Энэ сарын эхээр Бразил-Испанийн харьяат эмэгтэй нөхрийн хамт Энэтхэгт мотоциклоор аялж явахдаа бүлэглэсэн хүчингийн хэргийн хохирогч болсон тухай мэдээг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж байсан билээ.
Хохирогч 28 настай Фернанда, түүний нөхөр 63 настай Висент нар одоо аяллаа түр завсарлаж, Испанид амарч байгаа юм байна.
Сүүлийн зургаан жилийн турш дэлхийн 67 орноор мотоциклтой аялсан тэд Бангладешийн хилээс холгүй зүүн хойд Энэтхэгийн нутагт аялж явахдаа гэмт хэргийн хохирогч болсон юм. Энэтхэгийн цагдаа нар гурван сэжигтнийг баривчилж, өөр таван хүнийг эрэн сурвалжилж эхэлснээ тухайн үед мэдэгдэж байв.
Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг их гардгаараа алдартай Энэтхэгт 15 минут тутамд нэг эмэгтэй хүчиндүүлдэг гэсэн тоо баримт бий.
Аялагч хостой Хонконгийн “Өмнөд Хятадын Өглөөний Шуудан” сонины сэтгүүлч онлайн холбоогоор ярилцжээ.
2015 онд Бразилд танилцаж, Испанид амьдрах болсон хос хоёр Энэтхэгт тохиолдсон эмгэнэлт явдал дэлхийн бүх орноор тойрон аялах төлөвлөгөөнд нь саад болохгүйг энэ үеэр мэдэгдсэн байна.
Тэд Энэтхэгт ирэхээсээ өмнө Ойрх Дорнод, Иран, Афганистанаар аялж байжээ.
“Олон хүн намайг одоо Энэтхэгт битгий оч гэж хэлэх байх гэж бодож байгаа. Гэхдээ бодит амьдрал үүнээс илүү нарийн төвөгтэй. Энэтхэгт тохиолдсон зүйл дэлхийн өөр хаана ч тохиолдож болох байсан. Саяхан Төв Америкийн Белиз улсаар аялж явсан хосод бас ийм зовлон тохиолдсон байсан. Миний эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө: Гэрээсээ гар, юунаас ч айлгүй аял. Хэрвээ замдаа отоглох бол тусламж дуудах боломжтой замын ойр, гар утасны сүлжээтэй газар сонго” гэж Фернанда ярьсан байна.
Түүний нөхөр Висент “Энэтхэгийн гол асуудал нь асар том. Хүн амын зарим хэсэг нь сургуульд сурах боломжгүй, гадаад ертөнцөөс таслагдан харанхуй амьдарч байна. Бидэнд халдсан эрчүүд амьдралдаа ганц өдөр сургуульд сурч үзсэн гэдэгт би эргэлзэж байна. Тэдний хэн нь ч юу хийж болох болохгүй талаар ойлголтгүй байх. Бид тэдний харсан анхны гадаад хүмүүс ч байх магадлалтай” гэж ярьжээ.
Фернанда “Би эрсдэлээс айлгүй гэрээсээ гарч, хол газар аялсандаа харамсахгүй байна. Би Энэтхэгт очсондоо харамсахгүй байна. Бид одоогоор Испанид ирээд аяллаа түр завсарлаж байна. Аяллаа цааш үргэлжлүүлэх нь гарцаагүй. Бид дараагийн аяллаа хэдийнээ төлөвлөөд эхэлсэн” гэсэн юм.
“Бидний мотоциклууд одоо Балбад байгаа. Дараагийн удаа бид тэндээс Төвөд, Хятад, Лаос, Камбожоор аялна. Тайландад гурваас дөрвөн сар амраад дараа нь Индонез, Австрали, Шинэ Зеланд хүрнэ. Буцахдаа Япон, Солонгос, Орос, Монголоор дайрч, Төв Азийн СТАН орнуудыг гүйцээгээд Европт ирнэ. Үүний дараа Африк тивээр тойрон аялах талаар бодож байна. Бидний үлдсэн бүх амьдрал аяллын замд байхаар төлөвлөсөн” гэж ярьжээ.
Эх сурвалж: Ikon.mn