Аргаа барсан арчаагүй байдлын төлөөс бол сул дорой эрүүл мэнд юм. Эрх мэдэлтэй байх, өвчинд нэрвэгдэх хоёрын хоорондын холбоо судалгаа шинжилгээгээр тодорхой болсон. Түүнээс хойш эрх мэдэлгүй байх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдгийг хэдэн арван судалгаа батлан харуулсан юм.
Нэгэн судалгааны бүтээлд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хэдэн сарын турш судалсан байдаг. Хоолны дэглэм, тамхи татах, бусад хүчин зүйлүүдийг бодолцож үзээд тодорхойлоход нийгмийн доод давхрааны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал нэлээд хангалтгүй үнэлгээ авчээ.
Тэд нойрондоо муу, зүрх нь илүү олон цохилдог, тархины ачаалал өндөртэй учраас цусны даралт өндөртэй, тараагуур болон хураагуур судаснууд нь үлэмж муудах хандлагатай байв. Улмаар зүрх судасны доголдол нь цаашид зүрхний шигдээс болох, тархинд цус харвах өндөр магадлалыг нэмэгдүүлжээ.
Өөрийгөө эрх мэдэлгүй, сул дорой гэж боддог эмэгтэйчүүдийн хэвлийнд атираа хуниастай өөхний зузаан давхрага үүсч, энэ нь өөхлөлтийн бусад хэлбэртэй харьцуулахад зүрхний өвчинд нэрвэгдэх өндөр эрсдэлийг бий болгож байв. Нийгмийн доод давхаргын эмэгтэйчүүдэд ч кортизолын түвшин өндөр байдгийг судалгаа ил болгосон юм. Ядуу гэр бүлээс гаралтай эмэгтэйчүүдийг судлахад хүүхдээ дутуу төрүүлэх, жинтэй багатай хүүхэд төрүүлэх нь олон тохиолддог аж.
Эдгээр ядуу зүдүү, эрхгүй гэр бүлд төрж өссөн хүүхдүүд өвчинд өртөмтхий байж том болсон хойноо зүрх судасны өвчин, чихрийн шижин, респиратор өвчнөөр өвдөх нь олон тохиолдоно. Ар нуруу нь өвдөх, хоол боловсруулах эрхтний хямрал, толгой өвдөлт нь тэдний хувьд ердийн үзэгдэл байдаг. Эрх мэдэлгүй, хүчин мөхөс амьдрал хүний эрүүл мэндэд маш хүчтэй нөлөө үзүүлж байдаг болохоор эсүүдийн тогтвортой байдал, амьдрах чадварыг ханган хромсомуудыг холбон бэхжүүлж байдаг ДНК-ийн бүтцийг хүртэл гэмтээнэ. Нас ахихын хэрээр эдгээр холбоосууд богиносож, эсүүдийн хөгшрөлтийг бий болгоно. 15 орны хэдэн зуун мянган хүнийг хамруулсан нэн шинэ судалгаа шинжилгээнүүд нь нийгмийн доод давхаргын төлөөлөгчдийн энэхүү холбоосууд арай эрчимтэй богиносож, цагаасаа эрт өтөлж байдгийг харуулсан байна.
Ядуу тарчиг амьдралын салж хагацашгүй дагуулууд нь аюул заналхийлэл, сэтгэцийн хямралын нөлөөлөл юм. Энэ нь бага насны хүүхдүүдэд онцгой хор нөлөөтэй. Хүүхэд ахуй цаг бол гипоталам-гипофизар-бөөрний булчирхайн систем, цитокины системийн тохируулгын хамгийн эгзэгтэй чухал үе байдаг.
Балчир хүүхдүүд төрөлх хэлнийхээ дуу авианууд, үндэснийхээ хоол хүнсний амттай танилцаж эхэлдэг төдийгүй мөн хүрээлж байгаа орчны зүгээс учирч болзошгүй аюул заналын тухай мэдэж авч, гипоталам-гипофизар-бөөрний булчирхайн системүүдийг дасгадаг. Ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүд ямарваа төрлийн аюул заналууд хаа сайгүй байдгийг маш хурдан ойлгож авдаг (17-р зарчим) бөгөөд үүний үр дүнд тэдэнд кортизолын өндөр түвшин, үрэвслийн үйл явцууд байнга ажиглагддаг.
Ядуу зүдүү орчинд өссөн хүмүүсийн зүрх судасны систем гадны таагүй нөлөөлөлд ихэд эмзэг хурцаар хариу үйлчлэл үзүүлдэг. Кортизол нь өндөр түвшинд хүргэдэг дархлааны системийн идэвхжил өндөрссөн, үрэвслийн үйл явц олонтоо гардаг нь ажиглагддаг. Байнгын үрэвсэл, кортизолын өндөр түвшин нь ядуусын хүүхдийг төрөл бүрийн өвчинд өртөмтгий болгох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ямарваа төрлийн хавдрын өвчинд нэрвэгдсэн тохиолдолд тэр нь түргэн томорч тархаж эхэлнэ.
Ядуусын хүүхдүүдийн сэтгэцийн хямрал нь тэднийг “эмзэг шинжийн синдром”-д амархан нэрвэгдүүлдэг. Ингэснээр тэдний яс нь хэврэг, эсвэл булчин нь багасч хатангиршдаг учир унадаг дугуй, арын хашаан дахь савлуураас эсвэл скейт-бордоос унах нь тэдний хувьд үлэмж аюул авчирна. Энэ бүхний үр дүнд ядуу зүдүү гэр бүлд өссөн хүмүүс ямар нэг хүнд өвчнөөр өвдөх эрсдэл дэндүү өндөр. Түүний дотор цус харвах юм уу, зүрх судасны өөр аль нэг өвчнөөр үхэх магадлал нь 20-40 хувь илүү байдаг нь тогтоогджээ.
Амьдралынхаа эхний 25 жилийг ядуу зүдүү байдалд өнгөрүүлсэн хүмүүсийн наслалт зургаан жилээр богиносдог. Хэдийгээр энэ амьдралаа ялан дийлж баян чинээлэг, нэр нөлөөтэй хүн болсон ч гэлээ өөрчилж чадахгүй. Зөвхөн ядуу амьдралтай гэр бүлд төрснийхөө улмаас Кайодрайв дахь миний найзууд дунджаар зургаан жилээр богино насалж, илүү их өвдөж зовох болно.
“Эрх мэдлийн парадокс” номоос…