Салалт бол хосуудын харилцааны чухал нэгэн шийдвэр. Зарим тохиолдолд зөв шийдэл байдаг.
Харин зарим тохилдолд энэ насны зовлон, харуусал болдог. Хосын харилцаа гэдэг бол маш их зөрчилдөөн, шийдвэрлэлтэнд тулгуурладаг ба хэрэв үнэхээр шийдвэрлэх боломжгүй, хүлээн зөвшөөрөхийн аргагүй (хүчирхийлэл, архины хамаарлаас үүдэлтэй асуудлууд, араар тавилтаас үүдэлтэй уучилж боломгүй асуудлууд, үр хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх сөрөг харилцаа…) асуудалтай тулгарвал салж болох юм.
Тэгвэл хэрхэн эв түнжинтэй салах вэ?
1. Салахдаа заавал сүүлийн удаа нүүр нүүрээ харж бодитоор уулзаж ярилцах хэрэгтэй. Зарим хосууд утасны цаанаас эсвэл бусдын өмнө нэгнийгээ гэнэт эвгүй байдалд оруулахаар салдаг. Хэдий таны зөв байж болох ч сэтгэл хөдлөлийг дарж, ухаанаараа шийдэх хамгийн эцсийн зөв шийдвэр бол уулзаж ярилцаж салах юм.
Мөн уулзах хүсэлгүй байна гээд зөвхөн өөрийн хүслийг бодох, нөгөөхөө заавал эвгүй байдалд оруулж бах таваа хангах зэрэг нь нэгэн цагт хайр сэтгэлээр холбогдож байсан хүмүүсийн хувьд маш ёс зүйгүй БИ үзэлдээ захирагдсан хэрэг билээ.
2. Шалтгаанаа заавал үнэн бодитоор нь хэл. Асуудлыг ойлгомжгүй болгож цааш үргэлжлүүлэхийг хүсээгүй л бол юу болохгүй байгаа, яагаад салж байгаа талаараа бүгдийг нь заавал хэлээрэй. Мөн нөгөө хүнийхээ ч үзэл бодлыг хүндэтгэн сонсохоо мартаж болохгүй. Энэ уулзалт нь та хоёр бие биенээ шүүх, доромжлох, албадах зорилготой бус зөвхөн эцсийн дүгнэлтэндээ хүрцгээх зорилготой гэдгийг санаарай.
3. Хүндэтгэлтэйгээр харилцаагаа тасал. Зарим хосууд найзууд болж үлдэх, хааяа хааяа уулзаж байх г.мэт шалтаг шалтгааныг гаргадаг. Хэрэв голдоо хүүхэдтэй л биш бол хосын харилцаанаас салж байгаа бол хэсэгтээ онцын шалтгаангүй уулзах, харилцах хэрэггүй. Учир нь ойлгомжгүй харилцаа ойлгомжгүй асуудлыг дагуулдаг. Мөн салах шийдвэр бага багаар өөрчлөгдөж найдвар болж хувирах нь ч бий. Гэсэн ч та хоёр өмнөх том асуудлаа шийдэлцээгүй байж нийлэх бол дахиад л давтагдах нь элбэг
Хэрэв салсан хосууд маань буцаад нийлэхээр болсон бол өмнөх алдаагаа давтахгүйн тулд хамгийн түрүүнд сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө тусламж авах нь маш чухал юм. Хамгийн чухал.
4. Салалтын дараах сэтгэлийн хямрал бүрэн арилж, эксээ жинхэнэ утгаараа сэтгэлээсээ тавьж явуулсан хойноо л дараагийн харилцаагаа эхлүүлээрэй. Салсан даруй шинэхэн хамтрагчтай болох нь ёс зүйгүй бүдүүлэг алхамаас гадна эвтэй салсан эксдээ буруу ойлголтыг өгч эвгүй салах эхлэл ч болж мэднэ. Мөн таны сэтгэлийн асуудал бүрэн цэгцрээгүй байхдаа ганцаардахгүй гэж хэн нэгэнтэй харилцаа тогтоох нь дахиад л том асуудлууд дагуулах нь тодорхой.