“Хүүхнүүд цаг барина гэж хэзээ ч байхгүй” – үүн дээр бас бүх эрчүүд санал нийлдэг. Бүхий л кино, уран зохиолд заавал гардаг нийтлэг зураглал: эрэгтэй нь аль хэдийн ирчихсэн, гартаа цэцгийн баглаа барин болзоот хүүхнээ хүлээн харуулдах, харин бүсгүй нь, мэдээж, болзооны цагаасаа заавал хоцрох.
“Хүүхнүүд хаашаа ч хоцрохгүй ирнэ гэж байдаггүй: театрт ч, маш чухал уулзалтанд ч, ажилд орох ярилцлаганд ч, хуримандаа ч…” хэмээн эрчүүд маань бухимддаг нь зүй хэрэг, нээрээ л эмэгтэйчүүд “хоцромтгой”. Харин тэд зөвхөн хариуцлагагүй зангаасаа болж хоцордог уу үгүй юу, ер нь эмэгтэй хүмүүс яагаад хожимдоод байдаг юм гэдгийг тодруулахын тулд нэгэн туршилт хийж үзье.
Туршилтанд оролцуулахаар энгийн дундаж гэр бүлийг сонгов: ээж, аав, цэцэрлэгийн насны охин. Даалгавар: өглөө охиноо босгоод цэцэрлэгт нь явуулахдаа өглөө бүр хийдгийгээ л хийнэ. Эхний өглөө даалгаврыг нөхөр нь, дараагийн өглөө эхнэр нь гүйцэтгэнэ. Хэн нь хурдан хийх вэ? Туршилтыг цэвэр байлгахын тулд гэрээс нь бүх цагийг нь хураан авав. Одоо тэд цагийг зөвхөн өөрсдийнхөө мэдрэмжээр л баримжаална гэсэн үг.
Эхний өглөө: аав нь охиноо босголоо, гар нүүрийг нь угаалгаад үсийг нь самнаж ард нь боолоо, өглөөний цайнд нь хачиртай талх бэлдээд хооллов, тэгээд хувцсыг нь өмсгөөд хамт гарав. Энэ бүх үйлдэлд 18 минут зарцууллаа.
Хоёрдахь өглөө: ээж нь охиноо босголоо, гар нүүрийг нь угаалгаад үсийг нь хоёр салаалж сүлжлээ, өглөөний хоолонд нь кааш чанаж идүүлэв. Ингээд хувцсыг нь өмсгөөд гарахад 25 минут зарцуулагдсан байв.
Эхнэр нь нөхрөөсөө 7 минут илүү зарцуулжээ. Энэ 7 минутыг юунд зориулсан бэ? Нэгдүгээрт, охиныхоо үсийг сүлжсэн, хоёрдугаарт охиныхоо өглөөний цайнд зүгээр нэг хачиртай талх биш, кааш хийж идүүлсэн, гуравдугаарт, охиныг цэцэрлэгээс нь авчихаарай гэж хэлэх гэж ээж рүүгээ утасдсан. Бас хажуугаар нь аяга тавгаа угаагаад амжсан. Харин эхнэр нөхөр хоёроос “Та хэдэн минут зарцуулсан гэж бодож байна” гэж асуухад нөхөр нь “16 минут”, харин эхнэр нь “15 минут” гэж хариуллаа. Нөхөр нь бараг л онож хэлсэн бөгөөд энэ нь эрэгтэй хүн цаг хугацааны мэдрэмж сайтай байдгийг баталлаа. Харин эхнэр нь 25 минутыг 15 гэж мэдэрсэн байна, өөрөөр хэлбэл 10 минутын хугацааг огт мэдрээгүй гэсэн үг. Ийнхүү, эрэгтэй ба эмэгтэй хүн цаг хугацааг өөр өөрөөр мэдэрдэг, эмэгтэй хүний хувьд цаг хугацаа удаанаар явдаг байна. Үүнээс болоод эмэгтэй хүн цаг барьж чадахгүй дандаа тэгэж хоцорч байдаг юм болов уу?
Сэтгүүлч, зохиолч Александр Никонов:
Миний бодлоор эмэгтэй хүн цаг хугацаа болон орон зайг биднээс өөрөөр мэдэрдэг, ер нь энэ тал дээр хүүхнүүд муухан мэдрэмжтэй, тэд ер нь цаг хугацаа ба орон зайнаас гадуур оршдог улс гэж хэлж болно.
