Та хамгийн сүүлд хэзээ хүнтэй энгэр зөрүүлсэн бэ? “Өчигдөр” гэж хариулах хүмүүст энэ нийтлэл зориулагдаагүй болно. Харин “Хэзээ ч билээ, санахгүй байна” хэмээн хариулсан бол нааш анхаарлаа хандуулна уу.
Сексээс хол байх олон шалтгаан бий. Жирэмслэлт, үл итгэлцэл, үл ойлголцол, өөрт тохирсон хүнээ олоогүй үед гээд л. Танд аль ч шалтгаан нь тулгарсан бай, дараах сэтгэлзүйн өөрчлөлтүүдэд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
Цухалдуу болох
Энэ нь хэн нэгэн таныг хуруугаараа тасралтгүй олон удаа хатгахад төрдөг мэдрэмжтэй төстэй. Та жаахан л юм болонгуут бухимддаг болж ганцаараа байхыг хүснэ. Хүн гэдэг амьтан хайртай хүнтэйгээ мэдрэмжээ хуваалцахгүй, хүрэлцэхгүй удахаараа өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлж гутрахдаа амархан байдаг аж.
Мөн бага зэрэг мартамхай болох тал бий. Тэгээд өөрийн мартсан санасан зүйлээсээ болж гэнэт дүрсхийн уурладаг. Гэвч уурлах гол шалтгаан нь өөр юу ч биш, сексийн хэрэгцээ нь хангагдаагүйгээс болсон байдаг билээ.
Итгэлгүй болох
Энэ нь сексийн хамтрагчтай боловч түүнтэйгээ ойртолгүй удсан хүмүүст ажиглагдана. Урьд нь огт харддаггүй байсан бол “Хаагуур хэнтэй яваад байна?” мэтийн асуултыг амнаасаа байнга унагадаг болно. Анхнаасаа хартай байгаагүй л бол түүнд гарцаагүй бэлгийн харьцаа дутагдсаны шинж гэж дүгнэж болно.