Криминологийн шинжлэх ухааны тухай
Криминологи нь гэмт хэрэг гэж юу болох, гэмт хэрэгтэн бие хүн, гэмт хэрэгтний зан үйл болон гэмт хэрэг гарахад нөлөөлдөг хүчин зүйлүүдийг судалдаг шинжлэх ухаан юм. Тухайн улс үндэстний онцлог, шашин, нийгмийн харилцаа, үнэт зүйлсээс хамаарч хамгийн хор аюултай гэж 200 орчим үйлдлийг улс орнууд гэмт хэрэгт тооцож ирсэн байдаг. Криминологийн шинжлэх ухаанд гэмт явдлыг ерөнхийд нь бүлэглэж ангилахдаа
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон төрлийн, хүний санаа сэтгэлд багтамгүй гаж гэмт хэрэг, үйлдлийн аргуудыг дэлгэрэнгүй мэдээлдэг болсон. Тэр дундаа бага насны хүүхэд болон, охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хэрэг болон хүн амины хэрэг дийлэнхийг эзэлж байна. Тухайлбал, Хойд эцэг нь 9 настай охиноо нас бартал нь зодсон, төрсөн эцэг нь 15 настай охиноо согтуудаа хүчинддэг байсан, төрсөн эхийгээ 2 хоногийн турш тамлаж дараа нь гэрээ шатаасан хүү гэх мэт дурдвал олон бий.
Дээр дурдсанчлан мэдээ мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрч байгаа дийлэнх гэмт хэргүүд нь хүчин болон хүний амь насанд халдсан, тэр дундаа бүр гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн, үйлдэгч нар нь ихэвчлэн эрэгтэй хүмүүс байх нь түгээмэл байна. Иймд нийгмийн тулгуур институт болсон гэр бүл, түүнийг тойрсон асуудлаар олон судалгаа шинжилгээ явуулж төрөөс ямар нэг бодлого эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай болсныг харуулж байна.
Монгол Улсад гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд байдаг, тэдгээр нь олон төрлийн судалгаа шинжилгээ хийдэг ч гэсэн тэр бүр үр нөлөөгөө өгдөггүй нь ажиглагдсан. Хэрвээ үнэхээр нөлөөгөө өгдөг байсан бол Монголын нийгэмд байгаа гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд багасах байсан биз. Судлаач Ганхуягийн өгүүлснээр “ Гэр бүлийн судалгаа хэт барууныг дагалдагч хүмүүсийн гарт орсон учраас үр өгөөж муу байна. Гэр бүлийн барууны үнэт зүйлсийг сурталдсан хүмүүс л өөрийгөө судлаач гэж нэрлэн тоглолт хийж байна.” гэсэн байдаг.
Манай нийгмийн гэр бүл дахь гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийн шалтгаан яг юу байна вэ? Яагаад дийлэнх гэмт хэрэг үйлдэгч нар эрэгтэй хүйсийн хүмүүс байна вэ ? Бичээч миний зүгээс энэ асуултууд нь тун хачирхалтай байгаа бөгөөд цаашид судлах хүсэл эрмэлзлийг бадрааж байна. Монгол дахь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн 2020 оны статистик мэдээг харвал ихэвчлэн эмэгтэй хүмүүс, хүүхдүүд хохирсон байдаг бөгөөд эмэгтэй хохирогч 2019 оныхоос 11.7% өссөн байна. Хэрэг үйлдэгч нар дийлэнх нь эрэгтэй байгаа бөгөөд эмэгтэйчүүд асар бага хувийг эзэлж байв. Ихэнх тохиолдолд судлаач, мэргэжилтнүүд “Жендер, Феминизм, Хүний эрх”- ийн талаар дурдаад эрэгтэйчүүд, эрэгтэй хүйсний давамгай байдал, эцгийн эрхт ёс нь гэр бүлийн аливаа асуудлын эх булаг болж байгаа мэтээр ил болон далдуураа уг ойлголтыг өгдөг. Бодит шалтгаан нь яг энэ мөн үү ?
