Химийн ухааны доктор И.П.Клименкогийн бичсэн шар айрагны тухай сэрдхийм бичвэрийг Танд сонирхуулж байна.
Спирт хэрэглэснээр зарим эрчүүдэд эм шинж илэрч, улмаар бэлгийн сулралтай болдог бол зарим эмэгтэйчүүдийн дуу хоолой ааш зан нь эршүүд болж, сахал үс ургах нь ч бий. Өнөөдөр түгээмэл байгаа элдэв төрлийн алкоголь дундаас эрчүүд эмэгтэйчүүдийн бэлгийн дааварт хамгийн сөрөг нөлөөтэй нь шар айраг юм.
Шинжлэх ухаан үүнийг 1999 он хүрч байж л нэг юм ухаж ойлгосон байдаг. Шар айрганд өвөрмөц гашуувтар амт оруулахад ашигладаг зөрөг цэцгэнд фитоэстрогон (“фито”- ургамал, “эстроген”- эм бэлгийн даавар)-ийн бүлэгт хамаардаг 8-пренилнарингенин(8-ПН) агуулагддаг аж.
Улаан хошоонгор, царгас зэрэг өөр зарим ургамалд ийм нэгдэл бас байдаг бөгөөд ардын эмнэлгийнхэн аль эртнээс энэ талаар мэддэг учраас малчид малдаа ийм ургамал аль болох бага идүүлэхийг хичээдэг байв. Тэгэхгүй бол мал нь хээл авдаггүй байжээ. Жишээ нь, Австралид дан улаан хошоонгор идүүлсэн хонин сүрэгт ийм тохиолдол ажиглагджээ. Тэгэхдээ 8-ПН болохоор дааврын хүч нь бусдаас 10-100 дахин их буюу хүний бэлгийн дааварт дөхөж очдог онцлогтой. Энэ баримт 1999 оноос хойш шинжлэх ухааны нарийн хүрээнд яригдаж байгаа ч өргөн олон нийтийн хувьд ийм мэдээлэл үндсэндээ хаалттай байгаа юм.
Ингэхэд бэлгийн даавар гэж юу вэ? Эрэгтэй хүний бие махбодь эр бэлгийн даавар (тестерон), эмэгтэй хүнийх эм бэлгийн даавар (эстроген) боловсруулдаг. Түүний тусламжтайгаар эрчүүд булчинлаг, сахал үс болсон биетэй, эршүүд дуу, зан ааштай болдог бол эмэгтэй нь эмэгтэйлэг бие хаа, цэвэрхэн арьс, илүү зөөлөн хоолой, ааш аальтай болдог. Хүн хэрэв өөрт нь тохирохгүй даавар хэрэглээд эхэлбэл гадаад байдал, дуу хоолой, зан ааш нь өөрчлөгддөг. Тийм учраас хүйсээ өөрчлөх хүсэлтэй хүмүүс зориуд даавар хэрэглэдэг.
Дааврын нэг онцлог нь багахан найрлагатай байсан ч үйлчлэл ихтэй байдаг. Эрүүл эмэгтэй хүний хоногт боловсруулах эм бэлгийн дааврын хэмжээ 0.3-0.7мг буюу элсэн чихрийн ширхэгний тал шиг хэмжээтэй байдаг. Гэхдээ энэ хэмжээ нь хүнийг эмэгтэйлэг байхад хангалттай хүрэлцдэг. Тэгвэл 1 литр шар айрган дахь дааврыг эстрогенд шилжүүлэн тооцвол 0.15 мг хүрдэг. Шар айрган дахь фитоэстрогений 90 хувь нь идэвхгүй хэлбэртэй байдаг ч нарийн гэдсэнд орсон хойно уг даавар идэвхиждэг.
