Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Бөөрний мэс заслын тасгийн урологи, андрологийн эмч Ө.Золбоотой виагра эмийн талаар ярилцлаа.
-Виагра бэлдмэлийн үндсэн бодис болох салденафилийг зүрхний эм болгон анх ашигладаг байжээ. Тэгээд нэлээд хожуу эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхыг дээшлүүлдгийг нь тогтоосноор Виаграг хэрэглэх болсон гэх юм. Энэ үнэн үү?
-Салденафилийг анх уушгины артерийн даралт ихсэх өвчний эсрэг хэрэглэж байсан юм билээ. Учир нь энэ бодис гөлгөр булчинг суллаж, цусан хангамж сайжруулдаг үйлчилгээтэй л дээ. Улмаар бэлгийн сулрал буюу 40-70 насны эрчүүдэд тохиолддог бэлэг эрхтний хөвчрөлийн алдагдал гэх өвчинд хэрэглэж ирсэн. Яг л адилхан булчинг суллаад цусан хангамжийг сайжруулдаг үйлдэлтэй эм.
-Манай улсад энэ эмийг ямар хүмүүс хэрэглэвэл зохилтой вэ?
-Монголд эрэгтэйчүүдийн эмгэгтэй андрологийн өвчтөнүүдийн дунд чихрийн шижин өвчин, таргалалт элбэг тохиолддог юм. Мөн хоолны дэглэм буруугаас, дээр нь нас ахихаар бэлгийн сулралтай болж байна. Тиймээс эхлээд өвчтөнөө сайн оношилж, зүрхний асуудалтай эсэхийг нь сайтар нягтлах хэрэгтэй.
Хэрэв зүрхний ноцтой эмгэг илрээгүй бол Виаграг уухыг зөвшөөрдөг. Учир нь зүрхний ямар нэгэн өвчтэй хүнд энэ эмийг уулгавал шигдээст хүргэх аюултай. Зүрхний асуудалгүй тохиолдолд ч хамгийн бага тунгаар ууж хэрэглэх нь зөв. Виаграг нэг удаа уугаад гурав хоног өнжих шаардлагатай. Ер нь энэ эмийг зөвхөн эмчийн заавраар л уух ёстой.
-Энэ эмийг заавал жороор уух ёстой гэж ойлголоо. Гэтэл иргэд ямар ч жоргүй дураараа авч уух нь элбэг байх шиг. Эмийн сангууд Виаграг жоргүй олгодог уу?
-Тэгдэг. Мөн секс шопууд ч ямар нэг хараа хяналтгүй зарж л байдаг.
-Манай улсад Виагра хэрэглэж байгаад зүрх нь хаагдаж нас барсан тохиолдол бий юү?
-Бэлгийн харилцаа хийж байх үедээ зүрх нь ачааллаа дийлэхгүй амиа алдсан явдал манай улсад цөөн боловч гардаг. Зүрхний асуудалтай гэдгээ мэдсээр байж энэ эмийг дур мэдэн ууснаас шигдээс болсон тохиолдлууд бий. Хөдөө орон нутагт ч ийм тохиолдол нэг биш удаа гарч байсан. Хот орж ирэхдээ эрчүүд Виагра авчихдаг. Нутагтаа эргэж очоод архи, дарстай хамт хэрэглэдэг.
Уг нь энэ эмийг бэлгийн харилцаа хийхээс 30 минутаас цагийн өмнө уух ёстой. Өөх тостой хоол идэх нь энэ эмийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг талтай. Мэдээж архи дарстай хамт хэрэглэх ч эрсдэлтэй. Учир нь архи цус шингэлдэг үйлчлэлтэй. Дээр нь Виагра өөрөө цусны урсгалыг сайжруулдаг юм. Тиймээс ч энэ эмийг архи, дарстай хольж хэрэглэхийг хориглодог.
Үүнээс гадна Виаграг уух үед харшлын эмгэг илэрч болно. Мөн ойрын болон холын хараа түр муудах нь ажиглагддагийг анхаарах нь зүйтэй. Виаграг хэрэглэх үед харшлын ямар нэг эмгэг үүсвэл эмчид заавал хандах шаардлагатай. Тунг нь сайн тохируулж, хамгийн бага 5-10 мг тунгаас эхлэх нь зохилтой юм.
-Уг эмийг гол төлөв хэдэн насны хүмүүс хэрэглэдэг бол. Виаграг тэдээс тэдэн насны хүн хэрэглэх учиртай гэсэн заалт бий юү?
-20-25 насныхан энэ эмийг хэрэглэхэд ерөөс үйлчлэхгүй. Учир нь тэд бэлгийн хөвчрөл сайтай эрүүл улс. Тэгээд ч энэ насныхан Виаграг тогтмол хэрэглэвэл эмгэг хөвчрөл үүсэх эрсдэлтэй. Харин 45- 70 насны хүнд үйлчилгээ нь 52 хувьтай байдаг гэсэн тооцоо бий. 40 наснаас эхлээд эрэгтэйчүүдийн бэлгийн чадавх эрэгтэй даавраас болж хөвчрөл нь багасаж, бэлгийн чадавх нь 10-15 жилийн өмнөхөөсөө хоёр дахин илүү буурдаг.
