Реддит платформ дээр эцэг эх нь нэгэн цаг үе насанд хүрэгчдийн салбарт ажилладаг байсан хүмүүсийн хүүхдүүд өөрсдийн санаа бодол болоод түүхээ нэрээ нууцлан хуваалцжээ. Тиймээс бид уншигчдадаа зориулан олон хандалттай хэдэн түүхийг түүвэрлэн хүргэхийг зорилоо.
Гэхдээ цааш уншихаас өмнө нэгэн анхааруулгыг хүргэхэд, “Насанд хүрэгчид”-ийн салбарт ажилладаг хүн бүрийн түүх өөр. Тэдний зарим нь сайн дурын үндсэн дээр тухайн ажлыг хийдэг бол зарим нь албан хүчээр эсхүл санхүүгийн нөхцөл байдлаасаа хамааран тус салбарт орох нь бий. Ажлын үеэрээ ямар ч аюулгүй, зөвхөн ажлаа хийгээд л болдог хүмүүс байхад ажлынх нь өдөр бүр эрсдэл дагуулж байдаг хүмүүс ч байгааг мартаж болохгүй. Тэгвэл доор дурдагдах түүхүүд нь зөвхөн тэдгээр хүмүүсийн тухайд таны харж, таниагүй өнцгийг хүргэхэд чиглэсэн бөгөөд тухайн салбарыг сурталчлан таниулж буй хэрэг биш юм.
1. Миний ээж байнга гудамжинд зогсдог нэгэн байгаагүй. Тэр зөвхөн бидэнд мөнгө эсхүл хүнс хэрэгтэй үед л өөр эрчүүдтэй унтдаг байсан. Түүнийгээ ч маш сайн нууж чаддаг байсан. Бид бодохдоо тэр эрчүүдийг ердөө л маш найрсаг болохоор бидэнд мөнгө өгч байна гэж боддог байсан ч одоо бодоход бүх зүйлийн учрыг ойлгож байгаа. Ээж минь 10 жилийн өмнө өөд болсон хэдий ч түүний бидний төлөө гаргасан золиосонд талархаж явах болно.
2. Миний ээж одоо энэ салбарт ажиллахаа больсон. Түүний өнгөрсөндөө юу хийж байсан нь ердөө ч миний хэрэг биш. Би түүнийг нь шүүх ч эрхгүй. Яаж ч байсан би ээждээ маш их хайртай.
3. Би бол түүний ач. Эмээ маань залуудаа биеэ үнэлэгч байсан юм билээ. Миний мэдэхээс тэр бол христэд үнэнчээр итгэгч байсан ба би том болох хүртлээ түүний өнгөрсний тухай мэдээгүй.
Цаг үе хэцүү байсан үе юм билээ. Хүүхдүүдээ өсгөхийн тулд аргагүйн эрхэнд өөрийн биеийг худалдаж байсан эмээ маань жинхэнэ хайртайгаа учраад бүхнийг орхиж, одоогийн сайхан гэр бүлээ цогцлоосон.
4. Ээж маань 70, 80-аад оны үед порн од байсан. Бидний дунд энэ сэдэв бараг л нэг төрлийн цээр шиг байдаг байсан ч хотхоныхон бүгд түүний өнгөрсөн амьдралыг мэддэг учир аав биднийг мэдэхгүй зүйлээсээ болж дээрэлхүүлэх вий гэж эмээхдээ бидэнд хэлж байсан юм. Азаар биднийг хэн ч гадуурхаж, дээрэлхэж байгаагүй.
5. Миний ээж мөн л тэр салбарт ажилладаг байсан. Гэхдээ үнэн хэрэгтээ би ч гадарладаггүй байсан. Тэр үргэлж оройдоо цэвэрлэгээний ажилтай гэж хэлээд л явдаг байсан ч ахлах сургуулийн маань ангийн хүүхэд түүний профайлийг цахим хуудаснаас олж, сургууль даяар хагархай хэнгэрэг шиг дэлдчихсэн юм.
Хэдэн сарын дараа нууцаар биеэ үнэлж байсан нь баригдаж, зураг нь сонины нүүрэн дээр хэвлэгдэж ч байсан. Гэвч миний бодлоор тэр намайг энэ тухай нь мэддэг гэж одоо ч огт гадарладаггүй байх.
6. Миний бодлоор ээж маань тэр бүх ажлыг ядуу байхаас залхахдаа хамгийн дөт арга нь тэр байсан болохоор л хийсэн шиг санагддаг. Би ч түүнээс нь ичиж, санаа зовдоггүй.
