Хүүхдийн гурван насны хямрал гэж ярьдгийн адил хүн бүр насны хямралыг давж гардаг. Тэгвэл 40 насанд гардаг өөрчлөлт, хямралыг эрүүлээр даван туулахад туслах таван аргыг уншигч танд хүргэе.
Өөдрөг хандлага
Бүх зүйлд итгэх итгэл найдвараа хадгал. Хамгийн гол нь өөдрөг хандлага чухал юм. Өөрийнхөө болон бусдын гэрэл гэгээтэй тал, туршлага, нуугдмал авьяасыг олж харан үүнд анхаарлаа төвлөрүүл. Бүхэлдээ та хорвоогийн гэрэлтэй талыг анзаарч, сүүдэртэйг байгаагаар нь орхих юм.
Өөртөө итгэх итгэл
40 нас хүрээд хүн өмнөх амьдралдаа үнэлгээ, дүгнэлт хийж эхэлдэг байна. Дунд насны хямралыг даван туулахад өөртөө итгэх итгэлээ л алдаж болохгүй. Шаардлагатай гэж үзвэл та мэргэжлийн хүмүүс, сэтгэл зүйчид хандаж ярилц.
Бусадтай эвтэй
Аливаа бэрхшээл, асуудал тулгарах үед өөртэйгөө болон бусадтай харилцах харилцаагаа эв найртай байлга. Тухайлбал, гаргасан алдаандаа өөрийгөө хэзээ ч бүү буруутга. Өөрийгөө байгаагаар нь хүлээж аван, хайрлах хэрэгтэй шигээ бусдыг ч бас өөрчлөх гэлгүйгээр хайрлаж, хүндэлж, ямар ч зүйл болсон байлаа эв найрамдлыг хадгал.
Бие махбодтойгоо ойр бай
Өөрийгөө хайрлаж, эрхлүүлж, бие махбодтойгоо илүү ойр байж, түүнээс ирж байгаа дохиог хүлээж аван, өөрийгөө торд, эмчил. Бодол санаагаа хурцлахын тулд хувь хүний хөгжлийн талаар ном унших, сургалтад суух, бусадтай сэтгэлээ нээж ярилцах зэргийг хий.
Хайртай хүмүүсийнхээ дэргэд байх
Юу ч болж байсан өөрийгөө ганцаардуулж, тусгаарлалгүй хайртай хүмүүсийнхээ дэргэд байж, тэдэнд шаардлагатай дэмжлэгийг үзүүл. Тэдний хайр халамж ч таныг услан тордох болно.