Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн сэтгэл сэртхийлгэм олон хэргүүдэд нийгмээрээ шахуу шуугиж хэсэг хугацааны дараа мартаж орхидог бичигдээгүй хууль бий боллоо. Хохирогчдын талаар эргэн дурсах нь бүү хэл хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар мэдээллийг ч олон нийт төдийлөн сонирхохоо больсон нь харамсалтай.
Цар тахлын үед энэ сэдэв бүр илүүтэй мартагдах боллоо. Тэгвэл хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн өнөөдрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчины талаар хуульч Р.Булгамаатай ярилцсанаа хүргэе.
-Цар тахалд хамаг л анхаарлаа хандуулах зуурт хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн асуудал мартагдах боллоо. Энэ төрлийн гэмт хэргийн гаралтын талаарх цагдаагийн байгууллагаас өгч буй тоон мэдээлэл бодит байж чадаж байна уу?
-Ковид19 цар тахлын үед бусад төрлийн гэмт хэргүүдтэй харьцуулахад хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг зөрчлийн тоо өссөн дүн мэдээлэл гарсан. Ингэхдээ цар тахлын үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад хоногт хамгийн оргил үедээ 250 хүрч байна. Энгийн үед энэ тоо 100-150 орчимд баланслагдаж байна. Өөрөөр хэлбэл, сард 5 мянган өрхөд хүчирхийллийн хэв шинж бүхий зөрчил гардаг гэсэн үг шүү дээ.
–Сүүлийн жилүүдэд ураг төрлийн шинжтэй хүчирхийллийн хэргүүд гаарч байгааг амтай бүхэн нь хэлэх болсон. Нийгэм олон нийтэд мэдээлэгдэж байгаа хэргүүдийг харвал ингэж бодохоос ч аргагүй юм?
-Сүүлийн таван жилд бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт өртсөн 1400 гаруй хүүхэд байна. Бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн 80 гаруй хувь нь ураг төрлийн шинжтэй байгаад сэтгэл эмзэглэхээс аргагүй.
Гол төлөв энэ байдалд ихэвчлэн далд хэлбэртэй, хохирогч тусламж авч чадахгүй, бусдад хэлэхээсээ эмээж айдаг бол нөгөө талдаа айлган сүрдүүлэлтийн явцад гэмт хэрэг үйлдэж буй дүр зураг харагдаж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд хүч хэрэглэсэн үйлдлээр буюу бие махбодод нь хүчирхийлсэн үйлдлээр л төсөөлдөг. Гэтэл гэмт хэрэгтнүүдийн үйлдэл улам нарийссаар байна. Өөртөө татаж, чихэр жимс авч өгч, бэлэг сэлт авч өгөх тэр байтугай өсвөр насны охидыг ятган сэнхрүүлж улмаар өөрийнхөө дур хүслийг гүйцэлдүүлж гэмт хэрэг үйлдээд байгаа юм.
Нэг жишээг дурьдая. Сонгино-Хайрхан дүүрэгт 13 настай охин 43 настай эрэгтэйд үргэлжилсэн үйлдэлтэйгээр хүчирхийлүүлсэн. Гэмт хэрэгтэн мэдүүлэг өгөхдөө “Би охинд хайртай учраас ийм үйлдэл хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч охины хувьд “Энэ ах надад хайртай гэсэн учраас юу болж байгааг ухамсарлаж ойлгоогүй, айдастай байсан” гэх зүйлийг хэлж байгаа юм. Хохирогч охиныг бусдад хэлбэл үүнээс илүү их хор хохирол учирна гэх байдлаар удаа дараа дарамталсан учраас тухайн үед гүн шоконд орсон гэж мэдүүлсэн байх жишээтэй.
–Энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа нь хуулиар хүлээлгэх хариуцлага, оногдуулах ялын хэмжээ бага байгаатай холбон тайлбарлаж болох уу. Үүнтэй холбогдуулан 2017 онд Эрүүгийн тухай хуульд 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол торгох аль эсвэл 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих, зорчих эрхийг хязгаарлана гэж хуульчилсан нь олон хүний эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулсан. Энэ төрлийн гэмт хэргээр дагнан ажиллаж буй хуульч басхүү судлаач хүний хувьд энэ асуудалд ямар сууринаас ханддаг вэ?
