Би уул нь завхай зайдан, шалиг хүн биш. Яагаад өөртөө ийм дүгнэлт энэ тэр хийдэг вэ гэхээр миний ойрхон нөхөрлөдөг хэдэн залуу бий. Тэд ч ёстой хүүхнүүдийг элдэвлэж өгнө дөө.
Хөндлөнгийн улсууд ярихдаа намайг л амны фигур сайтай, хэнтэй ч сонирхолтой яриа өрнүүлж чаддаг харин танай найзууд гэж олигтойхон хүнтэй ч мэндлэж мэдэхгүй дүнхүү юмнууд гээд чи цаадуулдаа жаахан ч болов зөв ярих хичээл заагаач гэнэ.
Яг үнэндээ бол эсрэгээрээ л дээ. Би тэдэн шиг хүүхнүүдтэй улаан халз хэзээч ярьж чадахгүй. Би хааяаа энд тэнд явж байгаад сайхан хүүхэн таархаар өөрийн мэдэлгүй л дахин дахин хармаар байдагтаа дотороо өөрөөсөө ичиж “Би ер нь их шалиг нөхөр юм аа. Гайгүй хүүхэн харахаараа гөлөрчих гээд” хэмээн боддог байсан юм. Тэгсэн юу вэ? манай хэд ёстой завхайрна гэдгийг үзүүлж өгдөг байлаа. Би өмнөөс нь ичиж үхмээр юм болоод байхад тэд үнэхээр тоож байгаа юм алга. Тэгээд л би өөрийгөө шалиг гэж боддог байсан хөгийн бодол минь утаа шиг замхараад алга болсон. За за энэ бүгдийг нэг их дэлгэрүүлээд байлгүй гол зүйлдээ оръё.
Өө…мартах шахлаа. Доор өгүүлэх зүйл бүгд болоод өнгөрсөний дараа манай гэрт чухам юу болсоныг миний найз надад яриад би одоо нийлүүлээд бичиж суугаа нь энэ. Би тэр үед нь өөр газар гол хэргээ мандуулаад явж байсан хэрэг шүү дээ. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л удаагын явдал гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа.
Миний найз болох Нэргүй надтай чухал ажил яриад, гурав дахь өдрийн орой хоёулаа тэр тухай сайтар ярилцана гээд салсан юм. Би ч яахав “Тэгье 3-дахь өдөр хөгшин чинь ажлаа тараад гэртээ яг байж байнаа” гэсэн л дээ.
Харин яг тэр өдөр би гэрт хүн хүлээж байгааг мартчихаж. Үнэнийг хэлэхэд би энэ хүүхэнтэй хааяаа таараад элдэв юм ярьж маазарч зогсохдоо “Гарцаагүй сайхан хүүхэн юм “ гэж дотороо нэг биш удаа дүгнэсэн дэг. Ажлаа тараад алхаж явтал тэр бүсгүйтэйгээ халз туллаа шүү. Надад бол шалихгүй зүйл байсан санагдах юм. Гэтэл өөрт нь энэ асуудал их чухал байгаа бололтой нэг тусламж гуйлаа шүү. Мэдээж би юу гэж шалихгүй, амархаан гэхэв дээ. “Жаахан бодох хэрэгтэй, яах бол” энэ тэр гэв. Нөгөө хүүхэн маань яав л яачих шинжтэй шургуу шалж эхлэв. Би ч дотроо бол түүнд туслахдаа дуртай байсан харин нөгөө “сайхан хүүхэн юм даа” гэх бодол минь чөтгөртэй ханьсаад адын хүсэл болж хувирлаа. Миний юу хүсээд байгааг ойлгосон уу эсвэл ямар ч аргаар хамаагүй өөрт хэрэгтэй асуудлыг иймэрхүү маягаар шийдэж сурсан юм уу?
-Хоёулаа тэр “Бар”-нд жаахан суух уу? Гэж байна шүү. Би ч уухайн тас л:
-Яахав тэгвэл тэгье гэж тэр зүгт хосоор алхаваа. Ганц шил пивээр эхэлсэн архидалт хоёр хоёр болж улмаар “сто” грамм руу шилжив. Нөгөө хүүхэн бид хоёр эхлээд сүрхий ажил хэрэг ярьмаар байснаа “Бар”-нд үйлчилдэг хуулийн дагуу тэгс хийгээд л хормой хотны сэдэв рүү эргэв ээ. Бид хоёр таазны бүжгийг чадмаг хийж, хэзээ язааны хос шиг хөтлөлцөн босож бүжин, тэврэлдэн суусаар нийлээд уджээ.
Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос гэдгээр манай авгайтай сүүлийн хэдэн сард сүжирч давхиад байдаг болсон тэр хавийн “зурагтын мөнгө хураагч” хүүхэн “Бар”-нд орж ирээд намайг харалгүй хаачихав. Би бол түүнийг олж үзээгүй, олж харах ч ухаан байгаагүй юм. Мань хүүхэн жигтэйхэн сайхан юм олоод харсан хүн шиг л баяр хөөрөөр дүүрч, хөл гар нь хөнгөрөөд гайхамшигт сайхан мэдээгээ сэтгэлдээ нандигнан тээсээр манай гэрийн зүг өөртөө байж болох хамгийн дээд хурдаараа чавхдаа биз дээ бодвол.
Яг тэр үед миний найз Нэргүй гэрт маань ирчихсэн намайг хүлээгээд, эхнэртэй минь элдэв шалдавын юм ярьж суутал эхнэр минь
– Цаадах чинь одоо удахгүй ороод ирнэ. Орж ирээд л “Хөөе хоол” гэнэ шүү дээ. Чи зурагт үзээд сууж бай. Би гялс хоол хийхгүй бол болохгүй нь гээд гал тогооруу орж ажил даа ороод явчихаж.
Төд удалгүй хаалга балбаж найз маань намайг ирлээ гээд бодож сууж. Тэгсэн нөгөө ховны тулам мөнөөх чаралбаа чинь орж ирээд
– За сайн уу Болороо гэснээ “Их сонинтой шүү” гэж
– Тайван даа хө. Суугаач
– Танай нөхөр хаачаав.
– Мэдэхгүй алга л байна. Мэдэхгүй юу байхав ажлаасаа л ирж яваа биз.
– Болороо хувцасаа хурдхан өмсчих.
– Яасан бэ
– Яах юу байхав ээ. Хоёулаа энэ доод талд байдаг “Бар”-нд очоодхоё.
– Яах юм.
– Хаана байгаа нь мэдэхгүй байгаа танай нөхөр дээр л очъё.
– Юу яриад байгаа юм бэ. Май цай уу
– Юун цай вэ? Ёооё…Болороо чи ямар сонин юм бэ. Танай нөхөр чинь доод “Бар”-нд нэг хүүхэнтэй сууж байна гэж дээ.
Манай найз Нэргүйн яс нь хавталзаад л явчихаж. “Энэ муу ямар зэвүүн, новшийн хүүхэн бэ” гэж бодсон гэж байгаа. Ишш…чааваас амьхандаа л муу найзыгаа өмөөрч байгаа нь энэ юм биз дээ.
Тэгсэн манай авгайгын царай хачин болчихсон ороод ирж л дээ. Нэргүй ч хулмалзаад өөрөө эхнэртээ гардуулчихсан аятай л газар шагайгаад гэмгүй царайлаад суусан гэсэн. Манай эхнэр Нэргүйрүү харж хөөрхий минь сэтгэл доторхоо нуумар болж, муухан инээмэр аядаад зурагтны дууг нилээд сайн чангалаж орхиод эргээд л гараад явчихаж дээ.
Нэргүй бас тэгж байгаад их хэрэгт дуртай “хүүрээ”. Эхнэрийг минь том өрөөнөөс гарсаны дараа тэр хоёрын яриаг чагнах гэж бүр өлмий дээрээ явж очоод зурагтны дуу суллаад буцаж байрандаа ирж чих тавьж дээ. Тэгсэн нөгөө хүүхэн
– Танай нөхөр чинь зүгээр ч суугаагүй. Тэврээд л хүзүүрүү нь хошуугаа хийчихсэн. Ёооё… тээр одоо юу вэ? Алив хурдлаач ээ гээд л цамнаж байсан гэсэн.
Муу эхнэр минь түүнийг оволзож хэвтхэд жаахан хүүхэд шиг нусаа татаад зогсож байснаа.
