Таны нас арав арван жилээр нэмэгдэхээс үл хамааран дотно харилцаагаа гал халуунаар хадгалахыг эрхэмлэх нь амьдралыг тэтгэх үндэс болдог. 22 настай гэнэн залуу үе эсвэл 52 настай амьдралын шинэ шатанд шилжихээс үл хамаарч бэлгийн амьдралаа идэвхтэй хэвээр хадгалахын тулд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Наснаас хамаарсан бэлгийн амьдралын талаарх нийгмийн тогтсон ойлголтоос ангижрах хэрэгтэй.
Цаг хугацаа өөрчлөгдөж, өнөөгийн нийгэмд 20-30 настай залуучуудын стрессийн ачаалал ихээр нэмэгдэх болж, хэт завгүй болсноос хань ижил, хайрт амрагтайгаа хамт өнгөрүүлэх цаг нь богиносч, ядарч байгаагаа шалтаг болгон бэлгийн амьдралаа хойш тавих магадлалтай. Харин 50 нас гарснаас хойш амьдрал тогтож, гэр бүлийн орчин өөрчлөгдсөнөөс идэвхтэй амьдрах бололцоотой болох эсвэл гэр бүл салж, шинэ амьдрал дахин эхлэх зэрэг бэлгийн амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгдөж байгаа. Амьдралын үе шат болгонд наснаас хамаарах бэлгийн хавьтлын олон асуудал, сорилтууд тулгарч байдаг. Бид түгээмэл тохиолддог асуудлуудыг онцолж тэдгээрийн хэрхэн шийдэж болох талаар мэргэжилтнүүдийн өгдөг зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр зөвлөмжүүдийг дагавал эрүүл бөгөөд сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байхад тань тусалж магадгүй.
20 НАС
Сайн тал нь. 20 насандаа ихэнх залуучууд өөрт тохирох ЗӨВ хүнээ хайсаар бэлгийн олон хавьтагчтай, олон давтамжаар бэлгийн идэвхтэй харьцаанд орох хандлагатай байдаг. Бэлгийн дур сонирхол өндөр байх бөгөөд бэлгийн хавьтлын тоо нэг долоо хоног болон нэг шөнөдөө харьцангуй их байх нь хэвийн зүйл байдаг.
Муу тал нь. 20 насыг нэг хүнд уягдалгүй, ганц бие өнгөрүүлэх нь зугаатай мэт боловч бэлгийн харьцааны дур сонирхлын мөн чанарт сөрөг нөлөө үзүүлэх муу талтай. Өөрөөр хэлбэл, сайн танигдаагүй хүнтэй бэлгийн амьдрал эхэлж, харилцаагаа удалгүй таслахад эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл суларч, бэлгийн амьдралд сөргөөр хандах болдог. Энэ насанд бэлгийн олон хамтрагчтай байхыг хэвийн гэж үздэг болсон ч ихэнх залуучууд, ялангуяа эмэгтэйчүүд тохиолдлын бэлгийн харьцаанд орсныхоо дараа таагүй мэдрэмжтэй үлддэг. Ухамсартай хүний хувьд бэлгийн харьцаа нь эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь эерэг бөгөөд маш хүчтэй сэтгэл хөдлөлийг бий болгодог биологийн анхдагч хэрэгцээ байхад тохиолдлын хавьтлаас уг сэтгэл хөдлөлийг мэдрэлгүй эмэгтэйчүүд ашигдлагдсан мэт мэдрэмжтэй үлдэх нь элбэг. Тиймээс залуучууд, ялангуяа бүсгүйчүүд бэлгийн амьдралд нухацтай хандаж, сайн таниагүй хүнтэйгээ бэлгийн харьцаанд яаран орохгүй байх хэрэгтэй. Энэ насанд эмэгтэйчүүд өөрийн гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун бус, өөртөө итгэлгүй байдгаас бэлгийн харьцаанд орохоос ичих, хүслээ хязгаарлах нь элбэг. Мөн туранхай байхын тулд буруу хооллох, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх зэрэг амьдралын буруу хэв маяг нь бэлгийн дур хүслийг бууруулах хүчин зүйл болно. Болгоомжилж, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах дааврын эм бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэй ч, тохирохгүй дааврын бэлдмэл эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг бууруулж болохыг анхаараарай.
ЗӨВЛӨМЖ. Хэрэв таны хэрэглэж байгаа жирэмслэлтээс хамгаалах эм бэлгийн дур сонирхлыг бууруулах сөрөг нөлөөтэй нь ажиглагдвал, эмчээс зөвлөгөө авч, эстроген дааврын илүү өндөр тунтай эмээр солих, эсвэл жирэмслэлтээс хамгаалах бусад арга хэрэгслүүдээс сонгох арга хэмжээ авч болно. Харин удаан хугацаанд хамт байгаа итгэлтэй хамтрагч л биш бол бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд бэлгэвч хэрэглэх шаардлагатайг санахад илүүдэхгүй.