-Нэгдүгээрт, Монгол Улсын иргэний хуульд зааснаар иргэн гэж үзэхэд өөрийг үйлдлийг өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох, дуусгавар болгох эрх зүйн чадамж нь 18 наснаас эхэлдэг. Гэтэл 18 хүртэлх нас буюу насанд хүрээгүй 14-16 хүртэлх насны хүүхэд бол эрх зүйн бүрэн бус чадамжтай хүн. Насанд хүрээгүй иргэн хуулиас зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийн үндэстэйгээр хийх хуулийн зохицуулалттай байдаг. Гэтэл 14 насанд хүрсэн хүүхэд бусадтай тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаанд орох зүйл хэрхэвч байж болохгүй. Тиймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн насны интервалд анхаарах, өөрчлөх, 450-500 мянган төгрөгөөр торгодог зохицуулалтыг болиулах асуудлыг маш олон удаа дэвшүүлж тавьж байгаа. 12.5 гэх зүйл анги бол хүүхдийн бэлгийн эрх чөлөөг хамгаалахад ухралт хийсэн ноцтой хууль зүйн зохицуулалт юм.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хугацаатай хорих ялын хэмжээ 2002 оныхтой харьцуулахад багассан. Бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд хорих ялын хэмжээ доод хэмжээ 3, дээд хэмжээ 5 жилээр тус тус багассан. Цаазын ялыг хассантай холбоотойгоор хорих ялын хэмжээг нэмэх ёстой байтал багасгасан явдал нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлого суларсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
-Тэгэхээр ялын бодлого суларсан гэж үзвэл одоогийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлогыг чангатгах шаардлага байна гэж та харж байна уу?
-Мэдээж. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл тодорхой үр дүн гарахгүй. Бодит байдал дээр бага насны хүүхэд буюу 14-өөс доош насны хүүхдийг хүчирхийлсэн этгээд 12-20 жилийн ял авчхаад төдийлөн эмээж, ял авч байгаадаа эмээж байгаа зүйл байхгүй байна. Ял бол нэг талаасаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх учиртай. Нөгөө талаас тухайн гэмт хэргийн хор уршиг, үр дагаварт нийцсэн байх ёстой.
-Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, нэг ёсондоо давтан үйлдэлтэй этгээдүүдэд оногдуулах ялын хариуцлага тал дээр та химийн тариагаар хөнгөвчлөх аргыг хэрэглэх гэх зүйлийг ярьдаг. Яагаад заавал химийн тариа гэж?
-Хорих ялын хэмжээг нэмэхээс гадна дэлхийн улс орнуудад байдаг нэг шийтгэл нь нь химийн тариагаар хөнгөвчлөх. Тухайн хүнд химийн тариа тарих арга замаар хөнгөлөх, дур хүслээ дахин ёс бус үйлдлээр гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн хариуцлагын сонголтыг бий болгох хэрэгтэй гэх байр суурьтай байдаг. Давтан үйлдэлтэй, хоёр дах удаагаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдийг хөнгөвчлөх буюу химийн аргаар таслан зогсоох арга хэмжээ авмаар байна гэхлээр хүний эрх ярьж, эд эрхтэнг нь ажиллагаагүй болгох гэж байна гэдэг. Гэмт үйлдэлгүй, зүгээр байгаа эрчүүдэд оногдуулах гэж байгаа хэрэг биш шүү дээ. Бяцхан хүүхдүүдэд хүч чадлаа гаргаж, ёс бус байдлаар насан туршид нь гэмтэл эмгэгийг учруулж араатнаас дор аашлаад байгаа нөхдүүдийн тухайд л асуудлыг шийдээд өгөөч гэдэг зүйлийг л ярьж байгаа. Гэвч дэмжлэг авдаггүй.
“Хуульд өөрчлөлт оруулах асуудалд хууль тогтоогчид дэндүү хойрго хандаж байна”
-Гэмт этгээдийн талаар яриагаа түр хойшлуулья. Хохирогчийн талаас сэтгэл санаа, бие махбодын гэмтэл зэрэг хохирлоо барагдуулж чаддаггүй, энэ чиглэлээр төр анхаардаггүй гэх асуудал их яригддаг. Хохирлоо шүүхээр нэхэмжиллээ гэхэд шийдэгдэх байдал нь хэр байдаг юм бэ?
