Бэлгийн сулралыг эмчлэх зориулалттай Виагра эмийг үйлдвэрлэдэг АНУ-ын Viatris компани бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд нийлүүлэхээ зогсоож байгааг Лхагва гарагт зарлажээ.
Тус компани Украины дайнтай холбоотойгоор ийм арга хэмжээ авахаа өнгөрсөн онд ОХУ-ын талд анхааруулж байсан юм.
Үүний дараа ОХУ-ын Үйлдвэрлэл, Худалдааны яам Виагра брэндийн дор зах зээлд худалдаалагддаг “sildenafil” хэмээн энэ эмийг орлох бүтээгдэхүүн гаргахаар тус улсын 36 компани идэвхтэй ажиллаж байгааг ТАСС агентлагт мэдээлжээ.
Viatris компани Оросын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт халдан довтолсны дараахан ОХУ-д клиник туршилтуудаа явуулахыг зогсоож байгааг мэдэгдэж байв.
Харин Виагра эмийн нийлүүлэлтээ шууд зогсоогоогүй байсан юм.
Гэхдээ нийлүүлэлтээ зогсоосноор тус компани ноцтой алдагдал хүлээхгүй гэж ажиглагчид үзэж байна. 2022 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайланд нь дурдсанаар бол Viatris компанийн нийт орлогын 1 хүрэхгүй хувийг Орос, Украины зах зээл бүрдүүлдэг ажээ.
АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын эдийн засгийн хориг эмийн салбарт үйлчлэхгүй байгаа. Гэхдээ хоригийн улмаас ачаа тээвэр, ложистикийн зардал нэмэгдэж, ашиггүй ажиллах болсон нь нийлүүлэлтээ зогсооход голлон нөлөөлж байна.
Эх сурвалж: Business Insider