Энэ удаа би Монголын гэр бүл, түүнийг тойрсон элдэв асуудлыг хамж шимж бичих гэсэнгүй. Харин гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл яагаад гараад байна гээд гэмт хэрэг талаас нь болон ер нь хосуудын хооронд ер нь яагаад зөрчил үүсдэг талаар тайлбарлахыг хичээлээ.
Хүчирхийллийг тодорхойлох
Юуг хүчирхийлэл гэх вэ? Яг ямар үйлдэл бие мах бодийн халдлага нь хүчирхийллийн шинжтэй биш вэ? гэдгийг тодорхойлох төвөгтэй бөгөөд аливаа нийгэм, соёл, дэд-соёлуудаас шалтгаалан ямар үйлдэл нийцтэй эсвэл нийцгүй байх эсэхийг тодорхойлдог. Сонирхуулахад АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академиас гэр бүлийн хүчирхийллийг дараах байдлаар тодорхойлсон байдаг:
Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хүрээнд байх хүүхэд ба насанд хүрэгч болон насанд хүрэгчдийг хамааруулан үзнэ. Бие мах бодийн болон сэтгэл санааны хувьд хүүхдэд хөнөөлтэй үйлдэл эсвэл бие мах бодийн хохирол бусдаас үзүүлэх боломжтой байдлыг хэлнэ. Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд бие болон сэтгэлзүйн хувьд дэмжлэг үзүүлэхгүй байх, бэлгийн мөлжлөг, алахыг сүрдүүлэх эсвэл хаяна гэж сүрдүүлэх зэргийг багтаадаг.
Насанд хүрэгчдийн хувьд гэр бүл болон хамтрагчийн бие мах бодь болон сэтгэл санааны хохирол учруулах эсвэл хохирол учруулах боломжтой нөхцөл байдлыг хэлнэ. Насанд хүрсэн хамтрагчийн хүчирхийлэлд бэлгийн харьцаанд орохыг албадах эсвэл хүч хэрэглэх бие мах бодид бэлгийн байдлаар халдах, алахаар сүрдүүлэх, эрх, эрх чөлөөг нь хязгаарлах болон эдийн засгийн хувьд хязгаарлахыг хамааруулдаг.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд дараах байдлаар тодорхойлсон байдаг :
Гэр бүлийн хүчирхийлэл дотор нь
Онолын хандлагууд
Хосын харилцаанд яагаад хүчирхийлэл гардаг талаар 3 түвшний онолын хандлагаар тайлбарладаг бөгөөд тэдгээр нь:
Хүчирхийллийн төрөл, хэлбэр
Хүчирхийлэлд хүргэдэг 3 үндсэн загвар байдаг бөгөөд
Тодорхой асуудлын талаар үл ойлголцол, маргааны үр дүнд бие мах бодид халдсан хүчирхийллийг нөхцөл байдлын хүчирхийлэл(1), харин хамтрагч нэгнээ эрхшээлдээ байлгахын тулд хүчирхийллийг ашиглаж байгаа бол интимайт терроризм(2), Харин интимайт терроризмын үр дүнд хүчирхийллийг ашиглаж байгаа арга хэлбэрийг хүчирхийллийн эсэргүүцэл(3) гэдэг. Johnson (1995)
АНУ-ын гэр бүл судлаач Михайл Жонсон үзэхдээ ихэнх гэр бүлийн хүчирхийлэл нь харьцангуй хөнгөн (түлхэх болон алгадах) байдлаар үйлдэгдсэн байдаг бөгөөд дийлэнх хүчирхийлэгч эрчүүд хэзээ ч хүнд хэлбэрийн хохирол учруулаагүй байдаг гэж үзсэн аж. Түүний томьёолсноор хөнгөн гэдгийг нь “Common Couple Violence” буюу Хосуудын түгээмэл хүчирхийлэл, харин хүнд хэлбэр нь (багалзуурдан боох, зохиж зодох, зэвсэг болон эд зүйл ашиглах) буюу интимайт терроризм гэж тодорхойлжээ.[12]
Ихэнхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч эрчүүдийн гол хэв шинж нь хүчирхийлэл үйлддэггүй эрчүүдийг бодвол өөртөө итгэх итгэл доогуур, өөрийн тухай бодол, үзэл санаа султай байсан аж. Түүнчлэн тэдний дунд хийсэн судалгаагаар 2 чухал эрсдэлт шинж чанаруудыг тодотгосон бөгөөд нэг нь сэтгэл гутрал, харин нөгөө нь анти-сошиал зан үйл байжээ. Анти-сошиал зан үйл нь хүчирхийлэл үйлдэх маш нөлөөтэй хүчин зүйл байдаг аж.
