“Эрчүүд болгон адилхан. Бүгд л ганц шөнийн жаргалаа боддог.” Ийм үгийг бид найз бүсгүйчүүдийн уулзалтан дээр бишгүйдээ л сонсдог. Тэгээд л хөөрхий эрчүүдийг газар дор ортол нь муулах ажилдаа эрч хүчтэйгээр орно шүү дээ. Гэвч шинжлэх ухааны тайлбарыг унших юм бол, бид харин ч тэднийг өрөвдөж гарах вий. Учир нь эрдэмтдийн тайлбарлаж буйгаар эрчүүдийн “зүрх” нь тэр доороо байхаас аргагүй аж.
Өөрөөр хэлбэл хамаг учир тэдний ухамсар доройд ч биш, сэтгэл муутайд ч биш, хайрлах энэрэхийг мэддэггүйд ч биш, харин байгаль эхийн заяасан физиологийн бүтцэд байгаа аж. Хайрлаж дурлахыг бид зүрх сэтгэлтэй холбож ойлгодог бол, яг үнэндээ бидний хэн нэгэнд сэтгэл татагдах үйл явц нь тархинаас ялгарах химийн бодисуудтай холбоотой юм байна. Өөрт таалагдаж байгаа хүнийг олж харах үед бидний тархинаас допамин, окситоцин, тестостерон, эстроген, норэпинефрин мэтийн химийн бодисуудын хослол тархинаас ялгарч, цусаар дамжин, зүрхэнд хүрдэг байна. Эдгээрээс тестостероныг “дур хүслийн гормон”, харин окситоциныг “халамж энхрийллийн гормон” гэж нэрлэх нь ч бий.
Хамгийн энгийнээр тайлбарлахад эрэгтэй хүний бие организмд тестостероны хэмжээ эмэгтэйчүүдийнхээс 10-20 дахин их байдаг. Ийм ч учраас тэд биднээс илүү сексэд ач холбогдол өгч, “гал асаах”-ад байнгын бэлтгэлтэй байдаг байна. Жирийн, үл таних эмэгтэйтэй хэдхэн секунд үг солиход хүртэл эрэгтэй хүний тархин дахь тестостероны хэмжээ 30 хувиар нэмэгддэг аж. Тэгсэн атлаа окситоцин буюу, халамжлах, энхрийлэх хүслийг төрүүлдэг гормон нь эмэгтэйчүүдийнхээс нилээд бага хэмжээнд байдаг.
Хүний биед окситоцин хэдий чинээ их ялгарна, төдий чинээ тэр хүн уян зөөлөн, олонтой нийцтэй зөөлөн хүн болон хувирна. Хэдий биднээс бага ч гэлээ, эрчүүдийн биед ч бас окситоцин ялгардаг учраас, удаан гоонь явсан зарүүд, зожиг залуус эмэгтэй хүнтэй учрахаараа уян хатан, илүү уужуу болчихдог байна. Харин эмэгтэй хүний биед окситоцин гоо сайхны хувьд ч тун чухал үүрэгтэй. Окситоциноор дүүрсэн цус хацар луу юүлэгдэхэд бүсгүй хүн гадна талаасаа юугаа ч өөрчлөөгүй байсан ч, дотроосоо цацарч гэрэлтэж байдаг юм. Тиймээс л дурласан эмэгтэй хүн урьдынхаасаа илүү дур булаам, үзэсгэлэнтэй, сайхан энергитэй болж энэ нь бусад эрчүүдийг өөртөө татахад нь нөлөөлдөг.
Бид өнөөдрийг хүртэл хайрыг, хүйтэн багтай шинжлэх ухаанаас салгаж ойлгож ирсэн. Гэвч дурлалцахад хүртэл бодисын солилцоо хамаатай байдаг аж. Одоо танд нөхрийнхөө болон өөрийнхөө гаргаж буй үйлдлийг ойлгож, хоёр хүйснийхээ ялгааг ухамсарлахад бага ч болов тус нэмэр болсон биз ээ.