Би яг хэзээнээс эцгийгээ ингэтлээ үзэн ядах болсон юм болоо?

Сүүлийн үед энэ л асуулт миний толгойнд эргэлддэг болчихож, магадгүй 26 нас гэдэг бүхнийг эргэцүүлэн боддог үе юм болов уу? Аль хэдийн дээд мэргэжилтэй болж, өөрийнхөө хэмжээнд мэргэжлээрээ ажиллаж, боломжийн цалинтай амьдарч байгаа ч гэсэн толгойнд эргэлдэх түм буман бодлоо яаж цэгцлэхээ ойлгохгүй юм.

Яг хэзээнээс эцгийгээ үзэн ядах болсон юм болоо…. Магадгүй ухаан орсон тэр л мөчөөс үргэлж согтуу байхыг нь харснаас болсон юм болов уу? Согтуу ирчихээд ах бид хоёрыг тэлээгээрээ ороолгоход намайг цохиулахгүй гэсэндээ ах минь урдуур ороод, намайг айлгахгүй гэсэндээ уйлахгүй шүд зуун тэвчихийг хараад юм болов уу? Ээж минь тэвчээр алдан уйлж суух үе юм болов уу? Эсвэл хэрэлдэн хамаг муухай үгсийг хоорондоо чулуудан зодолдох үед юм болов уу?

Би яг хэзээнээс эцгийгээ тэвчиж чадахааргүй болтлоо үзэн яддаг болсон юм болоо… Ангийн хүүхэд дээрэлхэх үед аавыгаа архи уулгаж байгаад зодуулна шүү гэж хэлээд архичин аавтай гэж хэлүүлээд шоолуулснаас болчихов уу? Эсвэл хоол унд ч байхгүй тарчигхан байхад яаж ийж байгаад архи олоод уучихсан, ээжээс минь архины мөнгө асууж зовоодог байсан үеэс юм болов уу? Магадгүй үеийн хүүхдүүд орцны жижүүрийн хүүхэд гэж гадуурхадгаас, эсвэл ангийн хүүхдүүд орцны жижүүр хийдэг хүмүүс бөөстэй гэдэг үнэн үү гэж асуусан үеэс ч байж болох юм. Энэ их үзэн ядалт тэр жижигхэн биеэнд яаж багтдаг байсан юм болоо? Ядуу гэж хүмүүст шоолуулах болгондоо нулимсаа тэвчээд инээдэг, өвлийн дүн хүйтнээр гутлын ул салаад үдээсээр тогтоочихоод алхдаг байсан тэр жаахан охиныг би одоо ч өрөвдөх юм. Ах эгчтэйгээ автобусны мөнгө ч байхгүй буудал дээр даараад зогсож байсан үеүдээ бодохоор, идчих талхны булан ч байхгүй байсан тэр л өдрүүд, гадаа хэрүүл нь хэзээ дуусах болоо гэж бодоод гурвуулаа дагжин чичрээд суудаг байсан мөчүүд миний тархинд одоо ч яг л тэр хэвээрээ… Хичээлдээ явахдаа хоол унд идээгүй болохоор өлсөөд толгой эргэж байхад ах минь тарахад тосч авахдаа гүйж ирээд аманд минь барбарис хийгээд чихэр идвэл ядаж ухаан алддаггүй гэсэн гэж хэлдэг байсан хүн, надаас 4-хөн насаар ах тэр минь ямар их хэрсүүжээ бол, ахын минь хийдэг байсан үйлдлүүд одоо ч толгойнд тод томруунаараа байж л байдаг. Миний хамгийн их үзэн ядсан үе гэж үү?