2017 оны судалгаагаар нийт амиа хорлосон иргэдийн 84% нь эрэгтэйчүүд байсан бөгөөд үүнээс үзвэл ер нь манай нийгэмд сэтгэл зүй, сэтгэл судлалын асуудал ямар байгааг тэр бүр хэлж мэдэхгүй, тэр дундаа эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн талаар хийсэн тодорхой судалгаа байдаггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн судалгаа шинжилгээний ажилтнууд “жендерийн тэгш байдал” хэмээн ярьдаг ч үнэндээ зөвхөн эмэгтэйчүүд дээр л төвлөрсөн байдаг бөгөөд гэр бүлтэй холбоотой асуудал дээр эрчүүдийн асуудал ихэнхдээ орхигдож ирсэн байдаг.
Тухайлбал, Монголын нийгэмд гарч буй гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа эмэгтэйчүүдийн зүгээс үйлдэгдэж буй хамтрагчдаа үзүүлэх хүчирхийллийн судалгаа бас л байдаггүй бөгөөд хэрвээ ийм тохиолдол байгаа бол “эрэгтэй хамтрагчийн дайралтаас биеэ хамгаалсан”гэх нь дийлэнх байх магадлалтай хэмээн таамаглаж байна. Нийгэмд энэ мэт хэт эмэгтэйчүүдийг дэмжсэн, нэг тал руугаа хэлбийсэн үзэл бодолд гаднын онол сургаал, суртал ухуулга ихээр нөлөөлсөн биз ээ.
Сонирхолтой жишээ дурдвал гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийн хүйсийн тал дээр сүүлийн үед академик санал зөрөлдөөн ихээр гарсан байдаг. Үүнд нэг талаас нь гэр бүлийн хүчирхийллийн талаар 2 хүйснээс жигд авсан, нэлээн найдвартай судалгаа хийсэн судлаачид, харин нөгөө талд нь хэт нэг талын баримталсан “бүх гэр бүлийн хүчирхийлэл нь эцгийн эрхт ёсноос болсон” гэх мисогенестик онолдоо тааруулж мэдээлэл цуглуулсан судлаачид байжээ. Үүний нэг жишээ нь АНУ-ын Кентаки мужын Эмэгтэйчүүдийн комисс бөгөөд гэр бүлийн хамтрагч хоорондын хүчирхийллийн талаар эрэгтэй эмэгтэй 2 хүйсийн талаар адил судалгаа авсан боловч дараа нь зөвхөн эрэгтэй гэмт хэрэгтнүүдийн талаар нийтэлсэн бөгөөд үүгээрээ эмэгтэйчүүд л зөвхөн хохирогч бөгөөд хэзээ ч хүчирхийлэл үйлддэггүй гэх талаар мэдээлжээ. (Shulman, cited in Straus, 2007). Харин хожим нь Хорнунг, Маккулноф болон Сугимото (1981) нар нь эл судалгааны хүчирхийлэл үйлдээгүй гэж тодорхойлогдсон 38 хувийн халдлага нь эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүдрүү чиглэсэн байсан бөгөөд эдгээр нь биеэ хамгаалах зорилгоор байгаагүй байна.
