Хүний амьдрал

Манай байранд Болд ах гээд бүх хүн мэддэг нэг ах байсан юм. Буржгар үстэй. Өндөр биетэй манай байранд л лав хамгийн үнэтэй машиныг унадаг байсан юм. Би ч бага байсан л даа. Харин тэгэхэд манай аав бол тэр хавьдаа уух дуртайгаараа алдартай нэгэн байсан. Хүүхэд байхад цаг хугацаа ч дорхноо өнгөрдөг байсан даа. Бид нар Болдоо ахын гэрээр орон дуртай. Орох болгонд ганц 2 чихэр идчихдэг байлаа.

Тэгээд л цаг хугацааг анзаарахгүй байж байсан чинь Болдоо ах гэнэт их уудаг болчихсон байсан. Байрныхнаасаа сонсхоор Болдоо ах тэнд тэгэж уугаад гадаа тасарцан хэвтжийсэн энд орцонд өвгөнтийн архичидтай ууж байсан гээд л үе үе сонсогддог болсон байсан. Тэрнээс гадна манайхаар их эргэлдэх болсон шүү. Би ч манай гэрт орж ирэхэд нь дуртай байдаг байсан. Боломжоороо надад амттан аваад ирнэ. Тэгээд тэр үед ээжээс учрыг нь лавласан чинь Болдоо ахын эхнэр нь түүнийг хаяад явсан юм гэнэ. Эхнэр нь муу хүн байсан л гэж надад хэлсэн. Тэрнээс болоод Болдоо ах архитай найзладаг болчихсон. Эхнэртэй их хайртай байсан юм билээ. Даанч тэр нь Болдоо ахыг минь хайрлаагүй.

Тэгээд тэр чигээрээ ер нь Болдоо ахыг их уудаг болж байгааг харсан шүү. Гадаа тоглож байгаад манай байрны ах нар гадаа тасарцан байхад нь гэрт нь оруулж өгнө. Сүүлдээ байрны ах нар тэднийхээр их эргэлддэг болчихсон. Аргагүй л дээ. Тэдний гэрт архи байнга байна. Гэр оронд нь ороод тасарч унацгаагаал. Ер нь л хэцүү болж байсан шүү. Би тэр үед хэд хэд орж харсан. Өрөөгөөр нь дүүрэн тамхины утаа суунаглаад л орон дээр нь нэг тасарцан хүн. Болдоо ах согтуу нэг залуутай хэрэлдчихсэн байж байдаг байлаа. Анх орж чихэр авдаг байсан тэр баян чинээлэг айл байхгүй. Миний ойлгосноор бол тэр гэрийнхээ тавилгуудыг зараад мөнгөөр нь архи уудаг болсон юм шиг байсан.

Тэгээд тэдний гэрээр нь нөгөө байрны заваан ах нар орж үе үе гэрт нь янз бүрийн хүүхэн шуухан авчирна. Ер нь тэр жижиг өрөө нь бол тэгээд үнэгүй буудал маягийн юм болчихсон байсан. Биеэ үнэлэгч энэ тэр аваал Болдоо ахтай ууж байгаад л амжуулчихдаг. Болдоо ах ч юу ч хэлэхгүй. Ууж байгаад тасраад унтаад өгнө. Эхнэртээ тэгэж хайртай байсныхаа төлөө тийм болтлоо өөрчлөгдөнө гэж хэн ч мэдээгүй. Гэтэл юу болсон гээч. Нөгөө эхнэр нь нэг өдөр хүрээд ирсэн. Гэхдээ Болдоо ахтай хамт байх гэж биш байсан. Эргэж тойрч байгаа гэх юм уу даа. Тэрнийх нь дараа өдөр нь Болдоо ах манайд орж ирээд аавтай бас ууж суугаад. Тэр үед нь би яриаг нь сонсож байсан чинь эхнэр нь өөр хүнтэй гэрлээд гадагшаа явлаа гэж хэлэх гэж ирсэн гэнээ. Зовж байсан хүн дээр ирээд бүр дордуулаад хаячихсан.

Тэр өдрөө бас ухаан алдатлаа уугаад манайд унтаж байгаад шөнө гараад явсан. Тэгээд хэдэн өдөр Болдоо ахыг хэн ч хараагүй. Гэр нь ч байнга онгорхой байдаг байсан цоожтой. Тэр хавиар байрны архи уудаг ах нар орох газаргүй болчихсон гадуур эргэлдээд л. Хэд хоногийн дараа тэгсэн Болдоо ах манай хажуу байрны нэг өөрөөс нь эгчмэд хүнтэй гараад явж байдаг юм. Амьдралаа шинэчлэхээр шийдсэн бололтой байсан. Арай өмсөж зүүсэн юм нь дээрдчихсэн. Эрүүл яваа нь харагдаж байлаа. Удаан эрүүл хараагүй хүнийг харах гоё л санагдаж байсан надад. Хуучны Болдоо ах мөн дөө. Хүүхдүүдтэй юм ярьж сууна. Хэд гурван төгрөг өгчихнө гээд л.