Шар айраг эрчүүдэд юу өгдөг вэ? Эр хүн шар айраг ууснаар өөрийн биен дотроо эр, эм бэлгийн дааврыг тодорхой хэмжээнд хольцолдуулна. Уг нь эр бэлгийн даавар эрэгтэй хүнд эрч хүч, шийдмэг зан, ялан дийлэх тэмүүлэл, манлайлагч байх хүслэн төрүүлдэг бол ингэж хольцолдсоноор эр зориггүй, буйдан дээр хэвтэж зурагт гөлөрсөн завсрын хүйсний амьтан болгон хувиргана. Даамжрахаараа хэрүүлч муухай ааштан болно.Тийм хүний бие галбир нь хүртэл өөрчлөгдөж, бөгс нь бүдүүрч, эмэгтэй хүн шиг гуя хасаараа мариална. Гэдэсний булчин сулрана. Хөхний булчирхай томорч өөхөөр дүүрнэ. Зарим мэдээллээр бол ийм хөх сүү орох нь ч байдаг аж. Зүрхний хэм алдагдаж, зүрх хаах эрсдэл нэмэгдэж, физик ачаалал улам бүр нэмэгдэнэ. Эмч нар үүнийг “шар айрагны” буюу “баварын синдром” гэж нэрлэдэг.
Шар айраг эмэгтэй хүнд юу өгдөг вэ? Эмэгтэй хүний бие махбодь илүү нарийн зохиолдлогоотой, сар болгон дааврын ерөнхий дэвсгэр нь өөрчлөгдөж байдаг учраас энэ нарийн механизмд фитоэстроген болон бусад төрлийн даавар нэвтрэн орсноор Австралийн хонь хээлтэхээ больдогтой адил үр дагаварт хүрэх аюул хүртэл бий. Хэвийн үед эрүүл эмэгтэй хүний бие организм өөртөө хэрэгтэй хэмжээний даавраа л боловсруулдаг.
Шар айраг уусан эр хүн эсрэг хүйстэн рүүгээ тэмүүлэх нь багасдаг бол эмэгтэй хүнийх эсрэгээрээ нэмэгддэг. Эмэгтэй хүний бэлгийн сонирхол нэмэгдэж эрчүүдийг өдөж эхлэхийг “ороо орох” синдром гэж нэрлэж болно. Энэ бол ухамсаргүйгээр үйлдэгддэг, эрүүл ухааны хяналтаас ангид үйл юм. Харамсалтай нь бүсгүйчүүд үүнийгээ хэвийн байдал хэмээн ойлгож, өөрийгөө бэлгийн донтой юм байна гэж дүгнэн сэтгэцийн энэ хямрал нь шар айраг, бас амьдралын ийм замбараагүй хэв маягийг тулгасан реклам сурталчилгааны үр дагавар гэдгийг мэддэггүй.
Зөрөг цэцгийн ойрын хамаатан нь зэрлэг олс юм. Зэрлэг олс нь марихуан, гашиш зэрэг мансууруулах бодисын түүхий эд. Тэгвэл шар айрагны найрлаган дахь алкоголь нь этилийн спирт бөгөөд мансууруулагч мөн. Шар айрганд хүн бусад алкоголиос илүү хурдан, анзааргагүйгээр донтдог. Энэ донг эмчлэхэд хамгийн хүнд байдаг.
Шар айраг хүний бие махбодод хэрхэн үйлчилдгийг одоо хүртэл нарийвчлан судлаагүй байгаа нь архиний үйлдвэрүүдийн ашиг сонирхолтой холбоотой нь ойлгожтой. Гэхдээ л шар айраг хэтрүүлэн хэрэглэгчдийн 30-аас илүү хувь нь уусан шар айрагны хэмжээнээс үл хамааран хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай гэсэн судалгаа байдаг.
Хүмүүс яагаад шар айраг уудаг юм бэ? Амт нь таалагддаг учраас гэж хорхойтнууд хэлдэг. Гэтэл шар айрагны амт эхлээд таалагдахгүй, харин ч муухай байснаа бага багаар дассанаа ихэнх хүн мартчихдаг. Тамхи эхлээд сороход муухай байснаа хүн өөрийгөө хүчлэн түүнд дуртай болдогтой үүнийг адилтгаж болно.Эмэгтэй хүн алкогольд донтох нь эрчүүдээс 2.5 дахин илүү байдаг нь цусан дахь алкоголь нь мөн 2.5 дахин илүү хугацаагаар хадгалагддагтай холбоотой.