Маш их сандралаас эхлүүлээд нөгөө хүндээ таалагдахгүй бол яах вэ гэх айдас ч төрнө. Анхны болзоо сэтгэл гижигдэм хэдий ч та хоёр дахин уулзах эсэхийг шийддэг чухал зүйл юм. Тэгвэл танд анхны болзоог амжилттай болгох хэдэн зөвлөгөөг хүргэе.
Уух юм юу захиалах вэ?
Анхны болзоон дээрээ анхаарч явах хэд хэдэн зүйл бий. Тэгвэл таныг болзоондоо ирээд уух зүйлээ захиалах боллоо гэж төсөөлье. Та юу захиалах вэ? Ус уу эсвэл Виски юу? Хэрэв та ус гэж бодсон бол буруудаад эхлэх нь тэр.
Үнэхээр огт амсдаггүй хүнтэй л уулзаж байгаа биш бол алкохолны төрлийн зүйлийг захиалах нь та хоёрын биеэ барихыг болиулж, тухтай мэдрэмж өгнө. Судалгаагаар энэ сонголт нь түүнтэй дахин болзох магадлалыг 137 хувиар нэмдэг байна.
Хөнгөн яриа өрнүүлэх
Уух зүйлсээ авчихсан хойно одоо та хоёр яриа өрнүүлэх учиртай. Тэгвэл та алийг нь илүүд үзэх вэ? Юу ч үл бодон сандралаас гарах гэж өөрийн тухай илтгэл тавих уу, эсвэл хэн хэн нь оролцсон хөнгөн яриа өрнүүлэх үү? Мэдээж хөнгөн яриа өрнүүлнэ. Ярилцаж байгаа хүнээсээ өөрийнх нь тухай асуулт асуух нь түүнд өөрийг нь сонирхож байгаа гэдгээ мэдэгдэх нэг арга юм. Ингэснээр илүү дотно харилцаа үүсдэг.
Ямар хоол захиалах вэ?
Ямар газар болзож буйгаас хамаарах ч хэрэв танд пицца эсвэл оройн зоог гэсэн сонголт байвал та алийг нь сонгох вэ? Арай пиццаны тухай бодож байгаа юм биш биз? Тэгвэл буруудах нь тэр шүү. Захиалж буй хоол тань үнэтэй байх тусам дахин болзох магадлалыг 50 хувиар нэмэгдүүлдэг.
Түүний өмнөөс захиалга өгөх нь зөв үү?
Та өөрийн хоолийг захиалсны дараа түүний захиалгаа өгөх ээлж ирнэ. Та юу хийх вэ? Түүний өмнөөс захиалгыг нь өгөх үү эсвэл сонголтыг өөрт нь үлдээх үү? Мэдээж эрчүүд бүх шийдвэрийг гаргадаг цаг ард хоцорсон учир өөрөө хоолоо сонгох боломжийг нөгөө хүндээ олгосон нь дээр шүү.
Хоолныхоо дараа юу хийх вэ?
Хоолоо идэж дууусчихаад юу хийхээ мэдэхгүй, ярих зүйл ч ховордоод ирвэл яах вэ? Амттан захиалах уу, эсвэл шууд гарч яваад цуг караокед дуулах уу? Мэдээж амттанг сонгох хэрэгтэй. Хамтдаа амттай зүйлс идэх нь хэн хэнийхээ тухай эерэг сэтгэгдэлтэй үлдэхэд тусалдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Тооцоогоо хэн нь хийх вэ?
Хооллоод дуусчихсан хойно тооцооны хуудас ирчихлээ. Хэн нь төлөх вэ? Та л хамаг мөнгийг гаргах уу, эсвэл түүнтэй хуваахыг санал болгох уу? Тэгвэл хүйсийн хуучинсаг байдлын тухай хэлснийг минь мартаад болзоондоо мөнгө зарцуулсан нь дээр гэж бид танд зөвлөе. Эмэгтэйчүүдийн 72 хувь нь эрчүүдийг анхны болзоогоо даах учиртай гэж боддог аж.
Болзоо дуусаад харих болоход яах вэ?
Сайхан хооллоод, хэн хэнийхээ тухай дотно яриа өрнүүлсэн болзоо тань өндөрлөх тийшээ хандлаа. Тэгвэл хэрхэн баяртай гэж хэлэх нь зүйтэй вэ? Хацар дээр нь үнсэх үү, эсвэл тэврээд л салах уу? Та алгадуулахыг хүсэхгүй л байвал тэвэрсэн нь дээр. Одоогоор аз жаргалтай үерхэж буй 1000 хос дээр хийсэн судалгаанд 71 хувь нь анхны болзоон дээр огт үнсэлцэж байгаагүй гэнэ.
Дахин болзмоор байвал яах вэ?
Болзоо тань санасныг бодвол үнэхээр амжилттай өрнөж, та түүнийг үнэхээр таалжээ. Тэгвэл 3 өдрийн дүрмийг ашиглах уу, эсвэл шууд л түүнд дахин болзох сонирхолтойгоо хэлэх үү?
Шууд л зурвас илгээхийг бид танд зөвлөе. Учир нь ингэснээр та өөрийн зүгээс болзоондоо сэтгэл ханамжтай байсан гэдгээ мэдэгдэх юм. Эс бөгөөс элдэв янзын юм бодохдоо таныг өөрийг нь таалаагүй юм байх гэж таасаар дараагийн болзоо тань замхарч мэднэ.
Эх сурвалж: Genmice