30 НАС
Сайн тал нь. 20 настай байснаас илүү өөртөө итгэлтэй болж, тогтвортой харилцаатай хүнтэй учирч, хайр сэтгэлээр дүүрэн бөгөөд аюулгүй бэлгийн амьдралтай болсон байдаг. Мөн энэ үед эрүүл амьдралын хэв маягтай болж, илүү эрч хүчтэй байх тул бэлгийн амьдрал идэвхжсэн байдаг.
Муу тал нь Энэ насанд эмэгтэй хүний амьдралд эх хүн болох үүрэг хариуцлага, хүүхэд давамгайлах байр суурийг эзэлдэг. Магадгүй зарим нь жирэмслэхээр төлөвлөсөн, нөгөө хэсэг нь жирэмсэн, эсвэл хүүхдээ асарч байгаа. Эдгээр бүх үйл явдлууд нь бэлгийн амьдралд асар ихээр нөлөөлнө. Жирэмслэлтээс хамгаалахыг зогсооход, бэлгийн дур хүсэл идэвхжин, бэлгийн амьдрал мэдэгдэхүйц идэвхжинэ. Жирэмсэн болох боломжтой гэсэн бодол нь бэлгийн харьцааг илүү сэтгэл хөдлөм, учир утгатай болгож, та болон таны хань ижил хоёулаа үүнд илүү их ач холбогдол өгснөөр бэлгийн хавьтлыг улам идэвхжүүлнэ. Зарим тохиолдолд хүссэн хугацаанд жирэмсэлж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Үр тогтох боломж багасч, цаг алдаж байгаад санаа зовох нь бэлгийн харьцааны галыг бууруулдаг. Харин хүүхэд төрүүлсэн бол хөхөөр хооллох, хөхний товч хөндүүрлэх, төрөлтийн оёдол зэргээс шалтгаалж ихэнх хосуудын бэлгийн дур хүслийн гал халуун хүсэл нь түр унтардаг. Бэлгийн амьдралыг сэргээсэн ч ядарч туйлдсан байх тул бэлгийн хавьтлын давтамж өмнөх шигээ ойрхон байж чаддаггүй.
ЗӨВЛӨМЖ. Бэлгийн амьдралаа нэн түрүүнд тавихыг гол зорилгоо болго. Амьдралын нөхцлөө зохицуулж, идэвхтэй бэлгийн амьдралаа хадгалж чадвал хань ижилдээ сэтгэл санаагаар илүү уяатай болж, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Бэлгийн амьдралыг идэвхтэй байлгах зөвлөгөөг хэрэгжүүлсэн шинэхэн ээжүүд бэлгийн харьцаанаас урьдынхаас илүү таашаал авдаг болсонд гайхаж алмайрдаг. Иймээс ханьтайгаа хоёулахнаа хамт байх богинохон ч гэсэн цаг гаргахын тулд хүүхэд харах хүн олж, гэртээ хоёулаа үлдээд алжаалаа тайлж, амрах нь хосуудын аль алинд эрч хүч өгнө. Мөн энэ үед биед энергиин үйлдвэрлэлд нэн шаардлагатай В амин дэмийн нэмэгдэл бүтээгдэхүүн хэрэглэх нь тустай.
40 НАС
Сайн тал нь Энэ насанд гэр бүлийн амьдрал жигдэрсэн байдаг тул эмэгтэйчүүд биеийн хүлээснээс ангижирч, сэтгэл амарч тайвширсан байдаг. Хүүхдүүд бага хэвээр байдаг ч шөнө бүтэн нойртой амарч чаддаг болсон байна. Бие эрүүл, залуу хэвээрээ, эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөг жигд хэвээр, дааврын хэлбэлзэлгүй байх тул 40 насанд бэлгийн амьдрал 20 настай юм шиг халуун, эрчтэй, идэвхтэй байж чадна.
Муу тал нь Энэ арван жилд эмэгтэйчүүд өөрийгөө мартаж бусдын төлөө амьдрах хандлагатай болдог. Эмэгтэйчүүд үр хүүхдээ асарч, гэр орны ажлаа нугалж, эр нөхрийнхөө ажилд түшиг болохын хажуугаар өөрийн ажлын амжилтын төлөө зүтгэсээр байдаг. 40 настай эмэгтэйчүүд өөрийгөө анхаарч, төвлөрөхөө больсон байдаг тул бэлгийн дур хүсэл буурах нь бий.
