Холливудын алдарт жүжигчин Роберт Де Ниро 79 насандаа дахин аав болжээ. Тэрээр энэхүү мэдээллээ ET Canada сайтад мэдээлсэн байна.
Ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс зургаан хүүхдийнх нь тухай асуухад тэрээр “Яг үнэндээ бол долоон хүүхэд. Би дөнгөж саяхан хүүхэдтэй болсон” хэмээн засаж хэлсэн байна.
Түүний хүүхдүүдийн хамгийн том нь одоо 51 настай, хамгийн бага нь 11 настай байсан бөгөөд ийнхүү дахин нэг хүүхэдтэй болжээ.
1976 онд тэрээр Дианна Абботт гэх дуучин эмэгтэйтэй гэрлэж Рафаел гэх хүүтэй болжээ. Мөн дуучин Дианагийн охин Дренагийн аав болж, 1988 онд салахдаа охиноо өөр дээрээ өргөж авчээ. Дараа нь Тоуки Смит гэх эмэгтэйтэй учирч Жулиан, Аарон гэх ихэр хүүтэй болсон юм. Гэсэн ч удалгүй салжээ.
Грэйс Хайтауэр гэх бүсгүйтэй 1997 онд гэрлэж, 1998 онд тэд Эллиот гэх хүүтэй болж, 2011 онд Хелен гэх охинтой болжээ. Тэд 2018 онд салсан. Ийнхүү тэрээр зургаан хүүхдийн эцэг болоод байсан билээ. Түүний долоо дахь хүүхдийн эх хэн болох нь хараахан тодорхойгүй байгаа аж.