1977 онд судлаач Сузанн Штейнмец эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүд нөхөртөө хүчирхийлүүлдэгтэй адилаар бас эхнэртээ хүчирхийлүүлдэг талаар “ Зодуулсан Нөхрийн Синдром” өгүүлэлдээ бичсэн байдаг бөгөөд энэ нь тухайн үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, тэр бүү хэл судлаачийг болон түүний гэр бүлийг алах талаар заналхийллүүд их ирж байжээ. Түүний өгүүлэлд хүйсийн симетрик байдлын талаар дурдсан байдаг бөгөөд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн биеийн хүчний ялгаатай байдлаас үүдэн эмэгтэй хүнээс эрэгтэй хүнд үйлдэх бие мах бодийн цохих, түлхэх, алгадах зэрэг нь эрэгтэй хүнээс эмэгтэй хүнд үйлдэх бие мах бодийн хүчирхийллээс ялгаатай, эрэгтэй хүнд тэр бүр ул мөр ноцтой гэмтэл тэр бүр учирдаггүй гэж өгүүлсэн байдаг. Энгийнээр тайлбарлавал эрэгтэй хүн эмэгтэй хүнийг түлхэх, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг түлхэх хоёр нь биеийн хүчнээс хамааран ялгаатай аж. Түүнчлэн “the Journal of Marriage and the Family”-гаас хийсэн 328 гэрлэсэн хосуудын дунд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд нь ямар нэгэн биет зүйл шидэх, алгадах, өшиглөх, хазах, нудрагаараа цохих болон ямар нэг биет зүйл ашиглан цохих хандлага нь илүү байжээ.
Үүгээр юу илэрхийлээгүй гээд байна вэ гэвэл эмэгтэйчүүдийн зүгээс ч бас гэр бүлийн эрэгтэй хамтрагчдаа үзүүлэх дарамт шахалт, хүчирхийлэл байдаг бөгөөд нийгэмд тэр бүр мэдэгдэхгүйгээр оршин байдаг. Судлаач Ганхуягийн хэлсэнчлэн манай гэр бүлийн судалгааг хэт барууны үнэт зүйлийг сурталчилсан хүмүүс авчихсан гэдэг нь үүнтэй холбоотой зүйлсийг хэлсэн байж ч болох юм. Мэдээж нийгэм, соёл бүхэн ялгаатай учир бид өөрсдийн нийгмийн үзэгдэл, асуудлыг судлахдаа өөрсдийн нийгэмд тохирсон онол-арга зүйг бий болгож ашиглах шаардлагатай бөгөөд ингэж байж үнэн бодит байдлаа мэдэж болно. Энэ нь гэхдээ бид хүн төрөлхтнөөс тэс хөндлөн ялгаатай, тэднийг бүгдийг нь үгүйсгэнэ гэсэн үг огт биш юм.
Тухайлбал, Феминизм бол гаднаас орж ирсэн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний тухай, нийгмийг эл өнцгөөс нь тайлбарлаж судалдаг нийгмийн нэг онолын хандлага бөгөөд гол үүсэл нь эрэгтэйчүүдийн бүтээсэн ертөнц, удирдагч шийдвэр гаргагчид дан эрэгтэй байсан талаар болоод христийн шашны эх сурвалж болох “библи” –тэй холбон тайлбарладаг. Мэдээж тэдний туулж ирсэн түүх, нийгмийн нөхцөл байдлын хувьд феминизм нь хэрэгтэй зөв үү гэвэл мэдээж зөв. Учир нь хэдэн зууны турш эмэгтэйчүүд нь амьтнаас дор үзэгдэн, шулам гэж цоллуулан шатаалгуулж, хүчирхийлүүлж байсан түүхтэй хүмүүс. Харин бидний хувьд бид тэгж байсан түүх бий болов уу ? Харин ч манай ёс уламжлалд байгаль дэлхийгээ хайрлах, эмэгтэй хүн бүрийг эх хүн шигээ үзэх, ээжийгээ хайрлах талаар зааж сургадаг байсан. Түүнчлэн Монголын түүхэнд эмэгтэй хүн төрийн хэрэг мэдэж байсан удаа ч нэлээдгүй байдаг. Эл учраас аливаа гаднын онол сургаалыг шууд авч хэрэглэх нь учир дутагдалтайгаас гадна гай ч болж болно. Энд жичтэй том нэг асуудлыг хөндөж байгаа болохоор энэ талаар ингэсгээд орхиё.