-Шүүх гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэх эрмэлзэлтэй байдаг. Гэтэл бодит байдал дээр хүүхдэд учирч буй сэтгэл санааны гэмтэл, түүнд гарах эмчилгээний зардал, төсөв санхүүг гаргадаг байгууллага байхгүй байна. СЭМҮТ бол зөвхөн сэтгэл санааны гэмтлийн зэргийг тогтоохоос биш хэчнээн төгрөгийн эм, эмчилгээний зардал гарах болохын тогтоож чаддаггүй. Шүүх эмнэлгийн шинжээчид энэ дүгнэлтийг тогтоох зохицуулалт байхгүй. Миний саналаар бол хоёр байгууллагын төлөөлөл, эдийн засгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй нэг баг болж энэ асуудалд хандах ёстой. Ийнхүү тогтоосон мөнгийг шүүхээр нэхэмжилдэг байх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд гэмт хэргийн хохирогч болсон иргэд шүүх дээр очоод гэмт хэргийн хохирол болох эм эмчилгээний хэдэн төгрөг нэхэмжлэхээс хэтрэхгүй. Сэтгэл санааны хохирол, гэмт хэргийн хор уршиг тогтоогдох зүйлгүй тул буцаагддаг. Мөн гэмт хэргийн хохирогч болсонтой холбоотой ямар нэгэн тусламж үйлчилгээ үндсэндээ алга.
–Энэ мэтээс харахад Монгол улс хүүхдээ хамгаалж чадаж байна уу гэх асуултыг танаас асуумаар санагдлаа?
-Үндсэн хуулийн 9.1-д заасанчлан эх, нялхас төрийн хамгаалалтад байна. Ганц хэрэгждэггүй зүйл заалт байна. Үндсэн хуульд билэг тэмдэг төдий заалт. Өнөөдрийн нөхцөлд төр эх, хүүхдийг хамгаалж байгаа зүйл бодитой, үр дүнтэй биш байна. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй хүүхдүүдийн тоо сүүлийн таван жилд 1500 орчим байна гэдэг нь аймшгийн харанга дэгдсэний шинж. Нэг үйл явдал болоход хэсэгтээ шуугиж, санал дэвшүүлж байгаад л дуусдаг ийм л дүр төрх байна.
–Хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэгт та хатуу байр суурьтай байгаагаа хэллээ. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг гарсанаас хэзээ хойно гэгээн дүрээ үзүүлдэг гэх шүүмжлэлд УИХ-ын эмэгтэй гишүүд их өртдөг. Ер нь хууль тогтоогчид энэ асуудалд хэр нааштай хандаж байна вэ?
– УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний элч. Асуудлыг шийдэх гарц гаргалгааг хуулийн хүрээнд шийдвэрлэх ямар зохицуулалт байж болохыг их хурлын нэг гэлтгүй гишүүн хууль болгон санаачилж, өргөн барих бүрэн эрхтэй. Гэтэл өнгөрсөн хугацаанд маш олон сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарч байхад үүнийг энгийн үзэгдэл мэтээр хүлээж авдаг боллоо. Нэг ч их хурлын эмэгтэй гишүүн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийг хүлээж аваад сэтгэлийн дэм өгч байсан удаагүй. Нийгэмд бугшсан асуудалд ямар сэтгэлээр хандаж байгаагийн энгийн жишээ. Энэ асуудлын хүрээнд ард түмэн үнэлгээ дүгнэлтээ өгч, хэлдгээ хэлэх байх. Энэ чиглэлээр УИХ-ын олон ч гишүүдэд саналаа хаяглан хүргүүлсэн. Тэгэхэд УИХ-ын ганцхан гишүүн холбогдсон. Тэр нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Энэ ярилцлагаар дамжуулан талархсанаа илэрхийлмээр байгаа юм.
“Гэр бүлд чиглэсэн төрийн бодлого оновчтой биш байна”
-Хүүхэд эмэгтэйчүүд болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн буруутанг дан ганц эрэгтэйчүүд рүү чиглүүлэх хандлага хаа сайгүй л байх болсон. Мөн чанартаа энэ ойлголт хэр зөв бэ. Таны хувьд ХЭН гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс гадна ямар асуудлаас үүдэж хүчирхийлэл үйлдэх болов гэдгийг бодлогын төвшинд авч үзэх ёстой болохыг байр суурь болгон илэрхийлдэг шүү дээ?
