Хүний Эрхийн Үндэсний Комисс болон НҮБ-ын хүн амын сан, “Цаглашгүй мэдлэг” ТББ хамтран оюутан залуусын бэлгийн боловсрол болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар оюутнуудын дунд судалгаа явуулжээ.
Судалгаагаар оюутан залууст нөхөн үржихүйн эрхийнх нь хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг гаргаж, анхаарал татсан зүйлсийг Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлд тусгуулах аж.
Судалгаанд хот, хөдөөгийн 18 их, дээд сургуулийн 1,000 гаруй оюутан оролцсоноос 842 оюутны тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.
Судалгаанд оролцсон оюутнуудын дийлэнх нь нөхөн үржихүйн мэдлэгтэй гэсэн хариулт өгсөн хэдий ч хийж байгаа үйлдэл нь энэ талын мэдлэг боловсрол хангалттай биш гэдгийг харуулж буй явдал гэдгийг “Цаглашгүй мэдлэг” ТББ-ын судлаач хэлсэн юм.
“Судалгаанд хамрагдсан оюутнуудын 10% нь бэлгийн замаар дамжих халдвар авч байсан”
Тэрбээр “Оюутан залуус эцэг, эхээсээ нууцаар үр хөндөлт хийлгэснээр эрүүл мэнд нь хохирох асуудал гарах эрсдэлтэй гэдгийг мэддэг. Гэхдээ үүнтэй холбоотой асуудал нийгэмд тулгамдаж байгаа.
Мөн бэлгийн замаар дамжих халдвар нэлээд асуудал болж байна. Тухайлбал, бидний судалгаанд хамрагдсан оюутнуудын 10 хувь орчим нь бэлгийн замаар дамжих халдвар авсан болон эмчлүүлсэн гэх тоо баримт бий. Энэ бол бага тоо биш. Гол нь эмчилгээнд хамрагдаад явж байгаа залуус байгаа боловч нөгөө талд өөрөө халдвар авснаа ч мэдэхгүй, эмчилгээнд хамрагдаж чадахгүй явж байгаа тохиолдол бий. Түүнээс гадна хүсээгүй жирэмслэлттэй холбоотой асуудал ч тулгарч байна.
Судалгаанд оролцогчид нөхөн үржихүйн мэдлэгтэй гэсэн хариулт өгсөн ч хийж байгаа үйлдлээс нь энэ талын мэдлэг боловсрол хангалттай биш гэж дүгнэх боломжтой” хэмээн ярилаа.
“Зарим багш оюутнуудыг оройн цагаар дуудаж, бэлгийн харилцааны шинжтэй санал тавих, дүнгээр нь хясан боогдуулдаг асуудал яригдсан”
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Мөнхзул “Нөхөн үржихүй гэдэг өөрөө маш цогц эрхийн асуудал бөгөөд нөхөн үржихүйн боловсрол эзэмших, мэдээлэл авах, нөхөн үржихүйтэй холбоотой гутаан доромжлолоос ангид байх, хэдэн хүүхэд төрүүлэхээ өөрөө сонгох гэх мэт олон зүйл багтдаг.
Дээрх судалгаагаар бид 13 эрхийн хүрээнд оюутан залуусын мэдлэг ойлголт нь ямар байгаа талаар судалсан.
Ингэхэд харьцангуй нөхөн үржихүйн асуудлаар мэдлэг сайтай гэж гарч байгаа ч яг чанарын судалгаа гарахад агуулгынх нь талаар мэдлэг ойлголт нь төдийлөн хангалттай биш байна. Энэ нь ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн чанар, хүртээмжийн асуудал маш сул гэдгийг харуулж байна.
Мөн оюутнуудын дунд нөхөн үржихүйтэй холбоотой 13 эрхээс гутан доромжлох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар хувийн нууцаа хамгаалуулах эрх болон энэ талын боловсрол, мэдлэг эзэмших эрхийн асуудал нэлээд анхаарал татаж байна.
Ялангуяа жирэмслэлт болон төрөлттэй холбоотой ялгаварлан гадуурхалт байгаа юм. Учир нь их, дээд сургуулиудын дотоод дүрэм, журамд жирэмслэлт, төрөлттэй холбоотой зохицуулалт байхгүй.
Жишээлбэл, боловсролын шинэчлэлийн хүрээнд ялгаатай хэрэгцээтэй хүмүүст хэрэгцээнд нь тохирсон боловсрол эзэмшүүлэх тухай яригдаж байгаа. Тэгвэл жирэмсэлж байгаа охид, эмэгтэйчүүд боловсрол эзэмшихэд ялгаатай хэрэгцээтэй байхад чөлөө авах асуудлын талаар дотоод дүрэм журамд нь тусгаагүй тул багш нар болгон ялгаатай харьцдаг. Үүнээс болж маш их хүндрэлтэй асуудлууд тулгардаг” гэлээ.
Түүнчлэн энэ судалгааг хийхдээ тухайн 18 их, дээд сургуулийн дотуур байрны орчин нөхцөлд ХЭҮК-оос ажиглалт хийжээ. Гэтэл ганцад нь ч хөхүүл хүүхэдтэй оюутнуудад хүүхдээ хөхүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн сургууль байхгүй байгааг онцолж байв. Бүр зарим сургуулийн дотуур байр нөхөн үржихүйн эрх байтугай орчин нөхцөл маш анхаарал татахуйц байгааг дурдсан юм.
Үргэлжлүүлэн “Түүнээс гадна бэлгийн дарамтын асуудал анхаарал татаж байна. Оюутнуудаас бэлгийн дарамтын асуудал сургуулийн орчинд ямар байгаа талаар санал асуулга авахад 17 хувь нь огт байхгүй гэсэн бол үлдсэн нь ямар нэг хэмжээгээр бэлгийн дарамтын асуудал байдаг гэсэн байна.
Мөн нийт судалгаанд оролцогчдын 9.7 хувьд нь өөрт нь бэлгийн дарамт учирч байсан гэжээ.
Бэлгийн дарамт бол маш олон хэлбэр шинжийг агуулдаг бөгөөд үүнд зөвшөөрөөгүй байхад нь элдэв бэлгийн шинжтэй онигоо ярих, болзоонд урих, биед нь хүрэх зэрэг ч багтдаг. Гурван оюутан тутмын хоёр нь энэ төрлийн дарамтад өртсөн гэдгээ илэрхийлсэн.
Мөн багш нарын дунд оройн цагаар оюутнуудыг дуудсан, бэлгийн харилцааны шинжтэй санал тавьсан болон дүнгээр нь хясан боогдуулдаг гэсэн асуудал ч яригдсан” гэлээ.
1 Comment
Sijgiin gichinud