“Аяндаа л болдог юм”, “эртхэн хүүхэдтэй болсон нь дээр”, “хүүхэд өөрөө өсчихдөг” гэсэн үгсийг та олонтоо сонсож байсан биз. Харин эдгээр үгсийг сүүдэр мэт дагалдах “хариуцлага”-ын тухай хэр их сонссон бол? Тиймээс “хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх” гэсэн ойлголтын талаар энд хөндөхөөр шийдлээ.
“Үр хүүхэд өсгөнө гэдэг бол авьяас шаардсан бүтээлч хэрэг. Хэрвээ сайн аав, ээж байхыг хүсвэл шүү дээ.” Хүүхдийн зохиолч Маурис Сендак Шуудхан хэлэхэд аав, ээж байхад бэлэн биш бол эцэг эх болох асуудлаа түр хойш тавьсан нь дээр болов уу. Үүгээрээ битгий хүүхэдтэй бол гэж хэлэх гэсэнгүй. Харин урьдаар, хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ягштал ойлгон ухамсарлаж, сэтгэл зүй, хандлага, бие физиологи болоод эдийн засаг талаасаа өөрийгөө бүрэн бэлдэх нь бидний өмнө тулгарч байгаа нэн чухал асуудал болоод буйг сануулах гэсэн юм. Энэ асуудлыг бараг нийтээрээ үл ойшоодгоос болж хар аяндаа хүүхэд төрүүлж, хар зөнгөөрөө өсгөдөг байдлын хохирогч нь хүүхдүүд болсоор байна. Үүний хамгийн хүнд хэлбэр болох эцэг эхийнхээ гарт хүчирхийлүүлж байгаа, хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа, өлсгөлөн, ядуу зүдүү амьдралд нухлагдаж, хамгаалал хайрыг хүссэн олон мянган хүүхэд бидний дунд амьдарч байна.
“Сайн аав байхгүй л юм бол яах гэж хүүхэдтэй болно гэж. Хаа сайгүй маш олон хүүхэд байна. Зүгээр л сэлгүүцэж тэднийг зовоох гэж үү? Битгий битгий л тэгээрэй дээ” М.Сендак
Түүнчлэн хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх бүрэн боломжтой ч энэ тухай мэдлэг мэдээлэл, ойлголтгүйгээсээ болоод хүүхдэдээ аав, ээж биш ердөө л эцэг эх нь болж хувирах нь ч бий. Хүүхдийг төлөвлөдөггүй, төлөвлөж болохгүй асуудал гэсэн ойлголт манайд амь бөхтэй байсаар ирсэн. Ямар ч бэлтгэлгүй сууж байгаад л хүүхэдтэй болцгоож, “хүүхэд хүнстэйгээ ирдэг”, “хүүхэд бол бурхны бэлэг” гэх мэт үгсээр бие биесээ хөөрөгдөж, “насанд хүрээгүй” эцэг эхчүүдийн тоог нэмнэ. Ингээд л хүүхдээ ямар орчинд өсгөх, ямар боловсрол олгох, яаж хүмүүжүүлэхээ бодоогүй, бэлдээгүй, мэдэхгүй болохоор “мөр бүтэн, гэдэс цатгалан” өсгөх төдийгөөр эцэг эхийн үүргээ сайн биелүүллээ хэмээн сэтгэл ханаж, үүнээс цаашхыг зөнгөөр нь орхиж байгаа нь харамсалтай.
Энэ байдлаас болоод өнөөгийн задгай нийгэмд задгай өсөж байгаа хүүхдүүдийн тухай элдэв тоо баримт дурдахын ч хэрэггүй, нүдээ нээгээд харахад л дүүрэн байдгийг та ч, би ч мэднэ. Хүүхдийнхээ өмнө хүлээх үүргээ бүрэн ухамсарлахгүй байгаа, хэрхэн яаж биелүүлэхээ мэдэхгүй байгаа нийтлэг хэдхэн жишээ дурдъя.
1. Бага насныхан 2-3 цагаар зурагт гөлөрнө. Хоёрхон настай хүүхэд утас өгөхгүй бол уйлж чарлана. Эцэст нь дэлгэцээс хамааралтай болох, хараа муудах, харилцааны гажигтай, бие султай болох зэргээр эрүүл мэндээрээ асар их хохирч буйг эцэг эхчүүд ноцтой асуудал гэж үздэггүй. Энэ бол техник технологийн хурдацтай хөгжлийн нөлөө гэхээсээ илүүтэй хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хүүхдээ эрүүл саруул өсгөх хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай холбоотой.
2. Тархи нь хамгийн хурдацтай хөгжиж буй 2-3 настай хүүхдүүдтэйгээ хамтдаа зурагт ном үзэж, зураг зурж, хамтдаа шинийг туршиж, хамтдаа тоглож, хүүхэдтэйгээ байх цаг мөч бүрээ чанартай өнгөрүүлж буй аав, ээж хэд вэ? Ээж, аавтайгаа хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа гэдэг хүүхдийн хувьд хайр халамжийг, бас ямар үнэ цэнэтэй хүн болохоо мэдрэхийн зэрэгцээ хэл яриа, сэтгэхүй, мэдрэмж нь хөгжиж, шинийг танин мэдэж байдаг үнэт хормууд. Гэтэл дийлэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ балчир үеийн боловсрол, хүмүүжлийг цэцэрлэг, сургуульд даатгах юм уу эсвэл энэ тухай бодож үздэг ч үгүй.
“Үр хүүхдэдээ зарцуулах цагаасаа хэрхэвч хороож болохгүй” М.Сендак
3. Орчин үед эцэг эх нь цаг завгүйдээ түүртэн ажил албаа ярьсаар, харин хүүхэд нь цэцэрлэг сургуульдаа гүйж, үлдсэн цагт нь өөрөө өөрийгөө саатуулсаар орхигдсон мэт мэдрэмжтэй өсөцгөөж буй нь цөөнгүй. Түүнчлэн эрүүл саруул гэр оронд өсөх гэдэг ойлголтыг дулаахан байр сав төдийхнөөр ойлгож байгаа нь харамсалтай.
Мэдээж энэ бүхнийг биелүүлэхэд саад болж буй нийгмийн олон хүчин зүйлийг дурдсаар л, бахь байдгаараа явсаар байж болно. Хэрвээ сайн аав, ээж байхыг хүсэхгүй байгаа бол шүү дээ. Харин сайн ээж аав байна гэдэг бол асар өндөр хариуцлагатай урлаг билээ.
Та бие физиологийн үүднээс эцэг эх болоход бэлэн болсон ч, сэтгэл зүй, хүлээх хариуцлага, мэдлэг чадварын хувьд аав, ээж болоход бэлэн үү?
3 Comments
18tai dvv ohintoi bolood bawaltsawa. Tgsn barag ongin gaihaad asuusan chin nz.banditaigaa jiremselhees aigaad anusddag bsn gedegiin araas n hiisen chin neeree l goe uzeltsdej bn.le thhr zow medleg awmaar l ym ble
Sain bodoj, tuluvluj, ergetsuulj, uureg hariutslagaa uurch chadah uhamsartai pizda gedgee mederseniihee daraa l huuhedtei boloh heregtei shdee pizda, joohon batsaanuud yu yugui l ail gerdej toglono, 1 shunu bavaltsaad huuhed hgeed daraa ni salna pizda, uhamsartai bai pizda!!!!!…..
yasan heregtei zuvluguu ve +1