Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг манай улсад арваннэгдүгээр сарын 10-нд оруулж ирэх талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
Монгол Улсад жилдээ 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, бүс нутагтаа энэ төрлийн өвчлөлөөр тэргүүлж байна. Хавдрын шалтгаан нь Хүний Папиллома Вирус (ХПВ) юм. Уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх гол арга нь вакцинжуулалт. Дэлхийн 120 гаруй оронд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт амжилттай хэрэгжиж байгаа аж.
Харин манай улс 2012 онд 12-15 насны 10,000 гаруй охинд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг анх эхлүүлж байсан боловч тухайн үед вакцин эсэргүүцэгчдээс шалтгаалан уг хөтөлбөр зогссон билээ. Ингэснээр бид 10 жилийн хугацаа алдаж, 4,000 гаруй эмэгтэйг, ээжийг сэргийлж болох хавдраас амь насыг нь аврах боломжийг алдсан гэсэн үг. ХПВ-ийн вакцинжуулалт амжилтгүй хэрэгжсэн цөөн хэдэн орны дотор Монгол Улс жишээ болж дурдагддаг нь харамсалтай гэдгийг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан ярьж байна.
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломж ба вакцинжуулалтын талаар түүнтэй үргэлжлүүлэн ярилцсанаа хүргэж байна.
-Дэлхийн хэмжээнд болон Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ямар нөхцөл байдалтай байгаа вэ?
-2018 оны байдлаар дэлхийн хэмжээнд жилд 570,000 эмэгтэй умайн хүзүүний хавдраар оношлогдож байсан бол 2030 он гэхэд 700,000 болж өсөх таамаглалтай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2018 онд 311,000 эмэгтэй умайн хүзүүний хавдраар нас барсан харамсалтай мэдээлэл байгаа бол 2030 онд 400,000 хүрч өсөх дүр зурагтай байгаа юм.
Дэлхийн хэмжээнд умайн хүзүүний хавдрын өвчлөл нэмэгдэх төлөвтэй байгаа учраас яаралтай хариу арга хэмжээ авах хэрэгцээтэй байна. Өвчлөлийн дийлэнх хувь нь Африкийн орнууд болон Азийн зарим улсад тохиолдсон хэвээр байгаа. Харин өндөр хөгжилтэй улс орнуудад умайн хүзүүний хавдрын өвчлөл буурч байна.
Манай оронд жилд ойролцоогоор 400 орчим эмэгтэй энэ хавдраар оношлогддог гэдгийг дээр дурдсан. Харин 2021 онд умайн хүзүүний хавдрын 312 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын хөл хориотой холбоотой буурсан мэт харагдаж байгаа ч бүсийн орнуудын дунд өвчлөл өндөртэй хэвээр байна.
-Умайн хүзүүний хавдрын өвчлөлийг бууруулахын тулд улс орнууд далайцтай ямар арга хэмжээ авч байна?
-ДЭМБ-аас умайн хүзүүний хавдрыг устгах 90-70-90 гэсэн том зорилтыг дэвшүүлсэн. Тодруулбал, 2030 он гэхэд улс орнууд охидын 90 хувийг умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцинд, эмэгтэйчүүдийн 70 хувийг ХПВ илрүүлэх шинжилгээнд, оношилсон эмэгтэйчүүдийн 90 хувийг эмчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байгаа.
Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх вакцин хийх, эрт илрүүлэх, эрт эмчлэх зэрэг цогц арга хэмжээ авбал энэ хавдрыг устгах боломжтой.
Улс орнууд дотроос Австрали умайн хүзүүний хавдрыг бүрэн устгасан дэлхийн хамгийн анхны улс болох зорилтыг дэвшүүлж, маш амжилттай явж байна. Тус улс хүн амынхаа дунд папиллома вирусийн эсрэг вакциныг хийгээд 15 жил болж, ХПВ-ийн халдвар огцом буурсан. Үүнийгээ дагаад Австралид умайн хүзүүний хавдар маш ховор бүртгэгддэг болсон.
-Швейцар улсын Женев хотод “Хавдрын дэлхийн их хурал 2022” өнгөрсөн сард боллоо. Энэ үеэр салбарынхан тулгамдаж буй асуудал, гарц шийдлээ хэлэлцсэн байх?
-Дэлхийн хавдрын олон улсын хурлын хамгийн гол сэдвийн нэг нь “Умайн хүзүүний хорт хавдар”-ын асуудал байлаа. Өмнө нь дэлхий нийтээрээ ямар нэгэн хавдрыг бүрэн устгана гэсэн зорилтыг хэзээ ч тавьж байгаагүй. ДЭМБ-аас 2018 онд умайн хүзүүний хавдрыг устгана гэсэн том зорилтыг тавьсан. 2030 он гэхэд хүрэх зорилтынхоо хаана явна, улс орнууд ганц ганцаараа бус, хамтын хүчээр хэрхэн хурдасгах вэ гэдэг асуудлыг ярилцсан.
