Үнэтэй үнэртэй усаа түрхээд хэдхэн цаг болж байхад арилсныг мэдэх шиг онцгүй зүйл үгүй. Ихэнх тохиолдолд гаргалгаа нь амархан – илүү ихийг түрхэхэд л болох нь тэр. Гэвч өөрийн биеийг үнэртэй усандаа живүүлэх нь үнэтэй усаа галд өргөж байгаагаас ялгаагүй бөгөөд эргэн тойрныхноо ч зовлонд хүргэх нягууртай.
Сайн мэдээ гэвэл бидний танилцуулж буй хэдхэн алхамыг дагахад та үнэртэй усаа илүү удаан тогтоцтой болгож болох юм.
Үнэртэй ус худалдан авахдаа найрлагыг харах нь таны үнэртэн хэр удаан хугацаанд тогтохыг шийдэх хамгийн эхний хүчин зүйл юм. Тосон суурьтай үнэртэн нь хурц бөгөөд илүү удаан тогтоцтой байдаг. Харин eau-de-toilette гэсэн ус нь усан суурьтай байдаг бөгөөд илүү зөөлөн, богино хугацааны тогтоцтой ба илүү их хэмжээгээр түрхүүлэх болно. Үүгээр зогсохгүй. Найрлаганд ямар бүтээгдэхүүн орсон нь ч үнэртэнг хэр удаан тогтоход нөлөөлнө. Найрлагадаа байгалийн цитрустай бол ваниль, патчоули болон бусад модлог орцтой уснаас илүү богино хугацаанд тогтоно. Мөн байгалийн гаралтай юу, химийн гаралтай юу гэдгээс ч шалтгаална. Байгалийн гаралтай ус нь илүү тогтоц сайтай гэж бодогдох ч тийм биш. Үнэн хэрэгтээ байгалийн гаралтай үнэртэн нь илүү үнэтэй бас тогтоц муутай байдаг. Мөн тэдгээр нь харшил үүсгэх магадлалтай. Тиймээс худалдаж авахын өмнө заавал туршиж үзэх хэрэгтэй юм.
Нэн чухал алхам бол үнэртэн түрхэхээс өмнө арьсаа чийгтэй байлгах юм. Усаа түрхэхээс өмнө үнэргүй чийгшүүлэгч эсвэл вазелин түрхэх нь арьсыг тослогжуулж, үнэрийг хадгалахад тусална. Энэ нь нүүрээ кремдэхдээ праймэр хэрэглэдэг шиг үйлчилгээтэй арга юм.
Үнэртнээ хаана түрхэхэээс хамаарч үнэрээ удаан хадгална. Шилэн хүзүү, бугуй, өвдөгний ар, тохойн дотор гэх хэсгүүд нь судаслаг хэсгүүд юм. Эдгээр нь хамгийн тохиромжтой цэгүүд бөгөөд өдрийн турш биеийн халуунаар үнэрээ түгээж, хадгалахад тустай. Мөн хувцасаа ч тохируулах хэрэгтэй. Та өөрийн үнэртэнг үнэртээсэй гэж хүсэхээс ямар нэг зүйлд үрэгдээд алга болохыг хүсэхгүй шүү дээ. Хэрэв та урт ханцуйтай цамц өмсвөл, бугуйндаа түрхэхээс илүүтэй хүзүү цээж хэсэгтэээ түрхэх нь үр дүнтэй.
Хэрэв та шинэ зүйл туршмаар байвал өөр өөр үнэртэй усыг давхарлан түрхэж болно. Усан болон тосон суурьтай үнэртэнгүүдийг давхарласнаар шинэ үнэр гараад зогсохгүй илүү урт хугацаанд үнэрээ хадгалах үнэртэн бий болох юм. Эсвэл өөрийн биед түрхдэг тосоо үнэртэй устай холин хэрэглэж ч болно. Өөрт нийцсэн үнэрийг гаргаж авсны дараа түрхэж үзэн харшил өгч буй эсэхийг нягтлаарай. Мөн та үнэртэй уснуудаа давхарлахаар шийдсэн бол хамгийн хурц үнэртэйг нь хамгийн эхэнд нь түрхээрэй.
Үүнийг та мэддэг байж болох ч энэ бол маш чухал алхам юм. Үнэртэй ус түрхэж байхдаа хэзээ ч бүү үрээрэй. Бугуйндаа ч үрж болохгүй. Яагаад гэвэл ингэх нь үнэртэй усны чанарт нөлөөлж, таны биеэс ялгарах тостой холилдон үнэр нь өөрчлөгдөхөд хүргэнэ.
Хэрэв та үнэхээр үнэртэй усаа удаан тогтоохыг хүсвэл биеийн саван, чийгшүүлэгч, үнэртэй ус зэрэг бүтээгдэхүүнээ бүгдийг нь ижил найрлагатай бүтээгдэхүүн сонгож ижилсүүлбэл үнэрээ илүү удаан хадгална.