Арьс арчилгаа энгийн хирнээ үр дүнтэй байх хэрэгтэй гэдэгтээ арьсны эмч нар санал нийлдэг. Хүн бүрийн арьсны онцлог өөр, тулгарч буй асуудлууд ч гэсэн янз бүр байгаа. Гэхдээ хүн бүрт ашиг тустай байх, хэвшүүлж сурах хэрэгтэй арьс арчилгааны хэдэн чухал зөвлөгөөг хүргэе.
Химийн аргаар гуужуулах
Арьсны гадаргуу дээрх үхэжсэн арьс, бохирдлыг гүйцэт сайн цэвэрлэхийн тулд 7 хоногт 1-2 удаа заавал арьсаа гуужуулж хэвших хэрэгтэй. Гэвч ихэнх хүмүүс гуужуулагч скраб ашиглан арьсаа үрэх маягаар гуужуулж харагддаг. Энэ нь үр дүн багатайгаас гадна хэтэрхий олон удаа хэрэглэх, эсвэл хэт их үрснээс болж арьсыг ихээр гэмтээдэг. Тиймээс яг одооноос химийн гуужуулагч ашиглаж эхлээрэй. Химийн гуужуулагч нь хэд хэдэн төрөл байх ба үүнд alpha hydroxy acids (AHA), lactic acid (LA), beta hydroxy acids(BHA), glycolic acid, enzymes зэрэг орно. Эдгээр хүчлүүд нь арьсны гадаргууг илүү үр дүнтэйгээр гуужуулахаас гадна, арьс нүх рүү нэвтэрч арьсыг гүнд нь цэвэрлэж чаддаг. Түүнчлэн арьсан дахь коллагеныг нэмэгдүүлж, нөхөн төлжилтийг хурдасгаж үрэвсэлт батга, хар батга, арьс барзайх зэрэг арьсны асуудлуудыг шийдэхэд тусалдаг байна.
Орой арьсны давхар цэвэрлэгээ хийх
Давхар цэвэрлэгээ гэдэг нь эхлээд будаг арилгагч бальзам эсвэл нүүр цэвэрлэгч мицелар усаар будгаа маш сайн арилгасны дараа хөөсөн эсвэл гелэн цэвэрлэгч ашиглаж нүүрээ сайтар угааж цэвэрлэхийг хэлж байгаа юм. Өдөр бүр ингэж цэвэрлэж хэвшвэл арьсны бохирдлоос үүдсэн асуудлуудыг шийдэхээс гадна урт хугацаандаа арьсанд их ач тустай. Учир нь сайн цэвэрлэгдээгүй үлдсэн будаг нь арьсыг бохирдуулахаас гадна, арьсыг хөгшрүүлэх нэгэн хүчин зүйл болдог байна.
Өглөө Витамин Ц, орой унтахлаа Ретинол хэрэглэж занших
25 наснаас хойш арьсан дээр нөсөө толбо үүсэх, батганы сорив үлдэх, хялгасан үрчлээ гарч эхлэх зэрэг асуудлууд биднийг зовоож эхэлдэг билээ. Энэ бүгдийг шийдэхэд тусалдаг гайхалтай нэгэн арьс арчилгааны найрлага бол Витамин Ц юм. Витамин Ц агуулсан бүтээгдэхүүнүүд арьсыг цайруулж, нөсөө толбо соривыг бүдэгрүүлэхээс гадна арьсны коллагены ялгаруулалтыг дэмждэг. Түүнчлэн арьсыг орчны бохирдол, арьс гэмтээгч чөлөөт радикалуудаас хамгаалдаг учир өдрийн цагаар хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ наранд арьсыг илүү эмзэг болгох талтай тул заавал нарны тостой хамт хэрэглэх шаардлагатай. Мөн нарны тос хамт хэрэглэснээр нэмж нөсөө толбо үүсэхээс сэргийлж өгдөг давуу талтай.
Харин унтахын өмнөх арьс арчилгаандаа Ретинол (А витамин) орсон бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай. Энэ нь арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг тул хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг. Мөн тууштай хэрэглэвэл батга гаралтыг багасгадаг тустай. Гэвч Ретинол нь их хүчтэй найрлага учир арьсыг эмзэгшүүлэх гээд байдаг талтай. Тиймээс бага багаар арьсандаа дасгаж хэрэглэх, мөн бусад хүчтэй найрлагуудтай давхар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн Ретинол нь наранд үйлчилгээ нь буурч, арьсыг илүү эмзэг болгодог учир шөнө унтахдаа хэрэглэвэл хамгийн үр дүнтэй байдаг.
Нарны тос заавал түрхэх
Нарны тосыг өдөр бүр, гэртээ байсан ч түрхэж хэвших хэрэгтэй. Яагаад гэвэл нар нь бидний арьсыг хамгийн ихээр гэмтээж, хөгшрүүлдэг хүчин зүйл бөгөөд энгийн цонх нь нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж чаддаггүй байна. Тиймээс гэртээ байсан ч, гадаа гарсан ч, өвөл, зун гэлтгүй нарнаас хамгаалах тосоо өдөр бүр заавал түрхээрэй.