Ерөнхий дүр зургийг харахад, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын ихэнх нь бага дунд орлоготой улс орнуудад бүртгэгдэж байна. Эдгээр орнуудад вакцинжуулалтын хамрагдалт, эрт илрүүлэг, эмчилгээ хангалтгүй байгаа.
Үүнд дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 оны зорилтдоо хүрч чадахгүй дүр зураг харагдаж байна. Харин сүүлийн жилүүдэд цар тахлыг үл харгалзан Африкийн нэлээд орнууд ХПВ-ийн вакцинжуулалтыг охидынхоо 90 хувьд хийж, эрт оношилгоонд ХПВ илрүүлэх арга нэвтрүүлж, маш сайн ажиллаж байгаа талаар амжилтаа хуваалцсан нь анхаарал татаж байв.
-Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх гол арга бол вакцинжуулалт гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байгаа. Энэ вакциныг хэдэн насныханд хийвэл тохиромжтой гэж үздэг вэ?
-Умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан нь бэлгийн замаар дамжиж халдварладаг хүний папиллома вирус байдаг. Ихэнх хүмүүс амьдралынхаа явцад хүний папиллома вирусийн халдвар авсан байдаг гэж үздэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ вирусийн эсрэг вакциныг 9-14 насанд хийх нь илүү тохиромжтой хэмээн үздэг.
2007 оноос эхлэн ХПВ-ийн эсрэг вакцин зөвшөөрөгдөж, 15 жилийн хугацаанд хэдэн сая хүн энэ вакциныг хийлгэсэн. Одоогоор дэлхийн 119 орон буюу ДЭМБ-ын гишүүн орнуудын 60 орчим хувь нь вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулж охиддоо хийж байна. Харин өндөр хөгжилтэй 30 гаруй орон тус вакцинд зөвхөн охид биш, хөвгүүдээ бас хамруулж байна. Учир нь энэ вакцин зөвхөн умайн хүзүүний хавдраас сэргийлэх бус ХПВ-ээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, gender neutral буюу хүйс харгалзахгүй, эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүмүүст хийж байна.
-Хүний папиллома вирусийн талаар болон энэ төрлийн вакциныг 9-11 насныханд хийвэл тохиромжтой байдаг шалтгааныг тайлбарлахгүй юу?
-Хүний папиллома вирусийг анх 1970-аад онд Германы эрдэмтэн нээсэн. Тухайн үед вирус хавдар үүсгэгч шалтгаан болж байгаа талаар таамгийг бүгд эсэргүүцэж байсан бол үүнээс хойш олон жил хийгдсэн судалгааны үр дүнгээр уг вирус умайн хүзүүний хавдрын шалтгаан гэдгийг тогтоосон. Улмаар 1990-ээд оны үед ХПВ-ийн эсрэг вакциныг Австралийн хоёр эрдэмтэн зохион бүтээсэн. Вакциныг хүнд хэрэглэхийн тулд хийгддэг олон туршилт судалгааны үр дүнд 2006 онд вирусийн эсрэг вакцин албан ёсоор бүртгэгдэж, дараа жилээс нь улс орнууд хэрэглэж эхэлсэн.
Сүүлд гарч байгаа олон тооны судалгаагаар ХПВ нь зөвхөн умайн хүзүүний хавдар төдийгүй өөр олон төрлийн хавдар үүсгэх шалтгаан болдог гэдгийг тогтоосон. Тухайлбал, толгой хүзүү, залгиур хоолой, хошногоны хавдрын гол шалтгаан болдог. Бид зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа умайн хүзүүний хавдрын хүрээнд ярьж байгаа бол үүний цаана дан ганц эмэгтэйчүүд бус эрчүүд ч уг вирусийн улмаас хавдраар өвчлөх эрсдэлтэй.
Уг вирус нь бэлгийн замаар дамждаг учраас бэлгийн харьцаанд орохоос нь өмнө урьдчилан сэргийлж 9-14 насанд хийхийг зөвлөмж болгодог.
-Хүний папиллома вирусийн эсрэг ямар вакцин байдаг вэ, хэдэн тун хийлгэхийг зөвлөдөг вэ?
-Одоогийн байдлаар ДЭМБ-аас зөвшөөрөл авсан хүний папиллома вирусээс сэргийлэх таван төрлийн вакцин байгаа. Эдгээр вакцины тунг наснаас хамаарч харилцан адилгүй хийхийг зөвлөмж болгодог. Тухайлбал, 9-20 насныханд 2 тун, 20-оос дээш насныхан болон Хүний Дархлал Хомсдолын Вирус (ХДХВ)-ийн халдвартай хүмүүст 3 тун хийлгэхийг зөвлөж байна.
