Нэгэн эмэгтэйн 25 жилийн турш хийсэн гэрийн ажлыг 204,624.86 еврогоор ($218,000 орчим) үнэлж, экс нөхрөөр нь төлүүлэх шийдвэрийг Испанийн шүүх гаргажээ.
Тус улсын Андалусиа мужийн шүүхийн гаргасан уг шийдвэрийн бичиг баримт өчигдөр нийтэд ил болсон байна.
Шүүх эмэгтэйн хөдөлмөрийг үнэлэхдээ хамт амьдарсан хугацааны жил бүрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд үндэслэжээ.
Хос хоёр 1995 оны зургаадугаар сараас 2020 оны арван хоёрдугаар сарыг хүртэл хамт амьдарч, хоёр охинтой болсон юм байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу эрэгтэй нь бас сар бүр охиддоо тэтгэмж төлж байхаар болжээ.
Гэрлэсэн цагаасаа хойш нөхөр нь эхнэртээ гадуур ажил хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөггүй, зөвхөн хүүхэд асрах, хоол унд бэлдэх, угаалга цэвэрлэгээний ажил даалгадаг байсан гэнэ.
Гэрийн ажлын хажуугаар эхнэрээ хувийн эзэмшлийн фитнес клубтээ үйлчлүүлэгчидтэй харилцах, хараа хяналт тавих үүрэгтэй ажиллуулахдаа цалин хөлс огт тооцож байгаагүй ажээ.
Нэрийг нь нууцалсан хохирогч эмэгтэй шүүхийн шийдвэрт “маш их сэтгэл хангалуун” байгаагаа орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
SOURCE: Ikon.mn