Оросын шинжлэх ухааны академийн хүн судлалын институтын мэдрэлийн системийн хөгжил судалгааны лабораторийн эрхлэгч Сергей Савельев:
Угаасаа эмэгтэй хүн зөвхөн гурван зүйлд л хүргэх үйлдэл хийдэг юм: үржил, хоол хүнс, генийн давамгайлал. Өөр юу ч тэдэнд сонирхолтой биш. Тийм болохоор юун цаг барих вэ? Үгүй яахав дээ, хожигдоо л биз, жаахан эрт, орой ямар ялгаа байна аа? Биологийн өнцгөөс харахад эмэгтэй хүний хувьд энэ бол ямар ч ач холбогдолгүй зүйл…
Эрчүүд хүүхнүүдээс хоцорч хожимддоггүй бай гэж шаарддаг, хүсдэг, гэтэл тэд угаасаа цаг барьж чадахгүй, зүгээр л цаг хугацааг эрчүүдээс өөрөөр мэдэрдэг учраас. Гэхдээ хэргийн учир зөвхөн физиологид ч биш ажээ.
Сэтгэл зүйч Светлана Барковская:
Эмэгтэй хүн гадагшаа гарах гэж байхдаа, жишээ нь 14 цагт гэрээсээ гарна гээд нөхөртэйгөө тохирчихсон байлаа гэхэд нөхөр нь 5 минутын өмнө гарахад бэлэн болчихсон л байна, харин эхнэр нь яг гарахын даваан дээр ээмгээ солиодохъё гээд өөр ээмэг зүүнэ, нөхөртөө харуулна… дахиад ийш тийш харна, амьдрал яаж ч эргэх юм билээ, юу авч гарах вэ… өө нээрээ тэр, өө нээрээ энэ… гэх мэтээр “ухамдан” эрчүүдийн тэвчээрийг бардаг л даа.
Магадгүй, хүүхнүүд олон зүйлийг нэг дор хийж амжуулдаг чадварасаа болж хожигддог ч байж болох юм. Болзоонд явах гэж буй эр хүн цамцаа индүүдэж өмсөөд л гараад явчихна, харин эмэгтэй хүн болохоор хувцсаа сонгож сонгож өмссөнөө бодлоо өөрчилнө, хажуугаар нь кофе чанана, тоосоо арчина, харандаа үзүүрлэнэ, утсаар ярьж амжина… Эрэгтэй хүн олон ажлыг нэгэн зэрэг хийж чаддаггүй бол эмэгтэй хүн чаддаг, үүнээсээ болж цагаасаа дандаа хоцорч байдаг.
“Хөл нүцгэн, жирэмсэн, гал тогооныхоо өрөөнд…” – энэ бол төгс эхнэрийн тухай эрчүүдийн бас нэг төсөөлөл. Ажлаасаа ирэхэд эхнэр нь халуун хоолтой, гялалзтал цэвэрлэсэн гэр оронтой, хүүхдүүдээ хооллочихсон /унтуулчихсан байвал бүр сайн/ – ийм байдалтайгаар угтаж байх ёстой гэж хүснэ. Хэрэв өдөржин ажиллаж ирснийх нь дараа нөхрөөрөө гэрийн ажил хийлгэнэ гэвэл ямар юмных нь хайр байх юм бэ?
Сэтгүүлч, зохиолч Александр Никонов:
Миний хувьд хамгийн тэвчиж чадахааргүй эмэгтэй бол – бизнес-леди. Би ойлгож байна л даа, ийм хүүхнүүд ухаантай, ажилсаг, үндэсний нийт бүтээгдхүүн үйлдвэрлэгч, ажлын байр бий болгодог гээд л. Харин ийм бизнес-ледитэй хайрын харьцаанд орно гэдэг бол хамгийн аймшгийн зүүдэнд минь л байх байх.
