Нэг ийм шүлэг оллоо. Мань эр өөрөө бичсэн эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан танай сайтанд байх ёстой шүлэг байх аа.
Эгэлгүй энэ амьдралын
Энхэл донхол, өгсүүр уруу бүрд
Энэ сахалт Чойном бүдэрч байсан нь үгүй
Бүдрэх нь байтугай гүйж, харайж, боломж гарвал үсэрч
Борвиндоо шөрмөстэй баньди шиг л эрвэлзэж явсан нь үнэн
Ус, гал хоёрыг басаж болдоггүйтэй адил
Учраа ихтэй амьдралыг басаж болдоггүй юм байна
Бүдрэхгүй, унахгүй, өвдөглөхгүй гэж сагаж явсан
Би !!!…
Бүдрэх нь байтугай өвдөглөж, өвдөглөх нь байтугай тэрий харж
Өөртөө уур хүрч, өөдөө босохоос ч дургуй хүрч
Өрөөлийн амьдралд гай болж, өөрийн ухаангүй явсан нь үнээн
Залуу бас тэнхээтэй явлаа
Замын дөнгөж эхэнд эртэй бяртай, омогтой ч байлаа
Гарын аясаар шүлэг ч урсдаг
Ганхах аясаар бүсгүйчүүл ч нурдаг
Хөөргөн давилуун гэж жигтэйхэн
Хөөрхий хорвоо гэж бодож байснаас
Хөөрхий би.. гэж бодож байсангүй
Тийм л нэг давилуун шүлэгч байсан нь үнэн,
Бас байхгүй нь одоо үнэн…
Яахав тэгээд хүний өөрийн, эзэнтэй, эзэнгүй бүсгүй хүн л болсон хойно
Яг л од шиг гялзалзаж буй над руу зүтгээ биз…
Тэр цаг үеийн мань мэт
Тэнэг ч байсан, тэгээд бас шалиг ч байж
Авааль нөхөр нь дарга юм гэнэ
Авдаг хэд нь ахиу юм гэнэ
Аз жаргалыг харин өгдөггүй л гэнэ
Архичин нөхөртэй л гэнэ
Авахаас хардаж мэддэггүй гэнэ
Айлгаж ичээдэг нөхөртэй л гэнэ, зарим нь
Айдас хүйдэс дунд амьдардаг л гэнэ, зарим нь
Амар тайван нөхөртэй л гэнэ, бас нэг нь
Аз жаргал нь бараг зовлон боллоо л гэнэ
Анхаарал, халамжгүй нөхөртэй л гэнэ
Авдаг хэдэээсээ зүглүүлдэггүй л гэнэ
Айхтар харддаг нөхөртэй л гэнэ
Амьсгаа дээгүүр амьдардаг л гэнэ
Ай даа олон олон зовлон тоочсон, янз янзын эхнэрүүд, ээжүүд…
Одоо бодоход би ч яасан хүн хайрлаж мэддэгүй байсан юм
Ондоогоор бодоход яасан ч цайчихсан гэргий нар байсан юм
Бидний харин ууж идэх, унтаж, зугаацах багадаагүй
Багадах нь байтугай ихдэж, ихдсэн нь зовлон болж
Хургандаа хөнгөлүүлээгүй хуц шиг эрчүүд
Хусмандаа цадаагүй тогоо долоох эхнэрүүд гээд
Таарсан ч хэдэн таар шуудайнууд
Тансаг сайхан амьдралыг
Тансан алчуур, татдаг янжуур, даруулгатай 100 граммаар төсөөлж
Ленин клуб, Элдэв очир, Сүхийн талбай, Сөгнөгөрийн амралт гээд
Хэсээгүй доншуучлаагүй газар ч үгүй болж
Хэрэгтэн шиг цагдаагаас зугтаж
Хэзээ хэний нөхөр, найз залуу нь
Хэрэгтэн шиг шилэн хүзүүн дээрээс базаад авах бол гэж
Хэзээд сүүдэр бараадаж хүн чоно шиг
Хөгөө хөлдөө чирцгээж
Хөврөх амьдрал ийм л байдаг юм байх хэмээн санаж
Хөөрхий үеийг туулцгаасан нь үнэн..
Хармааны хулгайч хармаа л хоосолдог
Ханилгаагүй найз архи л хоосолдог
Ханилсан хань хулгайч болвол сэтгэл хоосолдогийг
Харин би бүүр сүүлд ч гэлээ ухаарсан нь үнэн…
Тэгээд яасан гэж үү?
