С.Минжин: Тэмбүү өвчин хүний арьс, дотор эрхтэн, мэдрэлийн систем, яс, үе мөч, холбогч эдийг гэмтээдэг

Улсын хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 38.0 хувийг эзэлсэн. Үүнээс бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5,500 гаруй хүн уг өвчнөөр өвчилсөн байна. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн байгаа нь “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан илрүүлэг шинжилгээний үр дүн гэж эмч нар үзэж байна.

Тиймээс дээрх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Бэлгийн замаар дамжих халдварын ахлах зэргийн эмч, Клиникийн профессор С.Минжинтэй ярилцлаа.

-Тэмбүү гэж ямар өвчин бэ?
Тэмбүү өвчин бол бэлгийн замаар дамжих халдварт өвчин. Уг өвчин нь нэгдүгээрт бэлгийн замаар буюу өвчтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд, хоёрдугаарт халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээс дамжих, гуравдугаарт өвчтэй эхээс хүүхдэд, эхээс урагт дамжин халдварладаг өвчин юм. Мөн тэмбүү өвчин нь хүний биеийн олон эрхтэн системийг гэмтээдэг, халдварт өвчин гэж үздэг. Арьс салст, дотор эрхтэн, таван цул, мэдрэлийн системийг гэмтээнэ. Цаашилбал холбогч эд, яс мөгөөрсийг гэмтээдэг. Олон арван жил шинж тэмдэг өгөхгүй, далд хэлбэрээр үргэлжилдэг урагт дамжин халдварладагаараа аюултай юм.

-Тэмбүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Бэлгийн замаар дамжих халдварт тэмбүү, заг хүйтэн, трихомониаз гээд гурван зонхилон тохиолдох өвчин байдаг. Түүнээс тэмбүү өвчин бол сүүлийн жилүүдэд буурахгүй, нэмэгдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Хамгийн гол зөвлөгөө бол “ТЭВЧ, ҮНЭНЧ БАЙ, БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭ, МАНСУУРУУЛАХ БОДИСООС ТАТГАЛЗ” гэсэн дүрмийг хэрэгжүүлэх нь зохистой арга.

Хоёрдугаарт сайн дурын үзлэг шинжилгээний төвүүдээр 6 сар тутам шинжилгээнд хамрагдах, улмаар эрт оношилж чадвал эмчилгээний үр дүн сайн. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд эрт хяналтад орсоноор төрөлхийн тэмбүүгээс урьдчилан сэргийлж чадна. Тэмбүүгийн өвчлөл Монгол улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдэж, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурахгүй байна.Төрөлхийн тэмбүүгийн асуудлыг авч үзэхэд маш их сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байна. Улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн 2015 онд 52, 2016 онд 42, 2017 онд 59, 2018 онд 49, 2019 онд 66 тохиолдол бүртгэгдсэн.

Мөн манай улс ДЭМБ-ын номхон далайн баруун бүсэд хамаарагдах бөгөөд эмэгтэй биеэ үнэлэгч, эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дундах тэмбүүгийн тархалт өндөр улс орны тоонд ордог.

-Ямар насны иргэд энэ өвчнөөр өвдөх магадлал өндөр байна вэ?
Бэлгийн идэвхтэй амьдралтай хүн бүр уг өвчний халдвар авах эрсдэлтэй. Иймээс 21 аймаг, 9 дүүрэгт ДОХ, Бэлгийн Замаар Дамжих Халдварын кабинет, Сайн Дурын Зөвлөгөө Шинжилгээний Төвүүд, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, нэгдсэн эмнэлгүүд, амаржих газрууд, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тэмбүү, ДОХ-ын шинжилгээг үнэ төлбөргүй өгөхийг зөвлөж байна.

-Уг өвчнөөр өвдсөн хийгээд удаан хугацааны турш өвчилснөө мэдээгүй явсан хүний биед ямар хор хөнөөл учрах вэ?
Тэмбүү өвчний онцлог нь ихэнхдээ шинж тэмдэг илэрдэггүй учраас хүмүүс өөрийгөө эрүүл гээд яваад байдаг. Сүүлийн үед иргэд дур мэдэн замбараагүй эм тариа хэрэглэсэнтэй холбоотойгоор тэмбүү өвчний шинж тэмдэг нь бүдэг, балархай хэлбэрээр явагддаг болсон. Тэмбүү өвчний халдвар авснаас хойш ойролцоогоор 3-4 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх/хатуу яр/ гарна. Энэ үед ойролцоох цавины булчирхай цочиж томорно. Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ. Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн,мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс,үе мөчийг гэмтээнэ. Тиймээс хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж оношлуулах, эрт үед нь эмчилгээнд хамрагдах нь чухал юм.