– Хөөе Заяаа энэ бол бидний асуудал. Чамд ямар хамаатай гэж бодож байна. Хоёрдугаарт би чамайг дагаж очоод яг яах уу? Уйлах уу? Орилох уу? Тэрүүгээр дүүрэн хашигчах уу?
– Чиний уур чинь хүрэхгүй байна уу?
– Хүрч байна.
– Тэгээд яагаад байгаа юм бэ.
– Гэхдээ нөхөртөө биш, чамд уур хүрч бас гомдож байна.
– Би яасан юм. Чи ямар тэнэг хүүхэн бэ?
– Магадгүй ээ. Би тэнэг байж болно гэхдээ би чамаас тэнэг биш л юм байна.
– Өө за за. Хүн өөрийг нь өрөвдөж байхад чи ингэж байгаа юм уу?
– Заяаа би уул нь чамайг арай өөр хүүхэн юм гэж боддог байлаа. Тэгсэн чи бусадтай яг адилхан хүн байна. Ийм болхоор л надад найз нөхөд байхгүй ганцаараа байдаг.
– Чи ёстой нөхөртөө араараа тавиулаж байхдаа таарсан хүүхэн байна даа.
– Үгүй яахав дээ. Би тэр хүний нэг шөнийг өнгөрүүлдэг, зугаагаа гаргадаг хүүхэн нь биш би түүний “хань” нь байна.
– Чам шиг хань байдаггүй юм за.
– Тэгээд “хань” нь яадаг юм. Чинийхээр бол одоо гүйж очоод эр нөхрөө түмний шившиг болгоод тэр огт зүсийг нь үзээгүй танихгүй хүүхэнтэй гудамжинд хэрэлдээд зогсох уу? Би тэр хоёрыг биш өөрийгөө ядаж хүндлэж байна. Чи үүнийг даан ч ойлгохгүй.
– Хнн тэнэг
– Яахав тэвэрмээр санагдаад л тэвэрсэн биз, хамт байх хэрэгтэй болоод л хамт сууж байгаа биз. Би юунд итгэдэг гээч? Миний нөхөр намайг хэзээ ч…Хэзээ ч орхиж явахгүй гэдэгт итгэдэг. Миний нөхөр гэр бүлээ сарниаж, хүүхдүүдээ өнчрүүлэх хүн биш гэдэгт итгэж байна. Тэртэй тэргүй тэр хамт байгаа хүүхэн хангалттай доромжлолыг хүртэж байна. Тэр хүүхэн ганцхан шөнийн зугаа болж өөрийгөө асар их доромжлуулаж байгаа. Тэгээд л гүйцээ.
– Өө чамтай ч юу ярихав дээ. Тэнэг
– Чи намайг дахиж тэнэг гэж битгий дуудаарай. Би чиний оронд байсан бол, намайг найзаа гэж үнэхээр боддог байсан бол энэ бүгдийг хэзээ ч ярих гэж ирэхгүй байлаа. Чи миний гэр бүлд хэрүүл тэмцэл, хагацал, уйлаан майлаан авч ирлээ. Үүнийгээ туслаж байна гэж байгаа юм уу. Үгүй шүү. Ийм мэдээ авчирдаг найз надад үнэхээр хэрэггүй. Баяртай гэсэн гэнэлээ.
Нэргүй манай авгайг бүүр нэг үнэн голоосоо шүтчихсэн байсан.
– Хүүе танай авгай… Ёооё ямар ухаантай хүүхэн бэ? Манай авгай байсан бол би өдийд өнгөрөө. Нүүр ам самардуулаад аймаар болсон байгаа гээд “ Чи ч азтай хүн юм аа. Хаанаас ийм сайн хүүхэн олоод авчихдаг байнаа. Үнэнийг хэлхэд хөгшин чинь хөөрхөн хүүхэнүүд ухаан муутай тэнэг гэж боддог байсан тэгсэн танай авгай царайлаг бас царай шигээ ухаалаг юм байна” гэж ямарч наргиан тоглоомгүй бас хичнээн атаархаж байгаагаач нуулгүй хэлж билээ. Нөгөө ховч хүүхэн амруугаа нэг сайн алгадуулаж аваад хаалга саваад гарсаны дараа манай эхнэр бүр тайвширчихсан байртай орж ирээд.
