“Түрээсийн эхнэр” гэдэг ойлголт Японд 19-р зууны хоёрдугаар хагасаас 20-р зууны эхэн үе хүртэл оршин байсан юм. Тэднийг мусуме гэж нэрлэдэг байсан бөгөөд тэдний үйлчилгээг Владивостокт алба хааж Нагасакид өвөлждөг гадаадын иргэд (ихэнхдээ оросууд) авдаг байв.
Мусуме нар офицеруудтай энгийн эхнэр нөхөр шиг харилцаа үүсгэдэг байсан бөгөөд цөөнгүй хэд нь хүүхэдтэй болсон байдаг. Тэдний зиндаа нь гейша нараас тэс өөр байжээ.
1. Мусуме нар хаанаас гарч ирсэн бэ?
19-р зууны хоёрдугаар хагасаас 20-р зууны эхэн үе хүртэлх хугацаанд Оросын тал Владивосток хотод томоохон флот байрлуулж байсан бөгөөд Алс Дорнодод эсвэл Азийн Өмнөд тэнгис рүү аялах Оросын хөлөг онгоцнууд ихэвчлэн Нагасакид амс хийхээр зогсдог байв. Тэнд Орос офицерууд ихэвчлэн өвөлжиж хавар болохыг хүлээх уламжлал тогтсон аж. Тухайн үед Нагасаки хотын захыг “Оросын тосгон” гэж нэрлэдэг байсан аж. Учир нь 1870-аад онд осолдсон “Аскод” хөлөг онгоцгоос үлдсэн 600 орчим Оросын далайчин тэнд суурьшсан юм. Тэр үед л Оросууд Япон эхнэр авах болсон бөгөөд үүнтэй холбогдуулан түрээсийн эхнэрүүд гарч иржээ.
Мусуме гэдэг нь охин гэсэн утгатай япон үг юм. Өвлийн саруудыг өнгөрүүлдэг газартаа бараг суурьших шахсан оросууд нутгийн бүсгүйчүүдтэй учир ургуулах нь мэдээж… Япон бүсгүйчүүд ч хавар болонгуут яваад өгөх эрчүүдээс хөлс мөнгө авч амьдралаа залгуулж сурсан байна. Үүнийг дагаад Орос эцэгтэй олон Япон хүүхдүүд мэндэлсэн байдаг. Жишээлбэл, нэрт эрдэмтэн Дмитрий Менделеевийн хүү Владимир Япон руу аялахдаа л “түр зуурын эхнэр” авч байсан бөгөөд Так Хидесима хэмээх бүсгүй түүний охиныг төрүүлсэн түүх бий.
2. Үүрэг
Мэдээж мусуме нар үйлчилгээгээ үнэ төлбөртэй үзүүлнэ. Нэг бүсгүй сард ойролцоогоор тухайн үеийн ханшаар 10-15 ам.долларын /өнөөгийн ханшаар 200-300 ам.доллар/ төлбөр авдаг байсан бөгөөд үүний ачаар олон охид ядуурлаас гарч, өөрсдийн гэсэн гэр оронтой болоод зогсохгүй жинхэнэ нөхөртэй болж чаджээ. Офицерууд мусуме нартай албан ёсны гэрлэх ёслол хийдэггүй байсан ч тусгай гэрээнд гарын үсэг зурах ёстой байв. Мөн охидын үүрэг хариуцлага энгийн эхнэрүүдийнхтэй адил байна. Тэд түр зуурын нөхрүүдээ яван явтал яг жинхэнэ эхнэр хүн шиг халамжилж, гэр орноо сахих бөгөөд хэн хэн нь биедээ үнэн ч байдаг ажээ.
Гэрээний дагуу тэдний гэрлэлт албан ёсны биш учраас хүүхдээрээ далимдуулж бүсгүйчүүд Орос эрчүүдийг үлдээч гэж гуйх ёсгүй байжээ.
3. Эрх Эрх
Сарын төлбөрөөс гадна офицер нь түрээсийн эхнэрээ орон байраар хангах ёстой байсан (тэд жижиг япон байшин худалдаж авдаг) юм. Үүний хажуугаар эрчүүд нь эхнэрүүддээ хувцас хунар эд зүйлс авч өгнө.
Ханхүү Александр Михайлович ийм үйлчилгээ авч байсан бөгөөд өөрийн дурсамждаа гэрээ байгуулсны дараа хэн хэн нь нөгөөдөө үнэнч байх ёстой байсан хэмээн бичсэн байдаг. Үүний дагуу Орос далайчид бусад эмэгтэйчүүдтэй удаан ярьж ч болдоггүй байсан гэнэ.
SOURCE: Caak.mn