-Вирус нь хүний биед удаан хугацаанд хадгалагдвал хавдар болдог гэсэн ойлголт бий. Энэ талаар шинжлэх ухааны илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хүний папиллома вирусийн 100 гаруй хэв шинж бий. Тэр дотроос хавдар үүсгэдэг хамгийн өндөр эрсдэлтэй 14 хэв шинж байдаг. Тодруулбал, 16 болон 18 дугаар хэв шинж илүү өндөр эрсдэлтэй. Дээрх хэв шинж хавдар үүсгэх магадлал 50-70 хувьтай байна.
Вирус хүний биед урт хугацаанд хадгалагдсан тохиолдолд 10-20 жилийн дараа хавдар болдог. Тэгэхээр вирусийн халдварыг авлаа гэдэг нь шууд хавдар болно гэсэн үг биш. Хүний биеийн дархлаа сайн байвал хэдэн жилийн дараа вирус өөрөө арилчихдаг. Хэрвээ гадагшлахгүй олон жил биед хадгалагдвал хавдар үүсгэдэг. Иймд вирусийн халдвар авахаас сэргийлэх гол аргын нэг бол вакцинжуулалт байна.
-Манай оронд энэ вакцин хийгдэж байсан талаар Та дурдсан, яагаад вакцинжуулалт зогссон бэ?
-2012 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэй манай улс 12-15 насны 10,000 гаруй охинд умайн хүзүүний хавдраас сэргийлэх Гардасил вакцин тарьж байсан.
Тухайн үед “Охидыг үргүй болгох гэж байна”, “Манай охидод вакцины туршилт хийж байна” гэх мэтчилэн буруу ташаа мэдээлэл нийгэмд түгээсний уршгаар дархлаажуулалтын хөтөлбөр зогссон. Улмаар иргэдийн дунд вакцинтай холбоотой нэлээд эргэлзээ үлдсэн. Уг асуудлаас болж умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин дархлаажуулалтын товлолд орж чадахгүй 10 жил болж байна. Нийгэмд хүний эрүүл мэндтэй холбоотой буруу ташаа мэдээлэл түгээсний хор нөлөө олон жил үргэлжилдгийн нэг жишээ энэ юм. Энэ хугацаанд бид өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашилбал олон мянган эмэгтэй буюу хэн нэгний ээж, эмээ, охины амь насыг аврах боломжийг алдсан. Одоо вакцинаа эхлээгүй байгаа тохиолдолд дараагийн 10-15 жилд хавдар буурахгүй.
-Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцины үр нөлөөний талаарх судалгааг манай улсад хийж байсан уу. Тодруулбал, 10 жилийн өмнө монгол охидод хийсэн умайн хүзүүний эсрэг вакцинжуулалтын үр дүнгийн судалгаа гарсан болов уу?
-“Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагаас 2012 онд вакцин хийлгэсэн охидыг дагаж судалсан. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээс хойш таван жилийн дараах үр дүнг 2017 онд судалсан гэсэн үг. Тухайн үед хүмүүсийн гол айж байсан зүйл болох “Вакцин охидыг үргүй болгох эрсдэл бий юу?” гэдэг асуултад хариулт өгөхийг зорьсон.
Судалгаанд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг ижил насных нь эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй. Харин хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан хүн амын дунд 10 дахин буурсан үзүүлэлттэй байсан. Таван жилийн дараах үр дүнг харахад ХПВ-ийн хавдар үүсгэдэг хэв шинжүүд вакцин хийлгэсэн охидод байхгүй болсон бол харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдэд 10 дахин өндөр байсан.
Тодруулбал, 18-23 насны эмэгтэйчүүдийн дунд хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХПВ-ийн хэв шинжийн тархалт 39.5 хувь буюу маш өндөр байсан. Дэлхийн дундаж үзүүлэлтээр хүн амын дунд тархалт 11 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад энэ вирусийн тархалт маш өндөр байгаа нь олон жилийн дараа умайн хүзүүний хавдраар өвдөх эрсдэл өндөр байгааг харуулж байна.
-Вакцин хийхгүй байснаар үүсэх сөрөг нөлөөлөл нь юу вэ?
-Вакцин хийхгүй тохиолдолд энэ вирусийн тархалт буурахгүй. Тиймээс дараагийн 10 жилд хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавдар буурахгүй. Бидний гол хийх арга хэмжээ бол эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг сайжруулах. Нөгөө талаас хүн амын дунд вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх нь үндсэн сэргийлэх арга юм. Хэрвээ боломж бололцоо нь байдаг бол хөвгүүддээ ч энэ вакциныг хийж, ХПВ-ээр үүсгэгддэг хавдраас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.
– Ярилцсанд баярлалаа.