Харин эрэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэгч яагаад болдог тадаар А.Николас Грод болон Х. Жейн Бирнбаум нарын хийсэн судалгаа болон таамаглалыг дурдья. Тэд 500-н хүчирхийлэгчдийн дунд клиник судалгаа хийсэн бөгөөд тайландаа – Хүчин бол ихэнхдээ бэлгийн дур хүслийн гэхээсээ илүү бэлгийн бус байдлын илэрхийлэл байдаг гэжээ. Тэдний судалгаанд оролцогчдын 3-ны 1 нь бэлгийн идэвхтэй амьдралтай гэрлэсэн эрэгтэйчүүд байсан ба үлдсэн гэрлээгүй ганц бие эрчүүд нь эмэгтэй хүнтэй зөвшилцсөний үндсэн дээр бэлгийн харьцаанд ордог байсан байна. Грод болон Бирнбаумын үзэж байгаагаар хүчингийн гэмт хэрэг нь бэлгийн дур хүслээ хангах гэхээсээ илүү сэтгэл хөдлөлийн асуудал гэжээ. Ихэнх хүчингийн гэмт хэрэгтнүүд нь өөртөө итгэлгүй, хэн нэгэнтэй ойр дотно харилцаагүй байдаг аж.
Гэхдээ сексийн дур хүсэл нь зарим тохиолдолд хүчингийн гэмт хэргийг сэдэлжүүлдэг хүчин зүйл байж болох ч гэсэн ихэнх тохиолдолд энэ нь гол шалтгаан байдаггүй бөгөөд хүчингийн гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлөх гурван хүчин зүйл байдаг. Тэдгээр нь уур хилэн, сул дорой байдал[18], болон садизм юм.
Дээрх хэд хэдэн үндэслэл бүхий судалгаанаас үзвэл ихэнхдээ өөртөө итгэлгүй, сул дорой эрчүүд хүчирхийлэгчид байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Мэдээж би хүчирхийлэл үйлдэж байгаа эрэгтэйчүүдийг огт өмөөрөх гээгүй боловч энд нэг зүйл ажиглагдаж байгаа нь бид эрэгтэйчүүдийг сул дорой, хүчгүй байлгаад байвал тэд өөртөө итгэх итгэл, хүчтэй байдлаа олж авахын тулд буруу арга замыг сонгож байна.
Нийгмийн бусад үзүүлэлтийн хувьд авч үзвэл боловсрол дээр л гэхэд 2001 оны байдлаар Монгол дахь их дээд сургуулиудад боловсрол эзэмшиж байгаа оюутнуудын 63.2% нь эмэгтэйчүүд байсан бөгөөд 2019 он хүртэлх хугацаанд энэ нь 63.2%-иар даруй ихэссэн байна. Энэ нь цаашлаад эрэгтэйчүүдийн ажил эрхлэлт, нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон үзүүлэлтэд нөлөөлдөг. Нийгэм дахь соёлын хувьд ч гэлээ эрчүүдэд “эр хүн хүчтэй байх ёстой, эр хүн уйлдаггүй, эр юм байж” гэх шаардлагуудыг тавьдаг бөгөөд энэ нь өөрөө эрчүүдэд маш их сэтгэлийн дарамтыг өгдөг. Энэ талаар Монголын нийгмийн хувьд нарийн, гүнзгийрүүлсэн судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байна. Тэгж байж гэмээ нь бид өөрсдийн нийгэм дэх гэр бүлийн хүчирхийллийн асуудлын ужиг шалтгааныг олж илрүүлэн багасгаж чадна.
Түүнчлэн эрэгтэйчүүд голлох салбарууд болох хүчний байгууллагууд, цэрэг, цагдаа зэрэг байгууллагын нэр хүнд нийгэмд их муу байна. Үүний учир шалтгаан нь Монгол эрчүүдийн сүр хүч доройтсонтой холбоотой хамаарал ч байж болох юм. Сүүлийн үед л гэхэд Монгол улсын цэргийн салбарт гэмт хэрэг, амиа хорлолт, цэргүүдийн хооронд болон дарга цэргийн харилцаанд гарсан хүчирхийллийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе үе гарах болсон билээ. Үүнийг яах ч аргагүй Монголын нийгэм дахь “Эр хүний хямрал” гэж тодорхойлж болох юм. Хэрвээ бид хүчирхийлэлтэй тэмцмээр байвал эмэгтэйчүүд, хүүхдүүд зэргийг зөвхөн тодотгох бус харин эрэгтэйчүүдэд ч бас анхаарал тавих, энэ талаар судалгаа шинжилгээ хийх, төрийн болон төрийн бус байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байна.