Гэтэл нэрт жүжигчин Михаил Кокшенов бизнес ледид хайртай болохоос айгаагүйгээр барахгүй түүнийхээ төлөө 72 настайдаа амьдралаа өөрчлөхөөс ч айгаагүй билээ. Үүндээ тэрээр огтхон ч харамсдаггүй гэнэ. Наташатайгаа танилцахаасаа өмнө хуучин эхнэртэйгээ 20 жил аз жаргалтай тав тухтай амьдарч байсан бөгөөд тэдний гэр бүлд бүх зүйл сонгодог загвараар явдаг байв: нөхөр нь олз омогоо авчирдаг, эхнэр нь гал голомтоо сахьдаг. Харин гурван жилийн өмнө Наташатай танилцсанаар Михаилын сэтгэл эргэжээ.
Михаил Кокшенов:
Бид хоёр онгоцонд танилцаад нэрийн хуудсаа солилцсон. Тэгээд би 7 хоног хүлээж байгаад /долоо хоног гэдэг бол дайралт хийх гэж байгаа эр хүний хувьд урт хугацаа шүү, намайг мартчихсан байж ч магад шүү дээ/ Наташа руу утасдсан. Гэтэл түүнтэй яриулдаггүй ээ: хуралтай байна, уулзалттай байна гэх мэтээр нарийн бичиг нь халгаадаггүй шүү. Би бүр дургүй хүрч байгаа юм чинь. Аймаар эвгүй сэтгэгдэл төрж байсан. Тэгээд түүнээс татгалзах янз бүрийн шалтгаан өөртөө зохиогоод бэлдээд байсан чинь Наташа өөрөө утасдсан. Тэгээд л бүх зүйл эргэлдэж өгсөн дөө.
Наталья нефть олборлолтын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон компаний эзэн. Энэ бизнес түүнд талийгаач болсон нөхрөөс нь өвлөгдөж иржээ. Уул нь Натальяд хэзээ ч ажил хэрэг, каръер хөөх хүсэл сонирхол байгаагүй боловч нөхрөө нас барсны нь дараа аргагүйн эрхэнд бизнесийг нь гартаа авчээ.
Наталья Лепехина:
Маш хүнд хэцүү үеийг би туулсан, яаж би тэсч чадсан юм бол гэж одоо гайхдаг. Эмэгтэй хүн ер нь тэсвэр тэвчээртэй байдаг юм уу даа.
Наталья маш сайн бизнесвумен болж чаджээ. Түүний компани улам хөгжин цэцэглэж ашиг орлого авчирч байгаа аж. Наталья өдөр бүр өчнөөн ажил амжуулдаг: ийш тийш утасдана, гараад гүйнэ, хүн амьтантай уулзана, хурал зөвөлгөөн хийнэ. Цаг үргэлж эрч хүч дүүрэн бөгөөд завгүй – энэ байдал нь л Михаилын сэтгэлийг үнэнхүү татсан гэнэ. “Хэрэв Наталья гэрийн эзэгтэй байсан бол огт өөр хүн байх байсан, тэгэхээр миний нүдэнд лав өртөхгүй байсан болов уу”- хэмээн инээмсэглэх аж. Наталья компанийхаа 2000 ажилтны төрсөн эх нь юм шиг л байдаг, харин Михаил Натальягаа ойлгодог учраас хардах харамлах явдал байдаггүй гэнэ.
Гэр бүлийн тухай сонгодог төсөөлөл – эр нөхөр нь олз омог авчрагч, эхнэр нь гал голомт, гэр орноо төвхнүүлэгч – мөн л балар эртнээс үүдэлтэй. Харин өнөө цагт эр нөхрүүд маань арслан зааны араас хөөцөлдөн ойгоор тэнэх шаардлагагүй, эхнэр хүн ч заавал гэртээ суун галаа манах хэрэггүй болжээ. Энэ бол хүмүүн бид байгалаас өгөгдсөнөө өөрчилж чадсан цорын ганц талбар байх.
Александр Никонов, сэтгүүлч, зохиолч:
Орчин үед эхнэр нь ажил хийж байвал эрчүүдэд хэрэгтэй болсны учир нь гэр бүлээ “хүний дайтай” ганцаараа авч явах амаргүй болсных. Одоо чинь “хүний дайтай” гэдэг ойлголтонд байртай, машинтай, зуслантай…. Тийм болохоор ганцаараа ажиллаад барахгүй байх нь элбэг: банкны зээлээ төлөх хэрэгтэй гээд… Эхнэрээ гэртээ суулгаж чадах хүн хавьгүй цөөн байгаа, мөн гэрээ сахиад сууж байх хүсэлтэй хүүхэн ч бараг байхгүй болсон шүү дээ.