Тэр Сөүлд маш тарчиг гэр бүлээс гаралтай байсан болохоор биеэ үнэлэх л түүний хувьд хөрөнгө чинээнд хүрэх хамгийн хялбар арга байсан. Ээж маань өөрийнхөө зөв гэж бодсоныг л хийсэн.
7. Би багадаа ээжийгээ үзэн яддаг байсан. Тэр хэзээ ч ах бид хоёртой цагийг өнгөрүүлдэггүй байсан. Гэхдээ одоо бодоход бүх зүйл утга учиртай санагддаг. Ах бид хоёр юугаар ч дутаж байгаагүй. Бид орох орон, агааржуулагч, хоол хүнс, төрөл бүрийн тоглоом гээд бүгд л байсан.
Гэвч тэр ямар ч сургууль төгсөөгүй, ямар ч ажлын туршлагагүй нэгэн байсан юм. Тэгэхээр ямар аргаар мөнгө олж байсан нь тодорхой шүү дээ.
Одоо гэхдээ амьдрал өөр болсон. Ах маань түүнд санхүүгээр тусалж, түүнийг асарч байгаа. Харин тэр нэг хүнтэй болзож байгаа. Ажиглаад байх нь ээ тэр минь одоо л хүсэж байсан амьдралаараа амьдарч байх шиг санагддаг.
8. Би одоо дөнгөж 18 настай. Миний ээж бүх л амьдралын минь турш, одоо ч гэсэн биеэ үнэлж яваа нэгэн. Магадгүй энэ миний настай холбоотой байж болох юм. Гэхдээ л би түүний энэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Миний хувьд бол энэ маш ичгэвэртэй зүйл. Тиймдээ ч би түүнтэй адилхан харагддаг өөрийнхөө царайг ч үзэн яддаг. Хэдийгээр би түүнтэй харьцаагаа тасалсан ч настай эрчүүд намайг ээжтэй минь андуурч ирэх нь их.
Миний үерхэж байгаа эр шивээсчин бөгөөд түүнээр үйлчлүүлдэг эрчүүд ээжийн маань эртний үйлчлүүлэгчид байх нь ч бий. Би яаж ч хичээсэн түүний миний амьдралд үзүүлсэн, үзүүлж буй нөлөөнөөс холдож чадамгүй санагддаг.
9. Намайг 10 настай байхад ээж маань 1 долоо хоногийн хугацаанд биеэ үнэлсэн юм. Аавын ажлын газрын дарга нь ээжийг ихэд сонирхдог байсан болохоор тэтгэвэрт гарах гэж буйгаа тэмдэглэн долоо хоногт 4,500 ам.доллар өгөхөөр амлаж, харин аавыг чимээгүй байсных нь төлөө 2,500 ам.доллар амласан юм билээ.
Тэр үедээ л бидний хувьд овоо их мөнгө байсныг ч хэлэх үү, бидний амьдралыг бараг л орвонгоор нь өөрчилж байсан. Би л хувьдаа энэ тухад огт ичдэггүй бөгөөд харин ч аав ээж хоёр минь хоёулаа хэлэлцэж тохироод ойлголцсонд нь бахархаж явдаг.
10. Миний амьдардаг улс биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрсөн байдаг юм л даа, тиймээс ч миний туулж өнгөрүүлсэн зүйлс бусдынхаас арай өөр байх. Ээж маань эхэндээ өөрийн хүслээр л ажилладаг байсан бөгөөд заримдаа ажилладаг, заримдаа ажилладаггүй, өөрийн дураар нэгэн байсан.
Дараа нь тэр өөрийн гэсэн биеэ үнэлэх газар ажиллуулж эхэлсэн юм. Түүний тэр бизнес ч нэлээдгүй амжилтад хүрч, хэсэг хугацаанд тэр чамгүй алдартай болсон ба зурагтаар ч хэд хэд гараад амжсан.
Миний хувьд, түүний хүүгийн хувиар энэ бүхэн эхэндээ ярвигтай байсан ч тэр үргэлж энэ бүхнийг өөрийн хүслийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр, аюулгүй орчинд хийж байгаа гэдгээ надад мэдэгддэг байсан. Энэ үнэхээр хачирхалтай хэрэг л дээ, гэхдээ би зүгээр л дасчихсан. Бизнес бол бизнес. Ээжийн ажлыг эс тооцвол манай гэр бүл үнэхээр энгийн, бусад айлууд ямар байдаг шиг л байдаг.