Монгол эрчүүдийн сайн дураар тайган болох тэнэглэл

Хээгүй, гүндүүгүй хэмээн тодотгодог монгол эрчүүдийн эрүүл мэнд сэтгэл зовних хэмжээнд очжээ. Архи, тамхины замбараагүй хэрэглээ, бэлгийн замын халдварт өвчин, хорт хавдар гээд олон таагүй асуудал өнөөдрийн монгол эрчүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох болсон байна. Монгол хүний дундаж наслалт уртассаар байгаа ч эрчүүд эмэгтэйчүүдээс даруй 10 жилийн өмнө хорвоог орхидог болохыг статистик харуулж байна. Тиймээс эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг цувралаар сурвалжлахаар шийдлээ.

“Эрүүл монгол эрэгтэйн эрэлд” цувралын эхний дугаараар олеогранулёма хэмээх үрэвсэлт өвчин, түүний хор уршгийн талаар бэлтгэлээ. Эрчүүд бэлэг эрхтнээ томруулах зорилгоор вазелин зэрэг бодис шахуулж, энэ нь олеогранулёма хэмээх үрэвсэлт өвчин болдог тухай өгүүлэх юм. Одоо өгүүлэх түүхийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэгэн тасагт тэмдэглэж авсан юм.

“ВАЗЕЛИН ШАХУУЛСНААР ЭРХТЭН ТОМОРЧ, СЕКСДЭЭ МУНДАГ БОЛДОГ ГЭСЭН ЯРИА ХУДЛАА ШҮҮ”

Эдүгээ 50 нас хүрч яваа Г-гийн 30 гаруй жилийн өмнө гаргасан бодлогогүй шийдвэр өнөөдөр түүнийг “тайган” болгожээ. Үеийн найзуудтайгаа дарвин, бүсгүйчүүдэд гайхагдсан, “секс машин” болохын тулд хийсэн үйлдэл нь түүнийг олон жил тарчлааж,  харамсаад ч барахгүй байдалд хүргэсэн байна. Залуусыг ийм харамсах үйлдэл бүү хийгээсэй гэсэндээ өөрт тохиолдсон явдлыг илэн далангүй ярьсан юм.

“1987 онд болсон явдал. Найзуудтайгаа дарвиж суутал том бэлэг эрхтэнтэй байвал бүсгүйчүүдэд таалагддаг, жинхэнэ эр хүн тийм байдаг, хүүхнүүд салахаа больдог юм гэсэн яриа бидний дунд өрнөсөн юм. Тэр үед залуу ч байж. Хоёр найзын хамтаар бэлэг эрхтэн рүүгээ вазелин шахсан. Би дэлгүүрээс орос вазелин худалдан авч билээ. Вазелиныг халбаганд хийгээд лааны гал дээр барьж хайлуулан тариураар соруулж, найман граммыг найзаараа эрхтэн рүүгээ шахуулсан юм. Үүнээс болж одоо үйлээ үзэж байна даа” тэр хэллээ.

Хамгийн мэдрэг, эмзэг эрхтэн рүүгээ вазелин шахаад хүссэн зүйл нь биелсэн эсэхийг асуухад “Бусдын ярьсан шиг, миний төсөөлсөн шиг зүйл болоогүй. Би одоо ч эхнэргүй. Шахсан вазелин арьс, махны дунд ороод тарсан. Хэмжээ нь томордоггүй юм билээ. Вазелин шахуулснаас болж яваандаа үрэвсэл үүсч яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд орохоос гурав хоногийн өмнө эрхтэн хавдаж, чинэрч, задрах гэж байгаа мэт болж аймшигтай өвдөлтийг мэдэрсэн. Тэр өвдөлт ямар ч өвчин намдаах эм, тарианд дарагддаггүй юм билээ. Гол таслах гэж байгаа мэт болж, байж суухын аргагүй болсон тул эмнэлэгт хандаж, хагалгаанд орсон. Надтай цуг ийм юм хийлгэсэн хоёр найз маань хоёул золгүй тохиолдлоор аль хэдийн хорвоог орхисон. Хоёр найзын маань нэг шоронд ял эдэлж байсан л даа. Тэнд л ийм зүйлийн тухай сонссоноо бидэнд ярьсан хэрэг. Ийм зүйл хийлгэсэн хүн ичээд эмнэлэгт ханддаггүй. Буруу зүйл хийснийхээ үйлийн үрийг биеэрээ эдэлж явна. Тэр үед би 19 настай байсан. Энэ насанд хүн нэгнийгээ дуурайгаад юу ч хийхэд бэлэн байдаг. Тиймээс залуусыг надтай адил алдаа битгий гаргаарай гэж захимаар байна. Вазелин шахуулснаар эрхтэн томорч, секстээ мундаг болдог гэсэн яриа худлаа шүү” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.