Арвандолдугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жил гарахад ганцхан хоног үлдлээ.
Өвгөдийн ярих нь туулай жилд зундаа ган гачиг болж, өвөлдөө цас их орсон тохиолдол олон гарч байсан гэх. Энэ жилийн хувьд нийт нутгаар хур бороо дунд зэрэг ч зарим газраа ган гачигтай, “Хүнд сайн, малд муу” жил болно гэж мэргэд айлдаж байна. Жил орсон хүмүүсийн үйл нэг бол сэхдэг, нэг бол уналтад ордог гэдэг. Тэгвэл энэ жил туулай жилтнүүд сэхэх нь илүүтэй байх аж. Нэг гэм нь, зөвхөн туулай жилтнүүд гэлтгүй ард нийтээрээ амьдрал уруудан доройтох гэм буй тул “Баярын дараа ч амьдрал буй” гэдгийг санаж /Энэ жил маш олон баяр бий. Ирэх зун шил, шилээ дарсан олон түүхт ойн баярууд хүлээж буй/, эдийн засагтаа тооцоотой хандууштай юм байна.
Айсуй жилийг шороон үхэр, үхэр хариулсан хүнээр шинжвэл эрс тэс буюу нэг талдаа “Аялал жуулчлалд өлзийтэй. Худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрэх, бод малын өсөлт сайн гэсэн бол нөгөө талдаа үйлдвэр үйлчилгээ явуулж буй хүмүүсийн ажил үйлс саад бэрхшээл ихтэй. Галын хүч арвижин, хүмүүн нугууд хоосрох нигууртай. Улс орны хөгжил дэвшил саарах, өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүсийн суурь батжиж, Дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирэх нигууртай гэнэ.
Ард иргэдийн амьдрал улам доройтож, хулгай, дээрэм элбэгшин, үймээн самуун, хямрал тэмцэл гарах. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт буурна гэсэн байна. Мөн зарим газар оронд хүйтэн, лус, бадгана чанар өвчин гарах, Ялангуяа, намрын дунд сарын шинийн дөрвөнд өвчин, зовлон дэлгэрэх магадлал буй гэжээ.
Улс төрийн амьдралын хувьд туулай жилд олон нийтийн байгууллага, “жижиг” гэгдэх нам, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн ажил ихтэй байх төлөвтэй. Учир нь, энэ жил нь одоогийн Парламентын гишүүдийн хувьд хууль тогтоогчийн бүрэн эрхээ эдлэх ганц “бүтэн” жил нь тул сайн, сайхан зорилготойгоор “иргэдийн өөрсдийнх нь тусын тулд” төсвөөс хөрөнгө мөнгө гадагшлуулах ихээхэн сонирхолтой байх юм.
Дээр нь туулай жилд уламжлалт баяруудаас гадна маш олон аймгийн түүхт 100 жилийн баяр тохионо. Тэр дундаа энэ цагийн өнгөн дээр бусад засаг захиргааны нэгжээсээ онцгойрч буй Хэнтий аймаг түүхт ойгоо тэмдэглэх юм. Тиймээс мэргэдийн анхааруулгад буй, жилийн сөрөг шижүүдийг анхааруулга, сэрэмжлүүлэг хэмээн сэтгэж, баярын дараа ч амьдрал буйг санан эдийн засгийн ухаантай, минимал байх нь тустай болов уу.
Монголчууд бидний бодол санааг нь анхааран сонсдог мэргэдийн зөвлөснийг товчлон хүргэе. Гандантэгжэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно. Цаг агаар сайхан, бороо хуртай байна. Ерөнхийдөө засал номын хувьд жил орсон, харш жилтэй хүн ном уншуулж, засал хийлгэхэд анхаарах хэрэгтэй” гэжээ. Тэрбээр 2011 он буюу Төмөр туулай жилийн өнгийг тольдохдоо “Ирэх жилд хүн болгонд адилгүй байх болно” гэж айлдаж байв.
Мөн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатарын зурхайд ирэх жил харин “Өвчин хямрал, зуд зурхан хэсэг бус гарах хэдий ч өег, цатгалан нэн сайхан жил, хүмүүн дунд өвчин үгүй, сэтгэл баясгалантай, төрөө номончлон тэтгэж, жаргалтай” байх сайн төлөв буусан байна.
Ирж буй жил өтгөс настанд ээлтэй, идэр залууст ширүүн, нялхаст маш ширүүн жил болох юм байна. Тиймээс дор бүрнээ хичээн, үр хүүхэддээ халамжтай байвал үндсэндээ болоод явчих нь. Энэ халамж юуны түрүүнд сар шинээр нялхсыг авч айл хэсэхгүй байх, хэслээ гэхэд золгохдоо үнсэж, үнсүүлэхгүй байхаас эхэлнэ гэдгийг эмч нар анхааруулж байна. Хоёр нүүр хоорондоо ойртсон л бол вирусээ солилцох аюултай тул экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр шиг хацраа нийлүүлэхийг ч хатуу цээрлэвэл зохих аж.
Элэг нэгт монгол түмэндээ мэргэдийн сургаалийг дагаж, осолгүй, гамшиггүй, хямралгүй, өвчингүй шинэлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Миний Монголын ард түмэн “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ цуцалтгүй хөдөлмөрлөж, энх тунх жаргах болтугай.
SOURCE: eguur.mn
1 Comment
yer n bol tolgoi dohiod boloh yum bish uu holoos amar bna uu gechihvel bolokh ch yum uu