Магадгүй хамт ирж архи уусан төрсөн ах нь намайг хүчиндэх гэж оролдсоноос юм боловуу? Эсвэл өөрөө миний эгчид тодорхой хэмжээний бие хэлэмжийн бэлгийн дарамт өгч байсан гэдгийг сонссон үеэс юм боловуу? Миний амьдралын бүхий л цаг мөч болгон маань, үргэлж тэвчээр барж харахаас ч залхах тэр л үеүд, гэр оронгүй хамаатан садныхаараа амьдарч, царай алдаж явсан тэр л мөчүүд, бас доромжлуулж хөөгдөж явсан, орцны жижүүр хийж байгаа ээждээ туслаж хүний хогийг хаяж, хүний баас шээсийг цэвэрлэхдээ ээжийгээ өрөвдөж, эцгийгээ үзэн ядаж байсан тэр л үе, тэр л хүүхэд нас минь…

Хагалгаанд орчихоод өвдөөд хэвтэж байхад, архины мөнгө асууж зовоодог байсан үеэс, магадгүй ээжийг минь ингэтлээ их зовоосонд нь байх. Яг хэзээ нь хаана зогсохоо ч ойлгохгүй байх яагаад ийм хэцүү байсан юм болоо, надад ийм байхад манай гэрийхэнд яг ямар байдаг болоо?

Гэхдээ би ийм их үеүдийг туулсан болохоор тэнэг болж байгаа байх, ойрд үргэлж л эцгийгээ өрөвддөг болчихсон. Ямар ч нэр хүндгүй түүнийг юу ч хэлсэн хэн ч тоохгүй, гэрт үл хүндэлж, магадгүй ёс төдий аав гэж дуудуулдаг тэр хүн яг юу бодож амьдарсан юм болдоо, яагаад бид дөрвийг ингэтлээ зовоосон юм болоо, яг юуны төлөө амьдарч ирсэн юм болоо, хүндлэгдэхгүй байгаадаа бачуурдаг юм болов уу, хэн нь ч залгаж ярихгүй байдагт гомддог болов уу? Амьдрал түүнд хэцүү байсан юм боловуу? Эсвэл зүгээр л буруу хүмүүжилтэй өсчихсөн болохоор үргэлж өөрийгөө бодож, архиа ууж бусад нь хамаагүй гэж амьдардаг байсан юм боловуу? Хааяа гэртээ хариад эцгийгээ харахаар өөрийн эрхгүй л өрөвддөг болчихож, яг хэзээнээс бас яг хаанаас энэ хүн алдсан юм болдоо? Энэ их нүглээ жаахан ч болов ойлгодог болов уу? Нүгэл нь бид гурвын яг хэнд нь оноогдох бол? Магадгүй амьдрах тийм ч амар бишшүү гэж зааж өгөх гэж миний амьдралд ирсэн хүн юм болов уу?

Та архи уухдаа яг юунаас болдог юм бэ?

Та эхнэр, үр хүүхдийнхээ нулимсыг уухдаа яг юу боддог вэ?

Та юуны төлөө амьдарч, та хэний төлөө байдаг вэ? Би 26 настай болсон ч одоо хүртэл юуг ч ойлгож чадахгүй байх юм. Та яг хэзээ ухаарах вэ? Магадгүй хөл дээрээ зогсож чадахгүй болсон үедээ юу эсвэл та үхэхийнхээ өмнө юм боловуу?

3 Comments

  1. зочин says:

    Бүсгүй минь Чи өөрөө архинаас хол Архийг үзэн ядаад Урагшаа хараад амьдар…ах эгч ээж 3-ыгаа түш жилд 4 удаа дэмж, Тэр Та 3-г зовоосон хүнийг Зөнд нь орхи Карма нь шийдэг….

  2. G says:

    Bolzol taviihgui l hairlahiig hicheene.. Unguruulsen amidraldaa gemsheed uuriiguu denduu iheer yallaad zovj bga amitaniig zugr l hairla

    • Dr says:

      esvel hezee ch zovoogi baih, uhamsar ni ter huniig yu ch bodohod hurgehgui, uhaan ni hurehgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.