Эмэгтэй хүн төрснийхөө дараа өөртөө сэтгэл хангалуун байдаг мэдрэмжээ аажим аажмаар алдаж эхэлдэг тал бий. Ихэнх эхчүүд өөр өөрсдийн биеийн онцлогийн дагуу хэвлий болоод гуя түүнчлэн цээж хэсгээрээ нилэнхүйдээ жин нэмж гуя хэвлийн доод хэсгээр язарч зарим эхчүүдийн хөх хүртэл язарсан байдаг. Мөн толгойн үс унах арьс нөсөө толбо үүсэх гэх мэт гоо сайхны хувьд асар их өөрчлөлт явагддаг.
Шинэхэн ээжүүдийн хувьд энэ бүхэн их хүндрэлтэй асуудал бөгөөд давж гарахгүй яана аа яана аа гэж уулга алдаж багагүй сэтгэл гутралд ордог.
Цахим хуудсанд маань нэгэн төрөөд удаагүй эмэгтэй хандсан бөгөөд төрсний дараа нөхрийн харилцаа хандлага нэг л өөр болсон ба бэлгийн харилцаа ч хийхгүй тэр бүү хэл дур хүрэхгүй байгаагаа хэлсэнд их шаналснаа хэлсэн юм.
Зарим эрчүүд яагаад эхнэрээ төрсний дараа нь анхаарал халамжаар дутааж өөр харилцаа хөөж эхнэрийнхээ сэтгэлийг сэвтээдэг юм бол гэсэн асуудал гарч байна.
Төрсний дараах сексийн харилцаа, эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо таатай бус, урьдынх шигээ биш, таашаал авах байдал өөрчлөгддөг гэсэн хуурамч таамаглал худал мэдээлэл зарим эрчүүдийн хувьд үнэн мэт санагддаг. Эмэгтэй хүн төрсний дараа оёдолтой үгүй хүндрэлтэй үгүйгээс шалтгаалан 2-3 сарын дараа бэлгийн харилцаанд орж болдог ба сексийн амьдрал тогтвортой болж болдог түүнчлэн эрхтэн тогтолцооны хувьд ямар ч өөрчлөлт явагддаггүй юм.
Түүнчлэн шинэхэн аавуудын хувьд эцэг болсон шок гэнэтийн хариуцлагаас болж тэнгэр нурах шиг болж эхнэртээ таагүй хандах зугтах өөр зүйл рүү анхаарлаа хандуулж сэлгүүцэх хандлага гарч болох юм. Энэ үед эмэгтэй хүн хатан ухаанаараа зөв манлайлж гэмээн нөхөртөө үүсээд байгаа бэрхшээлтэй асуудлыг нь ойлгож тусалж болох юм.
Нөгөөтэйгүүр үнэхээр л хариуцлага хийгээд амьдралд бэлэн бус магадгүй та хоёрын хооронд хайр бус хүүхэд л холбох хэмжээний гэр бүлийн харилцаа цаашдаа явцгүй болж хэн хэнийхээ сэтгэлийг сэвтээлгэн хоцроодог аж.
Мөн эмэгтэй хүн ч гэсэн төрсөн эмэгтэй гээд өөрийгөө орхиж бүх зүйлд өөрийгөө үл ойшоон хандаж болохгүй юм.
Гадаад байдалд гарч буй өөрчлөлт бол засагддаг зүйл. Энэ хөгжсөн эрин үед бүхий л нөөц боломж байгаа нь ямар их боломж вэ гол нь эмэгтэй хүн нэг хичээж хүсэх л юм бол юуг ч хийж чаддаг юм. Гадаад байдалд хандах хандлагаас болсон гэж үзвэл та алхам алхмаар өөрийнхөө бие дээр гарсан өөрчлөлтөө засаж урьд өмнөх түүнээс ч сайхан үзэсгэлэнтэй болж болох юм.
Мөн та энэ их хичээл зүтгэлийнхээ хариуд өөрөөсөө нэг өөр нэгэн хүнийг бүтээсэн гайхамшиг гэдгээ бүү мартаарай…
Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл