд мэт хайрлаж, инээлгэж, хүндэлж байх нь аз жаргалтай гэрлэлтийн жинхэнэ түлхүүр байдаг. Мөн өнгөрсөнд бус одоогоор амьдарч байх. Гэрлэлтийн энэ үед, хамгийн жаргалтай үе нь өнгөрсөн дурсамжид бус одоо, ирээдүй маргаашид байдаг.