Дэлхий дахинд нэр хүндтэй Уимблдоны тэмцээнийг зохион байгуулагчид эмэгтэй тамирчдыг сарын тэмдэгтэй холбоотой дарамтаас хамгаалахын тулд өмсгөлийн дүрэмдээ өөрчлөлт оруулж байгааг өчигдөр зарлажээ.
Газрын теннисийн аварга шалгаруулах Уимблдоны тэмцээнд тамирчид бүхэлдээ цагаан өнгийн өмсгөлтэй оролцдог уламжлалтай. Энэ уламжлалаа анх удаа өөрчлөх болсон нь ховор тохиолдол юм.
Ирэх оны тэмцээнээс эхлэн эмэгтэй тамирчид цагаанаас өөр өнгийн богино өмдтэй оролцох боломжтой болжээ.
“Тамирчид болон хэд хэдэн талын төлөөлөгчидтэй зөвлөлдсөний эцэст тэмцээнийг зохион байгуулах хороо Уимблдоны цагаан өмсгөлийн дүрмийг өөрчлөх болсныг дуулгахдаа таатай байна. Ирэх оноос эхлэн тэмцээнд оролцогч охид бүсгүйчүүд өөрийн хүссэн өнгийн өмсгөлийг сонгох боломжтой. Дүрмийн өөрчлөлт нь оролцогчдыг болзошгүй айдсаас ангижирч, зөвхөн тоглолтдоо анхаарал хандуулахад тусална гэдэгт бид найдаж байна” гэж Уимблдоны тэмцээнийг зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Сэлли Болтон мэдэгдсэн байна.
Өмнө нь Манчестер Сити зэрэг эмэгтэй хөл бөмбөгийн хэд хэдэн клуб тамирчдаа цагаан богино өмдтэй тэмцээнд оролцуулахыг зогсоох шийдвэр гаргаж байжээ.
Эх сурвалж: AFP