Украины хямралтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх Европын Холбооны ээлжит эдийн засгийн хоригийн төсөлд ерөнхийлөгч Владимир Путиний найз бүсгүй гэгддэг Алина Кабаева багтсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Газрын тосны импортыг хориглохоос гадна Путиний ойрын хүрээллийн хүмүүсийг хар жагсаалтад нэмэх шинэ хориг арга хэмжээг Европын Холбооны удирдлагууд удахгүй зарлах гэж байгаа юм.
Өнгөрсөн сард АНУ, Их Британийн засгийн газрууд Путиний экс гэргий Людмилагаас төрсөн хоёр охиныг нь хоригоор шийтгэж байв.
Швейцарт амьдардаг гэх Кабаева харин өнөөдрийг хүртэл ямар нэг хоригт багтаагүй байгаа. Гэхдээ Украинд дайн эхэлсний дараа Швейцарын иргэд түүнийг эх орноосоо гаргахыг шаардсан хөдөлгөөнийг онлайн орчинд өрнүүлж байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Кабаеваг ерөнхийлөгчийн “найз бүсгүй” гэсэн утгаар биш, харин Кремлийн суртал нэвтрүүлэгч гэдэг утгаар нь хоригт багтаах гэж байгаа гэнэ.
1983 онд төрсөн Алина Кабаева нь дөрвөн настайгаасаа эхлэн уран сайхны гимнастикаар хичээллэж, дэлхийд алдаршсан тамирчин болж байжээ.
Зодог тайлахдаа тэр дэлхийн аваргын 18 медаль, Европын аваргын 25 медаль, Олимпын медаль зүүгээд байв.
Дараа нь Кабаева улс төрч болж, 2007-2014 онуудад Нэгдсэн Орос намыг төлөөлөн ОХУ-ын парламентын доод танхимын гишүүнээр ажиллаж байжээ.
2014 онд тэр Үндэсний Медиа Группийн ерөнхийлөгч болсон юм. Тус компани нь Оросын төрийн өмчит бараг бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын гол хувийг эзэмшдэг байна.
Кабаева энэ албан тушаалд ажиллаад жилийн $12 саяын цалин урамшуулал авдаг гэсэн мэдээлэл бий.
Швейцарын хэвлэлүүд түүнийг 2015 онд Лугано нуурын ойролцоох хувийн эмнэлэгт хүү төрүүлснийг мэдээлж байжээ. Дараа нь 2019 онд тус эмнэлэгт дахин нэг хүү төрүүлсэн гэсэн мэдээлэл бий.
Гэхдээ Кабаева хэдэн хүүхэд төрүүлсэн талаар хэвлэлүүд зөрүүтэй мэдээлдэг.
Кремлийн хэвлэлийн алба эдгээр хүүхдүүдийн эцэг Путин болох тухай мэдээллийг няцааж байжээ. Тухайлбал 2015 онд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Владимир Путиний хүүхэд мэндэлсэн тухай мэдээлэл үнэнд нийцэхгүй” гэж хэлж байв.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Путиний хувьд энэ талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулахаас байнга зайлсхийсээр иржээ.
2008 онд “Московский Корреспондент” сонин Путинийг гэргий Людмилагаасаа салж, Кабаеватай гэрлэх гэж буй тухай анх мэдээлж байсан юм.
Тухайн үед Путин, Кабаева нар үүнийг няцааж байсан ба удалгүй мэдээ нийтэлсэн сонин нь татан буугдаж байжээ.
Үүнээс хойш таван жилийн дараа Путин, Людмила нар салж байв.
Эх сурвалж: BBC
SOURCE: ikon.mn
1 Comment
Нууцлаад бнаа гэдэг чинь л но-той гэсэн үг. Ил болгочихоор нэр хүндэд нь муу учраас тултал нь нууцалж бгаа юм. Тэр алдартай хүүхний амьдрал яагаад таг болчихов.. ямар ч тэнэг хүнд ойлгомжтой.
Путиных гэсэн шиг л адилхан хүүхдүүд бгаа даа. Цаг хугацаа харуулаад өгнө.