-Виаграг эмэгтэйчүүд хэрэглэдэг үү?
-Хэрэглэх нь бий. Гэхдээ Виагра уудаг эмэгтэйчүүд аль ч улсад цөөхөн.
-Виаграгийн үйлчилдэг хугацаа ямар вэ?
-Хоёроос дөрвөн цаг үйлчилнэ. Энд тэмдэглэхэд, хоёр цагаас илүү хугацаагаар хөвчирсөн бэлэг эрхтэн буухгүй байвал эмчид хандах хэрэгтэй. Учир нь приапизм /эмгэг хөвчрөлт/ гэж эмгэг бий. Энэ нь удаан үргэлжилбэл үхжил явагдахад хүргэдэг. Тийм үед бэлэг эрхтний дүүрсэн цусыг хатгаж хурдан гаргах ёстой.
-Тийм тохиолдол гарч байв уу?
-Элбэг биш ч тохиолддог.
-Виагра эм дотроо ялгаатай юу?
-Шатлал шатлалаараа өөр. Тунгийн хэмжээнээс хамаараад өөр өөр байдаг л даа. Бага тунтайг эхэлж хэрэглээд үр дүн муу байвал дараагийн шатлалын эмийг хэрэглэх нь бий.
-Эрэгтэйчүүдийн талын эмгэг Монголд хэр элбэг вэ?
-Манайд түрүү булчирхайн хорт хавдар цөөн. Жилдээ нэг, хоёр л бүртгэгддэг. Харин түрүү булчирхай томрох явдал элбэг. 40 нас гараад эрэгтэй хүн заавал урологи, андрологийн эмчид хоёр жилдээ нэг удаа үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Бэлгийн замын халдварт өвчнийг ч үл ойшоож болохгүй. Өвчнөө дутуу эмчилсний улмаас урхагтай үлдэх нь бий. Эдгээр үлдэц нь шээс бэлгийн замыг гэмтээдэг юм.
-Андрологийн талын эмчилгээнд манай эрэгтэйчүүд хэр хамрагддаг вэ?
-Манай эмнэлэгт андрологийн тасаг нээгдээд удаагүй байна. Гол төлөв чихрийн шижин, таргалалттай, эсвэл 60-аас дээш настай эрэгтэйчүүд ханддаг. Уг нь эрэгтэйчүүд 35-40 насандаа тестостероны дааврын хэмжээгээ тодорхойлуулж байх ёстой. Учир нь энэ насанд бэлгийн хөвчрөл залуу үеийнх шигээ байж чадахгүйд хүрч эхэлдэг юм. Тиймээс тэр үед нь оношлуулаад витаминт эмчилгээ, хөдөлгөөн, хоолны эмчилгээг зохицуулан хийлгэх шаардлагатай. 60 настай эрэгтэй тийм эмчилгээ хийлгэлээ гэхэд гучтай залуу шиг болохгүй ч бэлгийн хөвчрөлөө үлэмж сайжруулж болно.
-Бэлгийн сулрал залуучуудын дунд элбэг байна гэх юм?
-Манай залуучууд сэтгэхүйгээ өөрчилж, удаан хугацаанд бэлгийн ажиллагааг тасалдуулахгүй байхыг аль болох хичээвэл зүгээр. Бэлгийн сулрал нэн ялангуяа ээлжийн ажилтай эрчүүдэд илүүтэй ажиглагдаж байна. Жишээ нь, хоёр долоо хоног ээлжид гараад хоёр долоо хоног амардаг хүмүүст. Ийм ажилтай эрчүүд бэлгийн харилцаа удаан хийхгүй байж байгаад нэг хийхээрээ хурдан дур тавьдаг болчихдог.
Ийм мөчлөгөөр удаан ажиллахаар хүмүүсийн сэтгэхүйд өөрсдийгөө бэлгийн сулралтай болчихлоо гэж хий бодон эцсийн дүнд үнэхээр бэлгийн сулралтай болох нь бий. Ийм тохиолдолд андрологийн эмчид цаг алдалгүй хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгж хандах тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Энэ асуудлаар эхнэртэйгээ хамт ирж зөвлөгөө авах нь ч бий.
Эхлээд тус тусад нь, тэгээд хамтад нь уулзаж зөвлөгөө өгсний дараа сексийн амьдрал нь эргээд хэвийн болох жишээ багагүй шүү. Учир нь ихэнх тохиолдолд бэлгийн хөвчрөл дутмаг биш, янз бүрийн суурь өвчин байхгүй нь ажиглагддаг. Сэтгэл зүйтэй л холбоотой. Тиймээс сексийн амьдрал тасалдахгүй тогтмол байх ёстой.
Өөр нэг зүйл хэлэхэд, эрчүүд бэлэг эрхтнээ томруулах гээд вазелин шахах тохиолдол элбэг байдаг. Эхэндээ том болсон юм шиг мэдрэмж төрөх нь бий. Гэвч аажимдаа бэлэг эрхтний эд эс үхжиж хагалгаанд орох тохиолдол зөндөө байдаг.
SOURCE: Өдрийн сонин