-Сард 5 мянган өрхөд хүчирхийллийн хэв шинж бүхий зөрчил гардаг гэж үзвэл цаана нь ямар асуудал байв гэдгийг бодлогын төвшинд авч үзэх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм. Ер нь эрэгтэй хүнийг л хүчирхийлэгч гэж хараад, эмэгтэйчүүдийг л хохирогч гэдэг өнгөц байдлаар дүгнэж болохгүй. Хүчирхийлэл үүсч буй учир шалтгааныг илүү өргөн хүрээнд нь харах шаардлагатай ба түүнд нийцсэн бодлого хэрэгтэй.
Нөгөөтээгүүр, үл ойлголцол, маргааныг гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэрэгт хамаатуулж авч үзээд асуудлыг лавшруулдаг зүйл нэг талаасаа харагдаж байгаа. Эхнэр, нөхрийн хэн нэгэн нь чангахан дуугарч, гэр бүлд гарсан маргаан бүрийг хүчирхийлэл гэж томьёолоод байвал учир дутагдалтай. Тэгэхээр гэр бүлийн хоорондын харилцааг хатуу императив хэм хэмжээгээр хуульчлах нь зөв эсэхийг эргэн харах шаардлагатай болж буй юм.
-Таны хэлсэнчлэн үл ойлголцол, маргааныг ч гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэрэгт хамаатуулж авч үзэх нь харин ч хүчирхийлэл үйлдэх сэдлийг өгөөд байна уу. Ер нь үүнийг хэрхэн өөр хооронд салгаж ойлгох, нөгөөтээгүүр хууль эрх зүйн орчинтойгоо хэрхэн уялдуулж өгөх ёстой байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг эрүүгийн, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоогоод зөрчил гэж үзвэл 7-30 хоног баривчлах шийтгэлтэй. Энэ шийтгэл нь бодит амьдрал дээр хатуу байгаа юм. Тухайн хүн гэр бүлийн гишүүдээсээ уучлалт хүсэж, дахин алдаа дутагдал гаргахгүй гэдгээ илэрхийлсэн ч 7 хоногийн баривчлагаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд сануулах, торгох, тодорхой хугацаагаар сургалтад суулгах, буруу зан үйлээ өөрчлөх боломж олгох хуулийн зохицуулалт байхгүй.
Начир дээрээ баривчлах шийтгэл нь хүчирхийллийн сэдэлгүй хүнийг эргээд гэртээ гарахад хүчирхийлэл үйлдэх сэдлийг төрүүлж, харин ч дуудлага өгсөн эхнэртээ өс хонзон, уур хилэн тээж харихад хүрч байгаа олон жишээ баримт бодит байдал дээр байсаар байгаа юм. Товчхондоо, гэр бүлд чиглэсэн төрийн бодлого оновчтой биш байна.
“20 жилийн өмнөх хуулиар өнөөдрийн нийгмйн гэр бүлийг зохицуулах аргагүй”
-Гэр бүлд чиглэсэн төрийн бодлого оновчтой биш байгаагаас үүдэх хамгийн том хохирол нь салалт мөн үү?
-Тийм. Өөрөөр хэлбэл, гэр бүлд чиглэсэн бодлого оновчтой биш байгаагаас гэр бүлүүдэд наад захын асуудлаас улбаалан маргаантай байдал бий болж эхэлдэг. Асуудлаа шийдэх гарцыг хүмүүс салалт гэж харах болсон нь худал биш. Салалт сүүлийн жилүүдэд эрс ихсэж байна шүү дээ. Статистикаас үзэхэд, жилд дунджаар 5 мянга орчим гэр бүл салж байна. Үүний 3 мянга гаруй нь шүүхээр гэр бүлээ цуцлуулж байгаа бол 2 мянга нь захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулж байгаа юм.
–Тэгвэл асуудлыг ул сууриас нь авч үзвэл гэрлэлтийг ч хариуцлагажуулах ёстой болж таарна?