“Хүүхнүүд- байр зүйн эргүүнүүд” – энэ бол эрчүүдийн нэгэн дуугаар зөвшөөрдөг бас нэгэн зүйл. Шинэ газар очоод зочид буудлаасаа хэдэн алхам холдоход л төөрчихдөг. Булан тойроод л толгой нь эргэчихнэ… намайг ирж ав хэмээн уйлагнан утасдах, дэлгүүрээс гарах хаалгаа олохгүй гадаа нь нөхрөө хоёр цаг хүлээлгэдэг, баруун зүүнээ ч сайн мэдэхгүй будилдаг зэрэг нь эрчүүдийн тэвчээрийг бардаг гэх.
Шалгаад үзье: үнэхээр, бүсгүйчүүд зүг чиг орон зайд төөрч будилдаг уу, эсвэл энэ бол эрчүүдийн зохиосон худал яриа юу?
Шалгалтын талбар – Москва. Москвад анх удаа дөнгөж ирж байгаа 2 эрэгтэй, 2 эмэгтэйг галт тэрэгний буудал дээрээс “барьж аваад” туршилтанд оролцох уу гэхэд дуртай зөвшөөрцгөөв. Даалгавар: Пушкины талбайгаас гараагаа эхлээд Крыловын хөшөөг олж очих. Дундаж хурдаар алхахад энэ зайг 15 минут явна. “Туршилтын туулайнуудад” Москвагийн план зургийг өгөв. Эцсийн цэг рүү хэн нь түрүүлж очих бол?
Эрчүүд эхлэв. Хоёр эрэгтэй хоёулаа зургийн дагуу явсаар Крыловын хөшөө хүртэл ойролцоо хугацаа зарцуулж ирлээ: хэн хэн нь 20 минут орчимд багтаж ирэв.
Хүүхнүүд зурагны учрыг олох гэж нэлээд юм болов. Тэгээд тус тусдаа замд гарав. “Одоо энд “Малая бронная” гудамж байх ёстой… байхгүй байна шдээ… энэ картаар харахад патриаршие пруды ийшээ байх ёстой байж байхгүй байх юм… энэ гудамж картан дээр байдаг ч үгүй юм байна… ийм картаар ер нь яаж юм олох юм бэ… энэ карт чинь ерөөсөө шал буруу карт байна шдээ…” гэх мэтээр үглэн будилж өгөв. Залуучууд картыг маш амархан уншаад түүний тусламжтайгаар эцсийн цэгийг түүртэхгүй олоод ирсэн бол хүүхнүүдэд карт тус болох нь байтугай харин ч толгойг нь бүүр ихээр эргүүлчихэв. Эцсийн эцэст, нэг бүсгүй маань 45 минутын дараа, нөгөөх нь 1 цаг 10 минутын дараа Крыловын хөшөөг олж ирлээ. Теорем батлагдлаа.
Сэтгэл зүйч Игорь Толмачев:
Эмэгтэйчүүд гурван модон дунд төөрдөг нь үнэн, ер нь л хувийн зохион байгуулалт муутай улс: цаг барьж чаддаггүй, хэд хэдэн ажлыг зэрэгцүүлэн хийдэг гээд. Ер нь л ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараа байхгүй улс шүү дээ, дурын эмэгтэйн цүнх рүү өнгийхөд л хангалттай, 99% – ийнх нь цүнхэн дотор хаа хамаагүй есөн шидийн юм ямар ч эмх цэгцгүй байж байгаа.
Цүнхэн дотроо байгаа паспортыг олохгүй байсаар бүтэн жил хүсэн хүлээсэн, далай руу явж амрах мөрөөдлөө талаар болгосон Наталья хэмээх залуухан бүсгүй:
Би гэрийнхээ бүх хайрцаг шүүгээ, ерөөсөө бүх газар хайсан. Тэгээд олдохгүй болохоор нь хаячихаж гээд шинэ паспорт авах өргөдөл бичээд, бичиг цаасыг нь бүрдүүлээд, торгууль төлбөрөө төлөөд… өчнөөн цаг хугацаа зарцуулсан, энд тэнд урт урт дараалалд зогсоод… Тэгээд нэг сайхан өдөр ажилдаа явах гэж байхдаа паспортоо олсон… цүнхэн дотроосоо!!! Мэдэхгүй, цүнхээ нээсэн чинь миний паспорт хажуугийн халаасанд нь байж байсан. Би уул нь хэд хэдэн удаа цүнхнийхээ дотрыг эргэтэл нь сэгсэрч үзсэн юм даа.
