Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин

Шээс хүрээгүй байхад шээсний сүвээс өөрийн мэдэлгүй гарахыг шээс задгайрах өвчин гэдэг. Гэхдээ шээс сул ялгарах, шээсээ барьж чадахгүй байх гэсэн хоёр ойлголтыг ялгах хэрэгтэй. Шээс задгайрах нь өвчин биш харин янз бүрийн өвчний үед хүйс ялгалгүй илэрдэг шинж тэмдэг юм. Шээс задгайрлыг анхдагч ба хоёрдогч гэж ялгадаг.

Анхдагч нь давсагны хуниас буюу шээс таслан зогсоогч аппаратын анатомийн гажгаас үүсдэг. Жишээ нь, төрөлхийн гажиг эсвэл гэмтэл авах гэх мэт.  Харин хоёрдогч нь анатомийн хувьд хуниас нь хэвийн ажиллаж чадахгүй үед бий болдог. Хоёрдогч шээс задгайрлын шалтгаан нь нугасан дахь шээс гаралтыг зохицуулдаг хэсгийн гэмтлээс эхлээд өвчтөний сэтгэцийн онцлог хүртэл олон янз байна. Энэ хувилбарыг стрессийн шээс задгайрал гэж үздэг. Үүнийг биеийн ачааллын задгайрал ч гэдэг бөгөөд ханиах, найтаах, инээх, явган явах, биеийн хүчний дасгалын хийх, сууж, эсвэл хэвтэж байгаад босох, хүнд юм өргөх зэрэгт ажиглагддаг.

Стрессийн шээс задгайрал заавал хөгшрөлтийн үед байдаг ч төрсний дараа, хагалгааны дараа, сарын тэмдгийн хооронд эм бэлгийн даавар эстрогенийн дутагдалтай холбоотойгоор үүсэх нь бий. Гэхдээ шээс задгайрал нь шээсний замын халдвар, үтрээний халдвар, өтгөн хатах зэрэг хялбар эмчилж болдог эмгэгээс үүдсэн байж болох талтай. Мөн зарим төрлийн эм нь шээс задгайрлын шалтгаан байж болдог бөгөөд эдгээр тохиолдолд зөв эмчилгээ хийхэд хялбар, эмчлэх боломжтой.

Эмчилгээ

Олонхи эмэгтэйчүүд шээс задгайрлын үед эмчид хандаж зөвлөгөө авахаас ичиж зовдог. Үр дүнд нь мэргэжлийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгээд хэвийн амьдралдаа эргэн орохын оронд эмгэгээ нуух гэж ажлаа орхих, найз нөхдөөсөө бэргэх зэргээр амьдралаа бүхэлд нь өөрчлөхөд хүрдэг. Улмаар элдэв үзмэрч, домч нарт хандаж, эмчилгээ нь бүтэлгүй болоход сэтгэл санаагаар ихэд унаж, өвчин нь улам даамжирдаг. Шээс задгайрлын жинхэнэ шалтгааныг зөвхөн мэргэжлийн эмч л тодорхойлж, зөв эмчилгээг хийж чадна.

Улмаар булчингийн дасгал хийж, стресс тайлах эмчилгээ хийснээр давсаг болон шээс гадагшлахад оролцдог булчингийн үйл ажиллагааг өөрөө удирдах боломжтойг ойлгож мэдэрдэг. Шээс задгайрах эмгэгтэй эмэгтэйчүүд Кегелийн дасгал, Кегелийн дасгалын бөмбөлгийг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр дасгал нь аарцагны ёроолын булчинг хөгжүүлэх зориулалттай юм. Дасгал хийхээс гадна шингэнийг хэт ихээр уухгүй байх, кофе, архи, шар айраг зэрэг шээс хөөх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх зэргээр хоолны дэглэм сахих хэрэгтэй. Мөн өтгөн хаталт нь шээс задгайрлын үндсэн шалтгаан учир эмчилгээ хийлгэх шаардлагатай.

1 Comment

  1. Zochin says:

    Ineeenguut sheechihdeg gesenshd.. sonin garuuudshuuu..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.