-Ер нь гэр бүлийн боловсролтой байх, үр хүүхдийнхээ өмнө ямар үүрэг хариуцлага бий болгож байгаа гэдгийг анх гэрлэхэд нь гэрлэлтийн гэрээгээр уялдуулж, хариуцлагыг нь уяж өгдөг байх хэрэгтэй. Гэр бүлийн тухай хууль батлагдаад 20 гаруй жил болж байгаа. 20 гаруй жилийн өмнөх Монголын нийгмийн амьдрал өнөөдөртэй харьцуулахад тэс ондоо. 20 жилийн өмнөх зохицуулалтаар өнөөдрийн Монголын гэр бүлийн харилцааг зохицуулах аргагүй. Хуульд өөрчлөлт оруулах асуудал их чухал. Үүнийг хэдэн парламент дамжиж яриад үр дүнд хүрээгүй л байна. Эцэг, эх буюу эрх зүйн бүрэн чадамжтай, нас биед хүрсэн хүн үр хүүхдийнхээ өмнө ямар үүрэг хүлээхийг императив шинжтэй хатуу хэм хэмжээгээр зохицуулж өгөхгүй бол болохгүй байгаа юм. Тэгэхгүй бол Монголоор дүүрэн хүүхдийнхээ тэтгэмжийг араас хөөцөлдсөн, салаад явсан нөхөртөө хүүхдэдээ анхаарал хандуулахыг шаардсан хандлага гаргах ээжүүд олноороо бий болох нь.
-Үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй эцэг, эхийн асуудал яригдах нь зүй. Тэгвэл энэ ч бас гэр бүлд чиглэсэн бодлоготой холбоотой асуудлын үр дүн үү?
-“Охин маань хойд аавыгаа намайг хүчиндсэн гээд цагдаад хандсан байна. Миний охин хойд аавыгаа гүтгээд байна, нөхөртөө өмгөөлөгч авмаар байна” гэж хандаж байсан эмэгтэй бий. Би үнэхээр гайхсан. Чадах ядахаараа ийм хандлагатай байж болохгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Миний асуудал гэсэн байдлаар хандаад гарсан. Тэр үед би таны нөхрийг биш охиныг тань үнэ төлбөргүй өмгөөлж өгье гэж хэлж байлаа.
Энэ мэтээс юуг харж болох вэ. Төр үндсэндээ энэ мэт хариуцлагагүй болчихсон эцэг, эхчүүдийн асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эцэг, эх байх эрхийг нь хасах тоо улам бүр ихэссэн. Энэ оны тухайд шүүхээр 13 хүний эх, эцэг байх эрхийг хасаад байгаа юм. Эцэг, эх байх эрхээ хасуулахаар үүрэггүй боллоо гээд баярлаад явчих тохиолдол ч байна.
“680 мянга орчим сурагч тус бүрт аюулгүйн зэргийн эрсдэлийн судалгаа хийх шаардлагатай”
-Саяхан Өвөрхангай аймагт наймдугаар ангийн сурагч амиа алдсан хэрэг гарлаа. Сэтгэл сэртхийлгэм мэдээ хэр цаанаа сургуулийн орчинд хүүхдэд анхаарал хандуулах байдал сул байна хэмээн дүгнэх хүн олон байлаа. Сургуулийн орчинд хүүхэдтэй хэрхэн ажиллах ёстой гэж та харж байна?
-ЕБС-д суралцаж буй 680 мянга орчим хүүхэд тус бүрт аюулгүйн зэргийн эрсдэлийн судалгаа хиймээр байгаа юм. Хийх боломж, бололцоо нь байгаа. Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлж, тэдэнд тавих хараа хяналтыг төр тавьж чадвал энэ төрлийн гэмт хэргийн хэргүүдэд хүүхэд хохирох байдлаас сэргийлж чадна. Нөгөөтэйгүүр, боловсрлын салбарт хүүхэд хамгаалал учир дутагдалтай, багш сурган хүмүүжүүлэгч нарыг хүүхдийн эрхийн ойлголт мэдэгдэхүүнтэй болгох, ялангуяа дотуур байрны ажилтнуудыг мэргэжлийн болгох, чадавхижуулах зэрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх бүх талаар зөрчигдөхгүй байхад онцгой анхаарах шаардлагатайг дээрх жишээ тод томруун харуулж байгаа юм.