За ашгүй дээ гээд л бид нар ярьж байсан санагддаг юм. Гэтэл байхгүй ээ. Хэдэн 7 хоног өнгөрсийн бүү мэд. Бас нэг өөр хүүхэнтэй алхсан гэрээсээ гарч байдаг юм. Гэхдээ тэр хамт явж байгаа хүүхнүүд нь гаднаас нь харахад л Болдоо ахын зиндаанд тэнцэхээр хүмүүс биш байдаг байсан. Миний санаж байгаагаар эхнэр нь ирээд явсанаас хойш ер нь гэнэт өөр болоод гэхдээ нилээд их хүүхэнтэй орооцолдсон. Манай байрны нэг 2 эгч ч байсан тэрэн дунд. Чухам яагаад тэгээд байгааг нь сүүлд нь сонссон чинь ердөө л архи уух хүүхэнтэй зууралдах нь өмнөх эхнэрээ мартахын тулд л өөр орон зай хайгаад байсан юм билээ. Учир нь өмнөх эхнэр нь дэндүү гомдоогоод гүн шархтай үлдээсэн.

Тэгээд удалгүй Болдоо ах ч нэг их үзэгдэхээ байчихсан. Байрны уудаг ах нар ч хааяа тааралдана. Гэхдээ Болдоо ах ерөөсөө амсахаа байчихсан байсан. Тэр үед нь худлаа шалтаг гаргаад гэрт нь нэг орсон чинь өмнөхөөсөө тэс өөр болчихсон байсан. Хуучин тавилгууд нь байхгүй ч. Нэг өрөөгөө хов хоосон болгоод нөгөө өрөөгөө цэвэрлэчихсэн. Даржин ч гэсэн эмх цэхцтэй гэр орон болсон байсан. Тамхины үнэр байхгүй. Архи дарсны шил ч харагдахгүй. Нэг зурагттай. Ажлын ширээ хоолны ширээ 2 3 сандал. нэг ор. Яг л ганц хүний гэр.

Болдоо ахтай жаал ярисан чинь хуучных шигээ л их гоё болсон байсан. Бид 2 жаал манай сургуулийн талаар яриад. Найз охин нтр гээд бага сага нууц зүйлээ яриж билээ. Болдоо ах ч харин нэг ажилтай болсон. Ах нь ингэх гэж байгаа чамд би тэрнийг зааж өгнөө за юу гээд л . Тэр яриа
миний сэтгэлд маш тод үлдэж билээ. Тэр хүн эхнэр нь хаяж явсанаас хойш бүхэл бүтэн 3 жил ёстой нохойн замаар амьдарсан. Архинд нэвширтлээ орж байлаа. Эхнэрээ мартах гэж өчнөөн ч хүүхэнтэй орооцолдсон юм бүү мэд. Одоо тэгээд сэтгэл санаа нь арай дээрдээд буцаад амьдарлаа өөд нь
татаж байгаа нь.

Би ч нэг зүйлд ч гэсэн санаа амарсанаас тэр үү Болдоо ахын гэр лүү ахиж зүглээгүй. Ер нь ч бодохоо байчихсан байсан. Хааяа нэг гадаа тааралдана. Бид 2 их л хөндий байдлаар мэндэлнэ хэсэг үг сольдог болчихсон. Гэхдээ бид дотроо Болдоо ахыг буцаад хэвэндээ орсоныг мэддэг байсан болхоор надад тэр нь хангалттай байсан даа. Тэгээд 2 жилийн дараа Болдоо ах шинэ эхнэртэй болсон доо. Яг тэр үеийг нь санаж байна. Би ч арай томорсон орцны үүдэнд орой шөнө тамхи татдаг болсон байсан. Тэр нэг орой бид нар гадаа сууж байхад Болдоо ах хав хар машинаа уначихсан ирээд. Эхнэрээ гар дээрээ өргөөд орц руу орж байж билээ. Тэр миний харсан хамгийн гоё зүйлүүдийн нэг. Энэ хүн эхнэр нь хаяж явсан ч амьдралд хөлөө алдсан ч даваад гарсан. Зарим нэг нь тэр чигээрээ архинд амьдралаа алдаж байхад Болдоо ах маань харин даваар гарсан даа. Яг тэр үеийг санаж байна. Урьдынх шиг буржгар өтгөн хар үс. Тас хар костюм. Өндөр нуруулаг байнга инээмсэглэдэг дүр төрх.

Тэр орой манай найз нар орой гэртээ орох хүртлээ Болдоо ахын ямар мундаг хүн болох талаар ярьсаар байгаад дууссан даа. Төд удалгүй Болдоо ах ч манай байрнаас нүүсэн. Одоо хаана юу хийдэгийг нь бид мэдэхгүй. Гэхдээ тэр хүний бид нарт 3 жилийн дотор хүний амьдрал яаж өрнөдөгийг харуулж өгсөн буянтай хүн байсан даа….

2 Comments

  1. иргэн says:

    Гоё түүх байна.

  2. Onon says:

    Goyo tuuh bn , bayarlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.