Монголчууд цайны дээж өргөх үедээ үс гэзгээ янзлан, нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, гарын алгыг дээш харуулсан маягтайгаар хэт халуун биш цайны дээжийг өргөдөг. Мөн өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй аж. Харин өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг.
“Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнх тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдгууд минь, атаа таван тэнгэр минь та бүхэндээ …. жилтэй …. овогтой …. би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж, эцэст нь Үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.
Түүнчлэн цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал юм. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээдэг. Учир нь Монголчууд бид өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг ард түмэн билээ. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа утгыг илэрхийлдэг.
Үүнийг өгүүлж буйн учир нь одоо миний дээр дурдсан бүхэн жам ёсоороо хэрэгжиж байна уу гэдэг л байна.
Бидний өвөө, эмээ гэрийнхээ тооноор, хашааныхаа амбаарынхаа поорчигоор цайныхаа дээжийг “цацаж” байсан удаа нэг ч үгүй санагдана. Гэтэл нийгэм өөрчлөгдөж олон өрх айл орон сууцанд амьдрах болж хүмүүсийн цайны дээж өргөх арга барил ч өөрчлөгдөн “хотжих” болов.
Тэгвэл өнөө цагт энэхүү ёс уламжлал олон хүний бухимдлыг төрүүлэх болсон нь нууц биш. Олон хүмүүс гэдэгтээ би орон сууцныхаа гадаа машинаа байрлуулдаг иргэдийг онцолж байна. Дулаан зогсоолд машинаа тавьдаггүй хүмүүс өөрийн амьдарч байгаа хороолол, хотхон, байрныхаа гадаа машинаа байрлуулдаг билээ. Тэгвэл тэдгээр хүмүүс өнөөдөр өөрийн эзэмшлийн машинаа амьдарч буй байрныхаа гадаа байрлуулж зогсоосныхоо төлөө хохирсоор байна.
“Цай сүүнийхээ дээжийг цонх болон тагтаараа өргөдөг хүмүүсээс болж хувь хүн буюу авто машинаа байрныхаа доор тавьдаг хүмүүс хохирч байна. Харин авто машины эзэн хий дэмий уурлаж бухимдаж, цайны дээж өргөгчийг хараасаар хоцордог нь гэм биш зан болчихжээ.”
Энэ тохиолдолд цонхоор өргөсөн цайны дээж өвөг дээдэст хүрч залбирал болон тусах нь юу л бол. Аль алиндаа төвөг удахгүй өргөөд сурчихвал ядаж л танд болон таны үр хүүхэд, хань ижилд нэгэн төрлийн засал болно шүү дээ. Нөгөөтэйгүүр хүнд төвөг удаж арай гэж олсон хэдэн төгрөгөөс нь хороож машин угаалгын газар руу гүйлгэхгүй байх сайн талтай.
Орцоороо гараад сайхан хүслээ бодоод өргөх ёстой зүйлийг хөл, гаргүй юм шиг заавал цонхоороо өргөх ямар хэрэг байна вэ? Зарим нэг настай хүмүүс орцынхоо гадна өргөж харагддаг. Гэхдээ маш ховор. Ихэвчлэн маш олон хүмүүс залхуурдаг болж. Ингэхээрээ л ёс биш болоод явчхаж байгаа юм. Дөрвөн зүг найман зовхис, дээд доод газар тэнгэртээ өргөж чадахгүй байна. Харин ч эргээд доор нь байгаа бусдын эд хөрөнгө, машин тэрэг дээр тусаж олон хүний эд хөрөнгийг сүйтгэж, хараалыг нь идэж байна. Үүнийг хүн бүр мэдэж байгаа хэдий ч засаж залруулахгүй байсаар байна.
Монгол хүн гэрийнхээ тооныг эрхэмлэж, хорол тооно гэж үздэг. Монгол гэрийн тооноор нарны цацраг тусаж, гэр доторх зүйлсийг гийгүүлж байдаг. Тиймдээ ч тооноороо юм чулуудах, тооноороо гарахыг хатуу цээрлэж ирсэн. Одоо орон сууцанд амьдарч байгаа айлуудын хувьд цонх нь нарны гэрэл тусаж орж ирдэг тооно нь гэсэн үг. Тэгэхээр цайны дээжээ цонхоороо өргөнө гэдэг бол тооноороо дээж өргөсөнтэй агаар нэг.
Тооноороо цайны дээж өргөдөг ёс манайд байгаагүй, байх ч ёсгүй юм. Энэ бол хамгийн цээртэй зүйл бөгөөд ижий, ааваа үгүйсгэж байгаатай адил тусдаг аж. Мөн уламжлалыг урвуугаар эргүүлж байгаа хэрэг юм. Тэгэхээр хүн бүр үүнийг буян хишгээ барах, хэрүүл уруул даллах, хийморь лундаагаа доройтуулах ёрыг билэгдэж буй хэрэг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй билээ.
Мөн нэг зүйлийг сануулахад цай сүүний дээжийн толбо машины лакыг гэмтээж, бүр будаг руу нь орж толбо үлдээдэг. Бүтэн будганд оруулахгүй л бол толбо нь арилдаггүй. Будаг хийлгэвэл хэдэн зуун мянган төгрөг зарцуулна. Ингэж машинаа толбо болгуулсан хүн ерөөх үү, хараах уу?
Тиймээс цонхоороо цайны дээж өргөж, их сайхан буян тогтооё гэж бодсон нь талаар болж, харин ч хилэнцийг арвитгах магадлал асар өндөр болчхож байна гэдгийг хүн бүхэн ойлгох нь зүйтэй. Цай сүүний толбо болсон машинаа хараад шууд авч яваад бүтэн угаалгадаг хүн маш ховор. Бүгд ажилтай, завгүй учраас тэр чигт нь хэд хонуулаад угаалгахад нөгөө толбо нь арилахааргүй шингэсэн байдаг.
Бусдын залхуурч цай сүүний дээжээ цацах байдлаас болж хэн нэгэн хүн хохирох ёсгүй шүү дээ.
За юун сүртэй юм, зүгээр арчаад арилгачихна биз гэх хүмүүс байгаа бол тийм биш ээ. Зүгээр арчаад арилчихдаг бол энэ асуудал олны бухимдлыг төрүүлэхгүй шүү дээ. Арилдаггүй болоод л хүмүүс уурлаад аргаа бараад байдаг хэрэг нь тэр.
Бүгдээрээ цай сүүний дээжээ ёс журмынх дагуу өргөж сурцгаая.
Э.Анударь