–Сургуулиудад мэргэшсэн сэтгэл судлаач ажиллуулж эхэлсэн шүү дээ?
-Энэ шийдвэр нь зөв. Гэхдээ мэдрэмжтэй, мэргэжлийн төвшинд ажиллах хэрэгтэй байна. “Сэтгэл зүйчтэй болсон, янз бүрийн дарамтад байдаг бол сэтгэл зүйчээс зөвлөгөө авч болно шүү” гэж нэг сургууль дээр зарласан тохиолдлыг саяхан сонссон. Сэтгэл зүйчийн өрөө лүү орж байгаа хүүхдийг үеийнхэн нь хараад энэ дарамт хүчирхийлэлд байна гэж харж таарах нь. Үүнээс үзэхэд, хүүхдийн сэтгэл зүйг мэдэрч, ойлгож ажилладаг мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх ажил чухал байна. Ер нь сэтгэл зүйчийн хэрэгцээ шаардлага бүх шатандаа байна. Түүнээс гадна эцэг эхийн анхаарал халамж, үр хүүхдүүдээ сонсдог, тэдэнтэй ярилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэдэг, хүүхдэдээ цаг гаргадаг халуун дулаан харилцаа олон зүйл дээр үгүйлэгдэж байгаа хэрэг.
“Шүүх эмнэлгийн байгууллагуудын дүгнэлтийн зөрүүтэй байдлыг арилгахаар хүсэлт өгсөн”
–Хэргийн хөөн хэлэлцэх хугацаанаас шалтгаалсан асуудлууд их үүсэх боллоо. Сүүлд л гэхэд 2019 онд төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охины хэргийг цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх шалтгаанаар дорвитой шалгалт хийхгүй байсаар хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэг хаагдах гэж байгаа талаар хохирогч охины ээж мэдээлэл хийсэн. Мэдээлэл өгөх үеэрээ таниас хууль зүйн зөвлөгөө авч байсан талаараа дурдаад амжсан?
-2020 оны есдүгээр сард фэйсбүүк чатаар холбогдож байсан юм. Ингэхдээ хүүхэд нь хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй байгааг хэлсэн. Хүүхдийнхээ видео бичлэгийг над руу явуулсан. Тухайн үед хууль хяналтын байгууллагад хэрхэн яаж хандах арга замыг нь зааж өгсөн. Дуучин Ч.Уранхолбоо болон манай хуулийн фирмийн өмгөөлөгч Балжидмаа нар тус хэрэг дээр тусгайлан анхаарал хандуулан ажиллаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт ээж, охиныг СЭМҮТ, Шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Анх Архангай аймагт дүгнэлт гаргасан эмч нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна гэх дүгнэлтийг гаргасан юм билээ. Гэтэл шүүх эмнэлгийн эмч нар ийм зүйл байхгүй гэх дүгнэлтийг гаргасан. Энэ зөрүүтэй байдлыг тогтоох шаардлагатай байгаа тул дахин шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах хүсэлтийг прокурорт өгөх гээд шат дараатай олон ажиллагаа хийлгэх шаардлагатай байгаа.
Мөн гэмт хэрэгт холбогдсон гэх аав, өөрийг чинь ч мөн адил сэтгэцийг тодорхойлох нь шударга гэдгийг охины ээжид хэлсэн. Магадгүй зарим хүмүүс охины ээжийг сэтгэцийн өвчтэй гэх мэтээр үнэн, худал мэдээлэлд итгээд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өнгөрсөн 7 хоногт 2-3 байгууллагуудаар хамтдаа явсан. Удахгүй дүгнэлтүүд гарна. Хэрвээ Архангай аймгийн анх дүгнэлт гаргасан эмч нь худал дүгнэлт гаргасан бол тухайн эмчид зохих хариуцлагыг хүлээлгэх асуудлаар хандах ёстой. Нөгөө талдаа, хүүхдийн ярьж буй зүйлд дүгнэлт хийх ёстой. Охины хоёр нас өнгөрүүтэй байхдаа ярьж байсан зүйл одоо биечлэн уулзаад тоглож байгаад ярьж байгаа яриа яг адилхан. Хүүхэд нэг жилийн хугацаанд тодорхой давтамжтайгаар болоогүй үйл явдлыг ярина гэж байх уу. Тэгвэл энэ нь ор үндэсгүй зүйл биш.