ЗӨВЛӨМЖ. Хүүхэд төрүүлж шээс, бэлгийн замын булчин суларч, эстроген дааврын түвшин багасдаг тул бага аарцгийн булчингийн дасгалуудыг хийх нь маш чухал. Энэ дасгалын үр дүнд дур тавилт эрчтэй болж, бэлгийн хавьтлыг идэвхтэй хадгалж чадна. Аарцгийн булчингуудыг зөв олохын тулд шээж байгаад шээсээ таслахад оролцож байгаа булчингуудыг мэдрэн, тэдгээрийг чангалж, суллах дасгалуудад суралцах хэрэгтэй. Хэрвээ та энэ дасгалыг өдөрт хэдэн удаа, өдөр бүр хийж заншвал 3-4 сарын дараа үр дүнг нь мэдэрнэ. Бага аарцгийн булчин чанга байх нь үтрээний хэвийн бүтцийг хадгалж, бэлгийн харьцааны үед та болон таны хамтрагч илүү их таашаалыг мэдрэх болно. Пилатис дасгалын төрөл нь бага аарцгийн булчинг чангалах маш өндөр үр дүнтэй байдаг.
50 НАС
Сайн тал нь. Бэлгийн амьдрал энэ насанд хэвийн, сайхан мэдрэмжтэй хэвээр байх боломжтой. Эмэгтэйчүүд байгалийн жамаар цэвэршилтийн шинж тэмдгүүдийг даван туулсны дараа бэлгийн эрчим хүч нь дахин шинээр сэргэдэг. Хүүхдүүд өсч томроод биеэ дааснаар илүү завтай болно. Ажлын ачааллаа багасгаж, өмнөхөөсөө бага цаг ажилладаг эсвэл зарим нь тэтгэвэрт гарсан байх тул бэлгийн амьдралдаа анхаарал хандуулах хангалттай цагтай болно. Ганц бие үлдсэн, хань нөхрөөсөө салсан байсан ч бэлгийн амьдралыг хорьж болохгүй. Шинэ харьцаа шинэ мэдрэмж төрүүлж, бэлгийн амьдрал төсөөлж байснаас ч илүү сэтгэл хөдөлгөм болж чадна.
Муу тал нь. Цэвэршилтийн улмаас биед гарах өөрчлөлт, цэвэршилтийн зовиур шинж тэмдэг нь өөртөө итгэх итгэлд нөлөөлж болзошгүй. Биеийн галбир өөрчлөгдөж, халуу оргих, шөнө хөлрөх зэрэг зовиурууд таныг тавгүйтүүлж мэднэ. Мөн эстроген даавар буурснаас үтрээ хуурайшин бэлгийн хавьтлыг өвдөлттэй, таагүй болгож болно.
ЗӨВЛӨМЖ. Үтрээний зовиур болон хуурайшилтыг бэлгийн амьдралаас зайлсхийх шалтаг болгож болохгүй. Үтрээний тохирсон чийгшүүлэгч олж хэрэглэх нь зүйтэй. Мөн Омега-7 (чацарганы тос) агуулсан нэмэлт бүтээгдэхүүн нь үтрээний салстын шүүрлийг идэвхжүүлж, үтрээний чийгшлийг хадгалахад тустай. 50 нас хүрлээ гээд эмэгтэйчүүд бүх юмыг ардаа орхидог уламжлалт хандлагыг өөрчилж, амьдралын шинэ шатанд орж илүү сонирхолтой, адал явдалтай амьдардаг болох хэрэгтэй. Бэлгийн амьдралаас бүрэн таашаал авдаг болох хэрэгтэй. Эрэгтэйчүүд бэлгийн эрч хүчийг нэмэгдүүлэх нийлэг, хүчтэй эм бэлдмэл хэрэглэхээсээ өмнө ургамлын тэжээлүүд хэрэглэж үзээрэй. Гэр бүлийн хоёр Гинко Билоба ургамлын бэлдмэл хэрэглэвэл тархины болон бэлгийн замын цусан хангамжийг эрчимжүүлэхэд тустай байдаг. Калифорнийн Их Сургуульд хийсэн судалгаагаар цусны эргэлтийг сайжруулснаар бэлгийн дур хүсэл нэмэгдэж, бэлэг эрхтэний хөвчрөл сайжрах үр дүнтэй байдгийг баталжээ.
Залуу хөгшин гэлтгүй амьдралын аль ч үе шатанд бэлгийн амьдралд нөлөөлөх олон янзын бэрхшээл, сорилт тулгарч болно. Гэвч эрүүл бөгөөд сэтгэл хангалуун амьдралынхаа төлөө тэдгээр бэрхшээлүүдийг ялан дийлж, бэлгийн амьдралаа дээдэлж яваарай.