-Иргэдийн хувьд шинжилгээг ямар хугацааны давтамжтай өгөх хэрэгтэй вэ?
Эрсдэлтэй бэлгийн хавьталд орсон бол нэн даруй сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төвүүдэд хандах хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор 6 сар тутам сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд шинжилгээ өгөөрэй. Уг шинжилгээг хурдавчилсан оношлуурын аргаар авч 15 минутын дотор хариу гарах боломжтой.

-Эрэгтэйчүүдийн хувьд шинжилгээ, үзлэгт хамрагдахдаа эмээдэг, ичдэг хандлага байна. Үүнд эрүүл мэндийн байгууллагууд яаж ханддаг вэ?
Бэлгийн замаар дамжих халдвар авсан эрэгтэйчүүд эмнэлэгт хандах хандлага сул байдаг. Өөрөөр хэлбэл айх, ичих, санаа зовох хандлагатай учраас өөрөө дур мэдэн эмийн сангаас эм тариа аваад хэрэглэчих тал бий. Энэ нь ерөнхийдөө хүний сэтгэлзүйд хүнд сэдэв л дээ. Өвчинг хэлж ирдэггүй гэдэг шүүдээ. Санаатайгаар өвдөхгүй нь ойлгомжтой. Гэр бүлийн хоёр хүн байлаа ч нэгэнд нь хэлэх юм, нөгөөд нь хэлэхгүй зүйл гэж тусдаа байна. Хувь хүний нууцыг чанд хадгалдаг. Тиймээс үүнд айж ичих, санаа зовох зүйл огт байхгүй. Хамгийн гол нь өвчнийг эрт илрүүлээд, эрт оношлоод, эрт эмчилгээнд орж чадвал үр дүн сайн. Бусад эрхтэн системээ гэмтээхээс нь өмнө эрт эмчилгээнд хамрагдах нь хамгийн чухал.

-Сүхбаатар эрүүл мэндийн төвийн хувьд тэмбүү өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа вэ? Урьдчилан сэргийлэх арга замын талаар ямар мэдлэг мэдээлэл түгээсэн бэ?
Манай Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2017 оны Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд 2019 оны ЭМС-ын А/327 дугаар тушаалын хүрээнд Тэмбүүг устгая үйл ажиллагааны хүрээнд эрчимжүүлэх төлөвлөгөө гарган эрсдэлт бүлэг, оюутан сурагчид, 18-45 насны нийт хүн амыг ХДХВ, ДОХ, тэмбүүгийн шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Үүний хүрээнд 1-р улиралын байдлаар зорилтот насны 5682 хүн хамрагдсан нь хамрагдвал зохих насны хүн амын 18,4%-ийг хамруулсан байна.

Түүний дунд хаягийн зөрчилтэй, орон гэргүй иргэд, ялангуяа манай дүүрэг эрсдэлтэй, өртөмтгий бүлгүүд, түр оршин суугч, оюутан сурагчдын хөдөлгөөн ихтэй. Тухайлбал улсын харьяалалтай МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС- гэх мэт томоохон их дээд сургууль, оюутны байр байрладаг. Тиймээс бид оюутан залуучуудруу чиглэсэн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааг тогтмол зохион явуулдаг.

Иймд 100 айлд байрлах Зөвлөх поликлиникийн “САЙН ДУРЫН ЗӨВЛӨГӨӨ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” буюу 418 тоот өрөөнд ажлын өдөр 08:30-15:30 цагийн хооронд харьяалал харгалзахгүй, бичиг баримт шаардахгүй, үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтой. Бидэнд хандсан хүн бүрийн нууцыг чанд хадгалан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна. Зөвлөгөө өгөх утас 11-354587.

Ч.Өлзийсайхан
SOURCE: Tas.mn

2 Comments

  1. Зочин says:

    Тэмбүүгээс болж үс унсан бол ямар эмчилгээ хийх бэ

  2. small says:

    Бэлгийн замын халдварт өвчтэй исхээ мидэх сайн дурын шинжилгээ хаана хаана авдаг вэ???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.