-“Me too” хөдөлгөөний хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг 1000 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан гэх баримтыг дэлгэж, хуулийн байгууллагад хандсанаа зарласан. Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрхт байдлаараа хамгаалагдаж, хуулийн байгууллагад шийдэгдэхгүй байгаад хуульч хүнийхээ хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Ц.Анандбазарын хэрэгт шүгэл үлээсэн эмэгтэйн хувьд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон эсэхийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдэж байсан. Тухайн эмэгтэй энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон эсэх, 1000 эмэгтэй хохирсон уу, үгүй юу гэдэгт хуулийн байгууллагууд хариулт өгөх учиртай.
Хэрэв 1 мянга биш бол нийгэмд айдас төрүүлэм, анхаарал татахуйц байдлаар худал мэдээллийг түгээсэн хүн ч хариуцлага хүлээх ёстой. Би нэг л зүйлийг хэлмээр байгаа юм. Нийгэмд ил болж буй хэргүүдэд хуулийн байгууллага нь тодорхой хариулт өгдөг баймаар байна. Тэр хэрэг яаж үргэлжилж, хэрхэн шийдэгдсэн нь ч мэдэгдэхгүй үргэлжилсэн үгийн зохиол мэт л үргэлжлээд байх боллоо шүү дээ. Энэ байдал нь хуулийн байгууллагад ард иргэд итгэлийг алдагдуулахад хүрэх сөрөг үр дагавартайг анхаарах ёстой.
-Таны хувьд олон жил хүүхэд, эмэгтэйчүүд, хүчирхийллийн гэмт хэргээр дагнаж ажиллалаа. Ер нь хууль дүрэмдээ, хүн ёсондоо ч анхаарах ёстой асуудлуудын гарцыг та хэрхэн харж байна?
-Эрүүгийн хуулийн зарим заалтууд гэмт хэрэгтнүүд өсвөр насныхан болоод хүүхдийг ятгаж, сэнхрүүлэх замаар хүч хэрэглэх, бэлгийн дур хүслээ хангах гэсэн үйлдлийг өөгшүүлэх зүйл болж хувирч байна. Энэ зүйл заалтыг өөрчлөхийг олон жил олон баримттай, тооцоо судалгаатай ярилаа. Үнэн хэрэгтээ, надад талбай дээр гарч тэмцэж, жагсахаас өөр шийдэл үлдсэнгүй. Үндсэндээ байж болох хуулийн хүрээнд, ёс суртахуунтай аргаар тэмцэж үзлээ.
Үр хүүхэдгүй юм шиг, охин үргүй мэт авирлах хүмүүс ч байна. Охин үргүй байсан ч хүү тань нэг л өдөр охин хүүхэд дагуулаад ороод ирнэ. Хэн нэгний охин үр энэ мэт гэмт хэргийн хохирогч болж, насан туршдаа мартахааргүй сэтгэлийн хар толбо хүнд гэмтлийг авсан хүн байвал яах вэ. Бодох л асуудал. Үүнийг ухамсарлаж, ойлгож хууль зүйн зохицуулалт хийх тал дээр хууль тогтоогчид дэндүү хойрго хандаж байгаад эх хүн, энэ чиглэлээр ажилладаг хуульч хүнийхээ хувьд гомдож явдаг. Нэг л өдөр ажил хэрэг болгох болов уу гээд харж хүлээсээр л байна.
2 Comments
Эмэгтэйчүүдийг ядуу монгол эрчүүдтэй суулгахүй байх арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй юм. Ядуу эцгүүд төрсөн охидоо өлгийтэй буюу нялх байхад нь хүчинддэг байхад баян Монгол эцгүүд төрсөн охиддоо 200000 америк доллар зарцуулан, тэд нарыгаа АНУ-д их сургуульд явуулдаг юм. Зиндаа дээшлэхэд ёс суртахуун бас дээшилдэг юм байна.
Haha pedophilia d mungu zindaa aris ungu undes yzguur hil hyzgaar gej baidaggui ym. Henc yuc hiij bolno.