– Уучлаарай Нэргүй минь жаахан эвгүй юм болчихлоо. Цаадах чинь ингэдэггүй юм шүү. Чи цаадахтайгаа очоод уулзаач. Гэхдээ энд ийм хачин юм болсон гэж битгий хэлээрэй. Сонсчвол бантсандаа улам цаашлана. Ирмээргүй шиг бол битгий албадаарай чамд төвөг болохын нэмэр гэсэн байгаа юм.
Нэргүй ч бүр сандархаасаа илүү “шок”-нд орчихсон амьтан ааг амьсгаагүй л над дээр ирээ биз. Би санадаггүй юм оо. Юу ч болсон юм намайг ямарчиг л байсан гэрт чирээд аваад ирсэн байсан даг.
Өглөө сархинаг хатахаа шахсан, дүйнгэ толгойтой амьтан сэрсэнээ л санаж байна. Нэргүй л надад энэ бүгдийг яриагүй бол би чухам юу болсоныг мэдэхгүй өнгөрөх байсан юм. Эхнэр маань нөгөө л ямар байдаг яг тэр янзаараа өдийг хүртэл байж л байна. Муу эхнэрийнхээ тухай иймэрхүү явдал олон удаа сонсоод ирхээр хүн чинь аандаа л сэтгэл зовоод элдэв асуудал гаргах нь цөөрөөд байдаг юм билээ.
Би ч ер нь ихээ тавитаргүй залуу байж. Ямар азаар над шиг зүс царай муутай, халаас нимгэн амьтанд ийм сайхан бас сайн хань заяасан юм бүү мэддээ.
Бурхан буянтай хүнд л сайн хань заяадаг юм гэнэ билээ…
Хүний хань гэдэг чинь бодоод байхад яг л “Монгол гэр” байдаг юм билээ шүү. Гэр- гий гэдэг дээ.
Элдэв муу юм гэрт оруулахгүй “хаалга”, “босго” болно. Хэдэн хүүхэд, мань мэтээ хайр халамжаараа хааж хамгаалж “хана” болдог. Гэрийн тооноо хамт өргөлцөж “багана” болж, намайг ийш тийшээ хазайхад, ганхаад ирхээр унагахгүй гэх шиг тал бүрээс минь тулаад “унь” бол ч байх шиг.
Гэртээ гэрэл гэгээ болж байдагыг нь бодхоор “тооно” ч юм шиг за тэгээд халуун, дулаан сэтгэл нь тулга болоод л. Хүний хань байж гэмээнэ бүтэн гэр болдог юм билээ шүү. Залуус минь ханиа л гомдоов.
Хүний ханиа гэж…
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч О.Соёлтын хүү МУСТА, найруулагч, зохиолч Баярсайханы “Хань” хэмээх шинэ өгүүллэгийг уншигч танаа хүргэлээ.
4 Comments
Saihan zohiol baina gej bichih gj bsn chn
Argagui l zohiol ymdaa
Салахгүйгээр явалдах зүгээр, нэг удаагийн секс байх л зүйл гэж энд буруу үзэл сурталчилсан байна. Тэгвэл эхнэр нь нөхрөө хаяад явчихгүй бол нэг удаагийн секс хийгээд явалдаад байх болох зүйл юм байна шүү хүүхнүүдээ. Нөхөр чинь хань шиг хань бол явалдахыг чинь уучлаад байх нь. Хүнтэй суухыг нэр төдий зүйл болгоод явалдахыг байх л зүйл гэжээ. Ийм тэнэг хүмүүсийн бичсэн юмыг зөв гэж боддог хүмүүсийн дефекттэй бараа гэх юм. Эхнэр/нөхөртөө үнэнч байх маш олон сайн талтай. Мөн ганц бие хүмүүс ч энгэр чангатай байх хэрэгтэй л дээ. Манайхан тэнэг энгэр сул болохоороо БЗХӨ тэмбүүгээр дэлхийд нэгт загсаж байна. Бас 3хан сая хүнтэй оронд таарсан болгонтойгоо бавалцаад явбал цус ойртох, бөгсний бузар үйлийн үр хураах зэрэг олон лай ланчигтай байдаг
Ийм сайхан хань болох эмэгтэй байхгүй ээ. Ёстой номноос л уншдын байна