Гундаж, гуринхалаад ирэх цагт
Гурван мөнгө ч үнэтэй болоод ирдэг юм байна
Гучин хэдэн найз нөхдөөс минь гурван ч гэлээ эргэж харсан уу, яасан..
Сэтгэлээ өгөх нь халаг гүйлдээд байсан хүүхнүүд
Сэжиг нь хүрээд зугтсаныг алийг тэр гэхэв
Сэхэлтэй үед зайгаа барьж байсан андууд минь харин
Сиймхий болчихсон сэтгэлд минь нөмөр болсон нь үнэн
Намба алдан, нялуурч, найр тавих үед минь
Нохой адил хөөж, намайг бараг үзэхгүй байх даа гэсэн нь харин
Нар мэт сэтгэлээ гаргаж, наашаа гэсэн нь үнэн
Налж, наалинхайтан надаас өөр эргүй мэт
Янаг минь болсон бүсгүй харин
Ясан дээр минь гишгэчээд явсан нь үнэн
Яг ийм цаг үед л хүн ухаан орж
Яаах аргагүй толгой руу цохиод авах шиг болдог юм
Ямар ч тэнэг, ямар ч уужуу явсанаа
Яагаад ч би ухраахгүй болохоор
Хувь заяаны шидэж өгсөн идүүрээс
Хувь дутан долоохоос өөр аргагүй байдаг юм байна
Ямар ч гэлээ Чойном ухаан суусан нь үнэн
Ядарч зүдэрч
Ясандаа тултал доромжлуулж
Хэн нь хэн байсныг , харин өөрөө юу байснаа
Аархаж, баярхаж байсан үедээ биш
Алингаа алдаж, архичин гэгдэх үедээ ойлгосон юм
Ээ дээ, үр хойч минь цаг зуурын зугаа, насан залуугын омголон хоёртоо бардаж
Эргэх хорвоод баллуурдаад ч арилахгүй толботой үлдэх вий
Эгээ л над шиг бусдын амьдралд хиртэй гараа шургуулчихаад
Эхэр татан уйлж, сугалж чадахгүй өмхийрэх вий
Энэ хорвоо гэдэг чинь аваа өгөөтэй юм билээ
Энэ цаг үеийн шийтгэл, шагнал эргэж дараа нь ирдэг юм билээ
Энийг би ч ганцхан хэлээд байгаа юм биш
Эх эцэг чинь, элэнц хуланц чинь ч чамд хэлнэ
Иймээс чи энэ үгийг сайн тогтоож ав
Ийм нөхөр шиг болохгүй нь тулд
Ирээдүйд биш яг өнөөдрөөс л хичээгтүн
Яахав тэр цагийн алдаа надад бас чамд сургамж болог
Ялгаа юу байхав та нар бас миний л дүү нар, үр хүүхдүүд
Ясандаа тултал нэг зүйл ойлгосон тэр юу гэвээс
Яаж ч чи янагласан айлын эхнэртэй бас нөхөртэй бүү янаглаарай
Ханилсан ханиа хуурч чадаж байгаа хүн
Харин чамайг өлхөн залгичихаж мэднэ
Хамгийн муухай урвагч сэтгэлийн хулгайч л байдаг
Халирч урваж одохдоо ч сүүлээ шарвасаар л байдаг
Эсрэгээрээ чи бас та нар ханиа бүү хуураарай
Энэ орчлон гэдэг чинь өөрөө шүүчихдэг аюултай
Айдаггүй юм гэхэд аюурхаж байгаарай
Алдас чинь чам дээр биш юм гэхэд
Алгын чинээ үр хүүхдүүд дээр чинь буудаг гэмтэй
Аяа, тэгээд ханилахад эрт байгаа бол
Авсанд байх шиг өөрийгөө хүлээд юу хийнэ
Алсаа харж шийдвэр гаргаж байвал
Айлын өнчих хүүхэд нэгээр нэмэгдэхгүй нь лавтай
Ер нь тэгээд эцэст нь хэлэхэд
Эртнээс эдүгээг хүртэл
Энэ ертөнцийн хамгийн бузар булайг
Энэ урвагчид л хийсэн байдаг
Итгэлийг, сэтгэлийг үгүй хийсэн тэр хүмүүсээс
Энэ ертөнцийн түүх буруугаар эргэсэн байдаг
Иймийн учир та бүхэн эрсэлж нэг л санаатай байхтун
Оргож буссан, эргэж хургасан санаа бүхнээ
Одооноос эхэлж хурааж хугасалж нэг л чигийг барина уу.
1 Comment
Сайхан шүлэг байна.