Эрэгтэй хүний хувьд өөрийнхөө цүнхэн дотор паспортаа “гээнэ” гэдэг толгойд багташгүй зүйл. Цүнхэнд доторхи паспортоо олж чаддаггүй амьтан чинь юун зөв замыг олох хэмээн эрчүүд инээмсэглэх.
Сэтгэл зүйч Игорь Толмачев:
Эрэгтэй хүн зүг чиг, зам олохдоо сайн байлгүй яах вэ, балар эртнээс л ан гөрөө хийж ирсэн юм чинь. Олз омгоо аваад гэр рүүгээ төөрөхгүй ирэхийн тулд орон зайн мэдрэмжтэй байх шаардлага байсан учраас энэ тал нь сайн хөгжсөн хэрэг. Эмэгтэй хүн бол анд явдаггүй, агуйдаа сууж байдаг байсан, тиймээс орон зайг хүлээн авах мэдрэмж нь өөрөөр ажилладаг: нүднийхээ булангаар харахдаа бол гаргуун. Жижиг сажиг аар саар зүйлийг булангийн хараагаараа л анзаарчихна. Гэртээ бол нүдээ аниад ч явж чадна, харин гараад явбал амархан төөрдөг талтай.
Иймээс эмэгтэй хүнд зам заана гэдэг амаргүй ажил. Хэрэв план зураг хараад яв гэвэл бүр уурлана, доромжилж байна гэж үзнэ. Хэрэв бүсгүй хүн тань руу утасдаад,” би төөрчихлөө”гэж байгаа бол “Чи минь ирж намайгаа авраач” гэсэн үг, танаас үүнийг л хүлээж байгаа юм, та зүгээр л очоод авар!
Александр Никонов, сэтгүүлч, зохиолч:
Хэрэв бид эргэн тойрондоо эрхэмсэг ялдамхан бүсгүйчүүдээ байлгаж, тэднийгээ харан баясч байхыг хүсч байгаа л бол тэднийхээ сул талуудыг бүрэн хүлээн зөвшөөрч, уурлаж бухимдахгүй байхаас өөр аргагүй. Тэд нар маань биднээс тэс өөр хүмүүс, энэ бол тун сайхан хэрэг, тийм биш гэж үү? Хэрэв бид нар шиг байсан бол юу нь сайхан байхав дээ?
Өөрийнхөө гаднах байдалд бүрэн сэтгэл хангалуун эмэгтэй гэж байдаггүй, бүгд л өөрийгөө голж тэрийгээ ч өөрчилмөөр байна, энийгээ ч өөрчилмөөр байна гэж ярьдаг нь эрчүүдийн тамыг цайлгадаг ажээ. Зүв зүгээр гоолиг биетэй байж л өөрийгөө тарганд тооцно. Хамгийн хэцүү нь үргэлж энэ тухайгаа гоншигнохыг нь сонсох “аз” эрчүүдэд л оногддог. “Би энэ даашинзтай аймаар муухай бүдүүн харагдаж байгаа биз?” “Үгүй, зүгээр л байна шдээ” “Чи худлаа хэллээ, би 2 кг таргалчихаад байхад чинь…” – гээд л уурлана. Хэрэв “нээрээ жаахан тарган харагдаж байна”, – гээд хэлчихвэл “Чи намайг тарган муухай гэлээ”, – гээд бүүр ч бөөн юм болно. Эрэгтэй хүн аар саар зүйлийг огт ажигладаггүй гэдгийг ухаараач ээ, хүүхнүүд минь? Та нар өөрсдөө л биднийг хүчээр эрүүдэж байгаад харвингаа харуулдаг… целлюлит гэж юу байдгийг мэдэх ч үгүй бидэнд үзүүлж харуулж байгаад тайлбарлаж байх хэрэг юун?…
Эх сурвалж: Ё. Одончимэг,
www.orosshkolton.mn