“Америк маягийн гоо үзэсгэлэн”, “Хөзрөн байшин” зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ алдаршсан Холливудын жүжигчин Кевин Спейси олон жилийн өмнө насанд хүрээгүй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн шуугиан олны анхаарлыг татаад байв. Энэ хэрэгтэй холбогдох шүүх хурал болж, шүүхээс түүнийг цагаатгасан талаар AFP агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, 10 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йоркийн шүүх жүжигчин Кевин Спейсиг гэм буруугүй хэмээн үзсэн байна. Кевин Спейсигийн эсрэг зарга мэдүүлсэн хүн нь “Оддын дайн: Дискавери” цувралд тоглосон, 50 настай жүжигчин Энтони Рэпп юм. Түүнийг 1986 онд 14 настай байхад Манхеттен дэх Спейсигийн гэрт болсон үдэшлэгийн үеэр Спейси өгзөгнөөс нь базаж, дараа нь гараас нь татаж, орон дээр хэвтүүлээд дээр нь хэвтсэн гэж Энтони Рэпп өгүүлжээ. Ингээд тэрбээр Спейсигээс 40 сая ам.доллар нэхэмжилж байв.
Рэпп анх 2017 онд Кевин Спейсиг ийнхүү буруутгаж байлаа. Тухайн үед Спейси ийм үйлдэл хийснээ санахгүй байна гээд энэ үнэн бол Энтони Рэппээс “хөлчүүрхсэн үедээ байж боломгүй үйлдэл хийснийхээ төлөө гүнээ уучлал хүсэх ёстой” хэмээн мэдэгдэж байв.
Харин шүүх хурлын явцад Спейси Рэппийг насанд хүрээгүй байхад нь бэлгийн дарамт үзүүлээгүй хэмээн шийдэмгий мэдэгдээд, “төлөөлөгчдийнхөө зөвлөснөөр уучлалт гуйсан” хэмээжээ. Ингээд тангарагтны шүүх Рэппэд хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэн Кевин Спейсиг цагаатгасан байна.
Энд дуулгахад, 2017 онд Рэпп Спейсиг буруутгаснаар Спейси бисексуал байсан, одоо эрчүүдийг сонирхдог гэдгээ олны өмнө зарласан юм. Үүний дараа 10 гаруй хүн түүнийг бэлгийн дарамт үзүүлсэнд буруутгаж, улмаар Кевин Спейсиг “Хөзрөн байшин” төслөөс хасаж, “Дэлхийн бүх мөнгө” киноноос түүний оролцсон хэсгүүдийг бүгдийг хасаж байлаа. Түүнчлэн 2017 онд Спейсид Эмми шагнал гардуулахгүй байх шийдвэр гарч байв.
Г.Бямбасүрэн
Shuud.mn