Өөрсдийн салбарт амжилттай яваа хэсэг оюутан төгсөгчид хуучин сургуулийнхаа профессортой уулзахаар тэднийд цуглаж гэнэ.
Хүмүүсийн хууч яриа удалгүй ажил амьдрал дээрх стрэсс, асуудлын талаарх гомдол болон хувирав. Энэ үед профессор галын өрөөлүү орон том савтай кофег, олон төрлийн аягатай авчран зочдоо дайлжээ.
Ширээн дээрх аяганууд янз бүр: шаазан, хуванцар, шилэн, болор, зарим нь цулгуй өнгийн, зарим нь үнэтэй, мөн зарим нь чамин тансаг.
Бүх оюутнууд гартаа кофе барин сууж байх үед хөгшин профессор ийнхүү хэлжээ:
“Хэрэв та нар анзаарсан бол бүх гоёмсог, үнэтэй аяганууд сонгогдон ширээн дээр зөвхөн хямд, цулгуй өнгийн аяганууд үлджээ. Өөртөө хамгийн сайн сайхныг хүсэх нь хэвийн зүйл боловч та нарын стресс болон асуудлын эх үүсвэр нь үүнд оршиж байгаа юм. Кофенд аяга ямар ч чанар чансаа нэмэхгүй байгааг санаарай. Ихэнх тохиолдолд аяга нь зүгээр л илүү үнэтэй, бүр заримдаа бидний юу ууж байгааг хүртэл нуудаг. Та нарын хүссэн зүйл бол аяга биш кофе байсан, гэвч та нар санаатайгаар хамгийн гоёмсог аягыг сонгож төд удалгүй биэ биенийхээ аягыг сонжиж эхэллээ.
Одоо тэгвэл үүнийг тунгаан бод: амьдрал бол кофе; ажил, мөнгө, нийгэм дэх байр суурь зэрэг бол аяга. Эдгээр зүйлс бол амьдралыг агуулж хадгалж байдаг жирийн л нэг хэрэгслүүд, ямар төрлийн аягатай байх нь бидний амьдралын мөн чанарыг тодорхойлдоггүй, өөрчилдөггүй. Зөвхөн аяганд хамаг анхаарлаа хандуулснаас болж заримдаа бид кофег амтархан ууж чаддаггүй.
Кофег шимтэн таашаал, аягыг бус! Хамгийн аз жаргалтай хүмүүст сайхан бүхэн байдаггүй, тэд зүгээр л бүх зүйлээс сайн сайхныг бүтээдэг. Энгийнээр амьдар, чин үнэнчээр ярь, гүн сэтгэлээр халамжил, хязгааргүйгээр хайрла! Амьдрал бол аяга кофе!”